В.Меньшов: “Амьдрал нулимсанд дургүй” Оскарын шагнал авахад санхүүгийн амжилт нь голлон нөлөөлсөн

Владимир Меньшов сайн жүжигчин, агуу найруулагчаас гадна эх оронч үзэлтэй нэгэн. Тэрээр 2007 оны “MTV Movie awards” ёслол дээр “Адгийн шаарнууд” кинонд шагнал гардуулахас татгалзсан. Дугтуйнаас “Адгийн шаарнууд” гэсэн нэр гарч ирмэгц дугтуйг газар хаяж, “Ийм кинонд шагнал гардуулах нь эх орны минь хувьд булай, ичгүүртэй хэрэг юм” хэмээн хэлээд Памела Андерсонд үүргээ шилжүүлж байжээ. Түүний ярилцлагуудаас сонирхолтой хэсгийг түүвэрлэн авснаа уншигчдадаа хүргэж байна.      

-Би амьдралдаа хоёр удаа үхэлтэй нүүр тулсан хүн. 12 настай байхдаа хумхаа өвчин тусч нэг үхэх дөрсөн. Тэр үед энэ өвчний дэгдэлт их байсан юм. Дараа нь уушгины үрэвслээр явах шахсан. 1945 оны үед томуу өвчин үхлийн аюултай байлаа. Улаан стрептоцид гэдэг эмнээс өөр эм байдаггүй, эмч хүртэл найдваргүй гээд хагалгаа хийхээс татгалзаж байсан. Гэвч гайхамшиг болж, би эдгэрсэн. Миний бие өвчинд дасан зохицох чадвартай юм шиг байгаа юм.  

-Би Кино урлагийн дээд сургуульд анхны оролдлогоороо орж чадаагүй юм шүү дээ. Дунд сургуулиа мөнгөн медальтай төгссөн би уралдаант шалгалтандаа уначихаад төрөлх Астраханьдаа ирж усан цэргээр ажилласан. Эцэг маань усан цэрэг байсан болохоор далай надад ойрхон санагддаг байсан юм. Дараа нь токарьчин болж, сүүлд Воркутад очиж уурхайчин ч хийсэн. Гэсэн ч энэ хугацаанд хэзээ нэгэн цагт урлагт хүчээ сорино гэсэн багын мөрөөдлөө орхиогүй. Бага байхад манайх телевиз худалдаж авснаас хойш би телевизээр гардаг хүн болно гэж мөрөөддөг болсон юм л даа. Дөрвөн жил “төөрч” явсны эцэст 1961 онд мөрөөдөл болсон сургуульдаа элсдэг юм байна. Улмаар кинонд тоглож багынхаа мөрөөдлийг гүйцээлээ. Гэтэл надад найруулагчийн ажилд хүчээ сорих шинэ мөрөөдөл бий болсон байсан. Хэдийгээр цөөн кино найруулсан ч хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаг.

-Эхнэртэйгээ эхлээд найз нөхдийн харьцаатай байсан ч хоёрдугаар курсээс “учир ургаж” эхэлсэн. Вера шилдэг оюутнудын нэг байсан болохоор багш нар энэ харьцааг мэдээд шоконд орсон байх. Түүнийг Москвагийн кино урлагийн дээд сургуульд суралцуулна гэж төлөвлөж байсан юм билээ. Тиймээс би Верагийн хувьд “Хүзүүн дээр нь дарсан чулуу” болж хувирсан нэг үе байсан юм шүү.

Владимир, Вера, Юлия Меньшовууд.

Гэвч хань минь миний чадварт итгэсэн. Би ч жүжиглэлт миний төгс чадах зүйл биш юм байна гэдгийг мэдрээд найруулагч болохоор шийдэж, Михаил Роммаас суралцаж эхэлсэн дээ. 50-иад оны үед Пырьевын маягийн кино давамгайлж байсан гэж үзвэл 60-аад онд олныг үлгэрлэгч нь Михаил Ромм байсан юм. Алексей Баталовын тоглосон “Нэг жилийн есөн өдөр” үнэхээр гайхалтай. Найруулагчийн хувьд үлгэр жишээ авдаг №1 хүн маань Михаил Ромм байлаа. Сүүлд түүнтэй дотно танилцаж сайн нөхөд болсон.

