Баялгийн хараалаас салах арга зам ба ардын капитализм

Таван толгой, шуналтай улстөрчид хоёр байгаа цагт Монгол баялгийн хараалаас салахгүй. Яагаад гэвэл уул уурхайгаас орж ирэх асар их орлогод өөрсдийн хяналтаа тогтоон "шаах" гээд улстөрчид улам бүр улайрсаар буй. Удахгүй "Эрдэнэс-Таван толгой" ХК-иар жидүүчид эрэн зууны том луйвар хийх байгаа сурагтай!

Одоохондоо ичгүүр сонжуураа алдан "шударга" царайлаад өвөр хоорондоо, эд баялгийн төлөө "цусгүй дайн" хийх төвшинд яваа. Энэ маягаар цаашаа даамжирвал жинхэнээсээ цуст мөргөлдөөн, иргэний дайн мэт рүү шилжиж мэднэ.

Монгол хэмээх төрт улс оршин тогтнож чадахгүй болохдоо хүрэх вий. Үгүй дээ л ардчилал устаж, "хөх босоо монгол" зэрэг "цэрэгжсэн мафи" бүлгүүдийн тохиролцоогоор нийгмийн хувь заяа шийдэгддэг Нигери, Либери, Гайти маягийн хөгийн улс болох эрсдэл өндөр байна.

Монгол баялгийн хараалаас салъя гэвэл яаралтай уул уурхайн баялгийг улстөрчдөөс холдуулах хэрэгтэй. Ингэж холдуулж чадвал баялгийн хараалаас салаад зогсохгүй, улсын төсвийн "тэжээвэр амьтан" болчихоод байгаа чөлөөт зах зээл "гинж"-ээсээ чөлөөлөгдөж эдийн засгийн үсрэнгүй хөгжил эхэлнэ.

Монголчууд бид эд баялгаас шуналтай улстөрчдийг холдуулж байсан арвин туршлагатай.

Нэгдлийн малыг бид малчдад нь шууд өгөх замаар дарга нарын "нүдний хор орох"-оос холдуулж чадсан. 22сая толгой малтай байсан Монгол 70 сая орчим толгой малтай, жилдээ 30 сая толгой мал экспортлох хүчин чадалтай болоод байна.

Улсын орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй өгөх замаар их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зах зээлд улстөрчид "гараа шургуулах"-аас сэргийлж чадсан билээ. Уул уурхайгаас өмнө, орон сууцны барьцаагаар банкууд томорч, Монгол руу урсах долларын урсгал бараг зуу гаруй дахин нэмэгдсэн.

Хүмүүс анзаардаггүй болохоос биш мал, орон сууц зэрэг үнэт хөрөнгүүд иргэдээрээ дамжин эдийн засгийн эргэлтэд ороход манай зах зээл хоёронтоо тэлж, Зөвлөлт Холбоот Улс хэмээгч тэжээгчээ алдаад картын бараатай үлдээд байсан эдийн засаг маань "хүний царай" харахааргүй болсон юм даа.

Мал болон орон сууцны хувьчлал юуг харуулсан бэ гэхээр зэрэг, хэрэв зээ төрийн өмчийг ард иргэдээрээ дамжуулан хувьчилбал чөлөөт зах зээлийн "үл үзэгдэх гар" нийгмийн баялгийг маргаангүй хуваарилж, ухаалгаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэдгийг харуулсан юм.

Төрийн өмчийн том хөрөнгийг иргэдээрээ дамжуулан хувьчлах аргыг анх Маргарет Тэтчерийн засгийн газар санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд үүнийгээ "Ардын капитализм" хэмээн нэрийдсэн юм.

Ардын капитализмын гол зорилго бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй, нэн тэргүүнд төрийн өмчийн компанийн хувьцааг иргэдээрээ дамжуулан хөрөнгийн зах зээл дээр гаргах явдал байлаа. Тэгээд, эхний ээлжинд иргэддээ хямд үнэ (тухайн компанийн ажилчдад бол үнэгүй)-ээр төрийн өмчийн компанийн хувьцааг шилжүүлсэн. Хувьцаагаа авсан иргэд нь цааш нь үнэт цаасны зах зээл буюу хөрөнгийн бирж (хоёрдогч зах зээл ч гэдэг) дээр мөнөөх хувьцаагаа чөлөөт үнээр зарсан юм.

Тэтчерийн төрийн өмчөөс ардын капитализм руу шилжих шилжилт амжилттай болсон. Одоо энэ туршлага бусад олон оронд ашиглагдсаар байгаа юм. Манайд явагдсан нэгдлийн малыг хувьчлах, орон сууцыг хувьчлах хувьчлалууд ардын капитализмын нэг хэлбэр байсан билээ.

