Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадамд оролцож байгаа тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа шорт-трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдлөө.Тэрээр энэ төрөлд улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцдог цор ганц тамирчин юм.
Тэшүүрийн багш, дасгалжуулагч Д.Сансарбилэг "Манай тамирчин Б.Гэрэлтуяа 500 метрийн зайд нийт 32 тамирчны нэг болон уралдаж байгаа. Нэг гараанд 4 тамирчин уралддаг. Тэрээр хувийн дээд амжилтаа ахиулах, шорт трейк төрөлд спортын дэд мастер цол хангах зорилготой ирсэн" гэв.
Тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа хоёрдугаар гараанд гарч, гараандаа ОХУ, БНХАУ болон БНСУ-ын тамирчдын хамтаар уралдсан юм. Түүний гарааны тамирчдаас ОХУ болон БНХАУ-ын тамирчин дараагийн хэсэгтээ шалгарсан бол, тэмцээний финалын дүнгээр Францын тамирчин 43.9 секундээр нийт 32 тамирчныг хошуучлан алтан медалийн эзэн боллоо. Харин удаах байруудад ОХУ, БНСУ, Чехийн тамирчид шалгарсан байна.
Тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа "Өнөөдөр 26 тамирчин оролцсон. Өөрийнхөө хэмжээнд дажгүй сайн явлаа. Тэмцээнд Монголд бэлтгэл хийснээ бодоход илүү хурдтай байсан санагдсан. Монголд бэлтгэл хийж байсан замын хувьд маш их ялгаатай байлаа. Цаашдаа бэлтгэл хийхдээ түлхэлт болон хурд дээрээ анхаарах хэрэгтэй санагдсан" гэлээ.
Шорт-трейкийн төрөлд улсаа төлөөлөн оролцож байгаа тэшүүрийн спортын мастер Гэрэлтуяагийн хувьд өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд улсаа төлөөлж, эхний байруудад орон амжилт гаргаж байсан туршлагатай. 2017 оны Азийн өвлийн наадамд Япон, Казахстан, Филиппиний тамирчидтай өрсөлдөж, гуравдугаар байранд орж байжээ. Түүний хувьд оюутны өвлийн спортын Универсиадад оролцох бэлтгэлээ өнгөрсөн зунаас эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 12 дугаар сараас мөсөн дээр гарч, энэ оны 1 дүгээр сараас шорт-трейкээр бэлтгэлээ эхлүүлсэн тухайгаа хуваалцсан юм. Тэрээр энэ удаагийн тэмцээнд шорт трейкийн 500 болон 1000 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцож байгаа цор ганц тамирчин болж байна.