Найруулагч Михайл Ромм.

Мөнгөний хэрэгцээ гарахаар түүнээс зээлдэг байлаа. Анх Верагийн 25 насны төрсөн өдрөөр “Шанель 5” үнэртэй ус авч өгөхөөр мөнгө зээлсэн. “Хүссэнээрээ ав” гээд өгч байж билээ. Түүнээс хойш хэрэгцээ гарахаар Михаил Ильчичаас зээлдэг болсон, хэмжээ нь ч нэмэгдсэн. Би мэдээж авснаа буцааж өгдөг байсан, гэхдээ нас барсных нь дараа 200 рублийн өртэй хоцорч билээ. Гэхдээ гэр бүлийнхэнд нь өгсөн. Хэдийгээр би стипенд, онц сурсны нэмэгдэл авдаг оюутан байсан ч гэр бүлд маань мөнгө хүрэлцдэггүй байсан юм.  

-“Амьдрал нулимсанд дургүй”-ийн дүрийн сонголтын талаар хүмүүс яриулах их дуртай. Би эхлээд эхнэрээ энэ дүрд тоглуулна гэж бодож байгаагүй. Киноны гол дүр Катеринагийн дүрд тоглох саналыг эхлээд Ирина Купченко, тухайн үед ид нэрд гарч байсан Маргарита Терехова нарт тавьсан ч хоёулаа татгалзсан. И.Купченкод зохиол таалагдсангүй, харин Маргаритагийн хувьд “Шадар гурван цэрэг” киноны гол дүрийг илүүд үзсэн л дээ. Ингээд Валентина Теличкина, Наталья Сайко, Вера Алентова нар дээр  тогтсон.

Гэхдээ тэдний хэнийг сонгох нь эрэгтэй гол дүр буюу Гошагийн дүрд тоглох жүжигчнээс хамаарч байсан юм. Би Гошагийн дүрд эхлээд Виталий Соломиныг тоглуулахаар пробонд авч явж байлаа. Надад ч тоглох боломж байсан. Гэтэл нэг удаа гэртээ орж ирээд зурагтаа саатал Алексей Баталовын тоглосон кино гарч байхыг хараад “Яагаад А.Баталов байж болохгүй гэж” гэж бодсон. Жаахан анхааралтай ажиглаад би хайсан хүнээ олчихлоо гэж өөртөө хэлсэн дээ.

Тэр үед А.Баталов нам, олон нийтийн чиглэлээр ажиллахаар шийдчихсэн, томхон дүрд тоглоогүй удчихсан байсан үе. Дарга болох ажлын санал ч ирсэн байсан гэдэг. Гэсэн ч тэр тоглохыг зөвшөөрсөн юм шүү. Пробын үеэр В.Соломин, Н.Сайко нар муугуй зохицож байсан ч Гошагийн дүр өөрчлөгдсөнөөр хамтрагчийг нь ч өөрчлөхөөс өөр арга байгаагүй. А.Баталовт хамгийн сайн тохирох хос нь Вера байсан. Бас нэг гол дүр Александра бол зовлон үзээгүй, амьдралын баяр баясгалангаар дүүрэн охины дүр. Миний найруулсан “Сугалаа” кинонд залуухан, авьяаслаг жүжигчдийн бүхэл бүтэн “баг” тоглосон юм. Тэр үеэс Наташаг мэдэх болсон болохоор “Амьдрал…”-д тоглуулна гэж эхнээсээ шийдчихсэн байлаа. Киноны зураг авалт эхэлчихсэн явж байхад Александрагийн дүрд тоглох хүн тодорхойгүй л байлаа. Би залуу хүүхэд юм болохоор нь шууд л зөвшөөрнө гэж бодож байсан хэрэг. Гэтэл харин нөгөө “хүүхэд” чинь татгалзаж гайхшийг минь бардаг байгаа. Би бүр ятгаад, гуйгаад бараагүй. Аав ээж нь ч кинонд тоглуулах дургүй. Аав ээж нь түүнийг Олон улсын харилцааны дээд сургуулийн уралдаант шалгалтад оруулахаар бэлтгэж байсан юм билээ. Гэр рүү нь ярихаар харилцуурыг эцэг эх нь л аваад “Үгүй” гэж хэлнэ.

