Красноярск: Эрдэм шинжилгээний хурал “Инноваци, боловсрол, спорт” уриан дор боллоо

Дэлхийн оюутны өвлийн спортын 29 дэх Универсиадын үеэр оюутны бие бялдар, эрүүл мэнд, мөн оюутны спортыг хэрхэн сайжруулах талаар хэлэлцдэг чухал арга хэмжээ болох эрдэм шинжилгээний хурал Красноярск хотноо боллоо

Эрдэм шинжилгээний хуралд МУБИС, ШУТИС, ХААИС, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургууль, Мон-Алтиус зэрэг таван их, дээд сургуулийн 13 эрдэмтэн багш, судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүллээ. Дэлхийн 50 гаруй улс орны спортын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид нэг дор цугларсан, ихээхэн ач холбогдолтой томоохон арга хэмжээ хэмээн уг үйл ажиллагааг үздэг байна.  Оюутнуудын бие бялдар болон оюутны спортыг хөгжүүлэх талаар дэлхийн хэмжээнд авч хэлэлцэх зорилготойгоор уг эрдэм шинжилгээний хурлыг 2 жилд нэг удаа зохион байгуулсаар иржээ.

Монголын оюутны спортын хорооны тэргүүлэгч Л.Цэрэнсодном "Энэ удаад дэлхийн 50 орчим орны спортын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа судалгаа хийдэг хүмүүс цугларсан томоохон арга хэмжээ боллоо. Манай олон багш нар өөрийн илтгэлтэйгээр оролцож байгаа. Универсиад наадмын хажуугаар оюутнуудын бие бялдар болоод  оюутны спортыг хөгжүүлэх талаар дэлхийн хэмжээнд авч хэлэлцдэг. Үүнд Монголын их дээд сургуулиуд ихээхэн ач холбогдол өгч байгаа" гэв.

Мөн Монголын багш эрдэмтэн, судлаачдын хувьд энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсоноороо 2020 онд Монгол улсад болох Хүүхдийн их наадмыг зохион байгуулах туршлага хуримтлуулах ач холбогдолтойг онцолсон юм.

ШУТИС-ийн ахлах багш, сагсан бөмбөгийн ОУ-ын шүүгч Б.Ганзориг "Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд би ажиглагчаар ирсэн. Монголын их дээд сургуулийн багш нарын постер илтгэлүүд энд гарсан. Олон улсын эрдэмтэн судлаачдын постер илтгэлүүд тавигдсантай танилцлаа. Цаашдаа постер илтгэл тавих сонирхол их байгаа учраас энэ талаар судалж байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын гол илтгэлүүд инноваци дээр голлон чиглэж байгаа. Энэ тал дээр илүү анхаарч ажиглаж сууна"

Энэ сарын 5-наас 7-ныг хүртэл үргэлжлэх энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал боловсрол болон спортын салбарыг инновацид тулгуурлан хэрхэн сайжруулж, хөгжүүлэх тухайд чиглэн, салбарын эрдэмтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүлж, байр сууриа илэрхийлж байна. Монголын төлөөлөгчдөөс Л.Туяа багш илтгэлээ хэлэлцүүлэхээр болсноос гадна, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш нар болох Р.Лхагвасүрэн, Д.Өлзийжаргал, Түвшинжаргал, Хулан нар пост илтгэлээ толилууллаа.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)