Ардын капитализм амжилттай явагдсаны шалтгаан юу вэ? Энэ асуултад хариулахын тулд эхлээд төрийн өмч гэж юу вэ гэдгийг санах хэрэгтэй.

Төрийн өмч бол ард түмний нэртэй боловч үнэн хэрэг дээрээ эрх мэдлийг атгасан улстөрчид болон түүний хамсаатнуудын "саалийн үнээ" байдаг. Ийм болохыг бид "Эрдэнэт", "Багануур" зэрэг улсын бүх үйлдвэрийн газруудаас улстөрчид хулгай хийсээр ирсэн туршлагаас мэднэ. Өнөөдөр "Эрдэнэс-Таван толгой" хамгийн том "саалийн үнээ" болсон байгаа.

Хаана төрийн өмч байна тэнд улстөрчид болон тэдний ивээлд орсон захирлуудын хулгай байдаг. Төрийн өмч бол "хулгайч" юм. "Хулгайч" төрийн өмч улсын эдийн засгийг доройтуулдаг. Үүнийг бид социализмын дампуурлаас харсан, одоо Венесүэлээс харж байна. Тийм учраас төрийн өмчийг хувьчлах шаардлагатай байдаг. 

Төрийн өмчийг хувьчлах олон арга бий. Шууд дуулага худалдаанд оруулан гадна дотны мөнгөтэй хүмүүст худалдаж олсон орлогыг нь улсын төсөвт авдаг. Энэ аргын дутагдалтай тал нь хувьчлалын орлогыг улстөрчид үр ашиггүй зарах, завших явдал салдаггүй. Бас менежментийн хувьчлал гээд арга байна. Ингэж хувьчлахад дарга нарын хамсаатнууд бүлэглээд авчихдаг дутагталтай.

Энэ мэтээр аваад үзэхэд явж явж ардын капитализм хамгийн зүй ёсны болоод шударга нь болж тунан үлддэг юм даа.

Ардын капитализм, төрийн өмч үнэхээр ард түмний өмч мөн юм бол ард түмнээр дамжуулан хувьчлах ёстой гэсэн зарчмыг баримталдаг юм. Ард түмнээр дамжуулан хувьчлахад эдийн засгийн өгөөж өндөр байсныг бид туршлагаасаа мэднэ! 

Эрдэнэс-Тавантолгойг жидүүчид эрэн зууны луйвар болгохоос нь өмнө ардын капитализмын аргаар яаралтай хувьчлах хэрэгтэй байна. Эс тэгвэл баялгийн хараалын муу бүхнийг бидний үр хүүхэд үзэх нь ээ!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. тэнэг монголчууд боловсрох ягаачгүй байна, дахиад 50 жил тэнэгтэх байлгүй

    0 0 Хариу бичих
  2. МОНГОЛД ҮЙМЭЭН САМУУН БОЛВОЛ ДОТОРОО ХАМГИЙН ИХ БАЯРЛАХ ХҮН БОЛ ЭРДЭНИЙН БАТҮҮЛ , ЯАГААД ГЭВЭЛ ТҮҮНИЙ ХИЙСЭН БУЗАР БУЛАЙ ЗАМХАРЧ БҮДГЭРЭХ НИГУУРТАЙ .

    0 0 Хариу бичих
  3. АН-ын тэжээсэн олигархуудыг улс төр, шүүх прокурор хуулийн байгууллагаас холдуулах хэрэгтэй юм биш үү. Газрын баялаг төрийн нийтийн өмч байсан нь зөв байхоо. Мал хувьчилсан шиг орд газруудыг олигархуудад хувааж өгөх санаатай юу. Тэр бүтэхгүй ээ !!!

    0 0 Хариу бичих
  4. Norweg shig boloh yumsan da

    0 0 Хариу бичих
  5. бат үүл гуай та одоо монголын төрөөс зайлах хэрэгтэй та ард түмэн байтугай өөрийнхөө намыг ч ялагдуулсан хүн яаж ингэж хуцаж чадаж байнаа

    0 0 Хариу бичих
  6. Izm bol huvisgal huvisgal hereggui

    0 0 Хариу бичих
  7. Sanal neg bnoo Batuul dargaa.

    0 0 Хариу бичих
  8. маш зөв

    0 0 Хариу бичих
  9. санал нэг байна, бас санал нэгдэх хүний тоо хэт цөөхөн байх бий хэмээн эмээж байна, учир нь сүүлийн үед хувьчлана гэхээсээ төрд аваад хувааж иднэ гэсэн нөхдийг дэмжижгчид олон болсон харагддаг

    0 0 Хариу бичих
  10. yes

    0 0 Хариу бичих