Тэгээд Александратай хэсгийн зураг авалт дөхчихсөн сандарч байх үед гэнэт надад Натальягийн гэр рүү А.Баталовыг явуулах санаа төрсөн юм. Энэ уулзалт амжилттай болсон шүү. Супер од гэрт нь орж ирээд охиныг нь жүжигчин болно гэж хэлэхэд ямар аав ээж татгалзах билээ? Эцэст нь, Наталья Александрын дүрд тоглохоор болсон. Түүгээр ч барахгүй Олон улсын харилцааны биш, Москвагийн театр урлагийн дээд сургуульд орж жүжигчин болсон юм даа.

-Эхнэртэйгээ хамт ажиллах гэдэг ямар хэцүү болохыг “Амьдрал...” надад хангалттай ойлгуулсан. Бид хоёул залуухан байсан болохоор киноныхоо талаар маргана, хэрүүл шуугиан тарьж байсан ч удаа бий. Бас “Найруулагчийн эхнэр учраас л гол дүр авсан” гэсэн ачаа биднийг үргэлж дагаж байсныг нуухгүй.

-“Амьдрал...”-ыг “Оскар” авсан тухай надад утсаар хэлсэн. “АНУ-ын ЭСЯ-наас ярьж байна. Таны кино Америкийн кино академийн “Гадаадын шилдэг кино” шагналыг авахаар болжээ” гэсэн. Тэр өдөр нь “Тэнэгүүдийн өдөр” (Инээдмийн өдрийг оросууд ингэж нэрлэдэг аж) байж таарсан болохоор эхлээд итгээгүй. Харин “Оскар” дөнгөж эхлэл байж, өөр олон оронд шагнал гардсан шүү.

 

Нэрийн хуудас:

Бүтэн нэр: Владимир Валентинович Меньшов

Төрсөн он: 1939 оны есдүгээр сарын 17

Төрсөн газар: Баку, Азербайжан

Уран бүтээл: Жүжигчний хувиар 100 гаруй кинонд тоглож, “Сугалаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Хайр ба тагтаанууд”, “Ширли Мырли” зэрэг долоон кино найруулсан.

Гавьяа шагнал: ОХУ-ын Ардын жүжигчин (1991), Америкийн кино Академиас олгодог “Оскар” болон Олон улсын наадмуудаас шагнал хүртэж байжээ.

-“Амьдрал...” Оскарын шагнал авахад санхүүгийн амжилт нь голлон нөлөөлсөн гэдгийг хэлье. Надад АНУ-аас өгсөн “Оны хамгийн ашигтай кино” гэдэг шагнал ч бий. Зөвлөлтийн кино ингэж их ашиг олсон нь америкчууд намайг тоож, Оскарт нэр дэвшүүлэх гол сэжим болсон. Энэ бол миний хувьд таатай явдал байсан ч авчих нь чинээ санаагүй. Тэр жил Акира Куросава, Франсуа Трюффо, Иштван Сабо нарын агуу найруулагчидтай өрсөлдөж ялалт байгуулсан. 

Америкчууд санхүүгийн үзүүлэлтийг их чухалчилдаг хүмүүс шүү дээ. “Амьдрал” хагас сая рублиэр бүтээгдсэн ч дэлгэцэнд гарсан эхний жилдээ л 50 сая рубль олж байлаа. Дараагийнхаа жилд ч сая гаруй хүн үзсэн гэсэн тооцоо байдаг юм. Хоёр жил гаруй телевизэд шилжээгүй гээд л бод. Миний киноны өмнө “Чамайг даа” хүүхэлдэйн кино л орсон байдаг юм. Зөвхөн “Амьдрал…” ч биш “Хайр ба тагтаанууд”, “Надууш хаана байдаг вэ” ч багагүй амжилт олж байлаа.

"Хайр ба тагтаанууд" киноны агшин. 

