Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт” цуврал сурвалжлагаа уншигч танд хүргэж байгаа билээ.
Нэгдүгээр хорооллын арын замаас 32 дугаар байр хүртэлх нэг км замд хэчнээн дэн буудал байгааг сурвалжиллаа. Энэ хэсэг Сонгинохайрхан дүүргийн 12-13 дугаар хороонд хамаардаг бөгөөд дүүргээс энэ хэсэгт 14 дэн буудал, 2 зочид буудал байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Харин бидний сонгосон нэг км замд 13 дэн буудал байлаа. Гаднаа зочид буудал гэж сүржин хаяг тавьсан ч үүдэндээ дэн буудал гэсэн менюгээр үйлчлэх аж.
Нийслэлийн аялал жуулчлалын газраас авсан тоон мэдээллээр Улаанбаатар хотод 221 зочид буудал, 215 дэн буудал бүртгэгджээ. 2018 онд нийслэлд 5 одтой 7 зочид буудал бүртгэгдсэн байна.
Буудал нь ангилал, зэрэг, үзүүлэлтээрээ ялгаатай бөгөөд зочид буудлыг 80 үзүүлэлтээр, дэн буудлыг 56 үзүүлэлт хангасан эсэхийг шалган үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаатай олгодог аж.
Дэн буудал /Guest house/ гэж төв суурин газарт байрласан, өглөөний хоол бүхий хязгаарлагдмал үйлчилгээний байгууламжийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Жилд 600 гаруй аж ахуйн нэгж зочид буудал, дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсдэгээс 400 нь л шаардлага ханган эрхээ авдаг талаар албаны хүн онцолсон юм.

Харин цагдаагийн байгууллагад буудлын үйлчилгээтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, худалдаа үйлчилгээний журам зөрчсөн зөрчил ихээр бүртгэгддэг талаар НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлсэн.
Тодруулбал, зочид буудал болон дэн буудалд 2015-2018 он хүртэл 1284 гэмт хэрэг, 835 зөрчил бүртгэгдсэн байна. Жил ирэх тутам гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа аж. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хохирлын хэмжээ өсөж, өмнө нь зөрчилд бүртгэдэг байсан хэрэг өдгөө гэмт хэрэг болсонтой холбоотой гэлээ. Мөн хуулийн зүйл заалттай холбогдуулаад хэргийн тоо өсөх хандлага ихэссэн байна.

Дэн буудлын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, Тамхины хяналтын тухай хуулиар тамхи татахыг хориглодог ч эдгээр зөрчлүүд түгээмэл.
2018 онд зочид буудал, дэн буудалд нийт 605 гэмт хэрэг, 416 зөрчил бүртгэгджээ.
Зочид буудал, дэн буудлуудад гар утас эд зүйлээ алдах, танхайрах, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, согтуугаар үйлдэгддэг гэмт хэргүүд зонхилдог байна.
Зочид буудалд гарсан гэмт хэргүүдийн тухай эргэн сануулахад 2017 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Очир төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 21-нд болж, 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдийг буудалдаа оруулж, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн “Очир” зочид буудалд Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулахаас өөр арга хэмжээ аваагүй байна гэж талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа хэлсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй тус зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж түрээслэгч нь солигдсон байна.

Хамгийн ойрын жишээ бол өнгөрсөн хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой нярайг төрүүлсэн эх нь үлдээж явсан хэрэг гарсан.Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй өрөөнд ормогцоо “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад ор сураггүй болжээ.Цагдаагийн байгууллагаас нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл эх нь олдоогүй эрэн сурвалжилж байгаа гэв. Хүүхдээ санаатайгаар буудлын өрөөнд орхисон эхийг Хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутган шалгах бол уг дэн буудалд хариуцлага тооцохгүй. Дэн буудлынхан бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр буудалдаа авч үлдэх нь хариуцлага тооцох шалтгаан биш гэнэ.

Дэн буудал ажиллуулах ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандарт буюу 2007 онд баталсан стандартыг өнөөдрийг хүртэл баримталдаг. Түүнчлэн энэ стандартаар "Guest House" буюу зөвхөн гадаадын жуулчин хүлээж авах үйлчилгээний эрхийг олгодог гээд учир дутагдалтай, шинэчлэх шаардлагатай зүйлс олон байгааг салбарынхан нь хэлсэн.

Нийслэлийн захын хороололд байрлах "Зочид буудал" хаягтай дэн буудлууд хоногийн 5-25 мянган төгрөгөөр иргэдэд үйлчилдэг. Хэрвээ эдгээр буудлуудад гэнэтийн шалгалт оруулан стандартын 56 шаардлагыг хянахад тэнцэх нь хэд байх нь таашгүй. Тиймээс дэн буудлын стандартаа шинэчлэн орой үдшийн цагаар мөнгөө хэмнэсэн залуусын уушийн газар, архидан согтуурч танхайрах оромж биш утгаар нь иргэдэд үйлчлэх ая тохитой газар болгон цэгцлэх цаг хэдийнээ болжээ.