-Тэр үед “Оскар” бидний хувьд одоогийнх шиг нэр хүндтэй шагнал байгаагүй. “Алтан хүн”-ий баримлыг ч тухайн үедээ хэдхэн минут л атгаж үзсэн. Албан ёсоор гардуулах ёслолын дараа хураагаад авчихсан юм. Тэгээд арван жилийн дараа ОХУ-ын кино академийн дээд шагнал “Ника”-г гардуулах анхны ёслолын үеэр хоёр дахиа барьж үзэх завшаан тохиож байлаа. Надад “Буцааж өгөх ёстой” гэж хэлсэн би гэртээ ганцхан хонуулчихъя гэж гуйгаад аваад явж байлаа. Тэгээд буцааж өгөөгүй.

-Бүх кино урлагийн зөвлөлөөр орж, шалгуулдаг дүрэмтэй байлаа. Би ч овоо сайн бүтээл хийсэн гэж маадгар суутал эхний үзлэгээс цаг, 45 минут болоод гарч ирэх нь тэр. Хоёр цаг, 30 минутын киног ингэж хасна гэдэг “алж” байгаагаас ялгаагүй юм. Тэр ч бүү хэл олон нийтэд үзүүлэхгүй байж ч мэдэхээр байсан гэж байсан шүү. Харин азаар Леонид Ильич өөрөө үзээд бүтнээр нь гаргахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ хөрөнгөтөн оронд гаргахдаа “социалист” нийгмийн сул талуудыг харуулсан байж болох хэсгүүдийг нь хасч гаргадаг байсан түүхтэй. “Леонид Ильич маш өндөр сэтгэгдэлтэй байна. Түүнд таны кино таалагдсан” гэж хэлэхийг сонсоод бие хөнгөрөөд л явчихаж билээ.

"Надууш хаана байдаг вэ" /"Где находиться нофелет"/ киноны агшин.

-Надад бусдыг өөртөө татах, дуулж хуурдах ч гэдэг юм уу ямар нэгэн онцгой чадвар байхгүй. Үүнээсээ болж нэгэн цагт жүжигчнийхээ хувьд сэтгэлээр унаж байсан удаатай. Эцсийн эцэст, жүжигчин бол хамгийн сайхан мэргэжил биш юм гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл энэ мэргэжлээр “эцэст нь тултал” явж болдоггүй юм. Гэхдээ надад өөрийн гэсэн онцлог бий, тэр нь наддаа хангалттай. Хожим л ингэж бодож байгаа юм. Станиславскийн хэлснээр өөрийгөө олсон хэрэг юм уу даа. Маршал, генералын дүрд тоглож явлаа.

-Би удахгүй 79 нас хүрнэ, гэхдээ амьдралын идэвхитэй хэвээрээ. Кино, сурталчилгаанд тоглож байгаа. Бас Бүх Оросын кино урлагийн дээд сургуульд багшаар ажилладаг. Вера бид хоёр оюутнуудад тусладаг, яг л нэгэн цагт Михаль Ильич Ромм бидэнд тусалдаг байсан шиг. Би авьяастай хүүхэд олж, амьдралыг нь өөрчилж өгөхийг хүсдэг, энэ бол амьдралын гол утга учир юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. uzed uidashgui ih goe kino uzseer bh bolno

    0 0 Хариу бичих
  2. охин нь оросын төв телевизийн цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг

    0 0 Хариу бичих
  3. Өөрийгөө олж чадна гд сайхан хэрэг. Хүү маань хэн юм бол доо гэж бодох юм даа.

    0 0 Хариу бичих
  4. Орос эхнэрийн гавьяа

    0 0 Хариу бичих
  5. Ерөөлөөр учирсан үнэхээр сайхан хосууд юм

    0 0 Хариу бичих
  6. Г.К Жуков маршалийн дүрд тоглож бсан бхдаа их л адилхан харагдаад бх юм.

    1 0 Хариу бичих
  7. Сайхан хувь тавилантай Азтай л хүн юм даа

    2 0 Хариу бичих
  8. гайхалтай

    0 0 Хариу бичих