Иргэдийн хадгаламж өсөж байгаа нь сайн. Гэхдээ...

Эрх баригчдын мэдээлж буйгаар эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөөд эхэлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдийн хадгаламж тогтвортой өсөж байна. 2016 оноос хойш иргэдийн хадгаламж бараг 40 гаруй хувиар өслөө. Статистикийн тоо баримтаас харвал, энэ өсөлт зөвхөн цөөн хүмүүст бус, нийт иргэдэд хүртээмжтэй байгаа нь анхаарал татаж байна” гэсэн юм.

Харин Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Хадгаламжийн хүүг яаралтай буулгах хэрэгтэй. Ингэхгүй бол нэг хэсэг нь банкинд хадгаламж үүсгэчихээд хүүгээ идээд, баялаг бүтээхгүй амьдарч байна. Бодит сектороо хөгжүүлэхгүй болохоор зөвхөн цаасан дээрх тооны эдийн засаг л өсөөд байна. Түүнээс биш амьдрал сайжраагүй. Хадгаламжийн хүүгээ бууруулахаар дагаад зээлийн хүү буурна. Иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг ингэж бууруулах хэрэгтэй. Ингэхгүй бол ХААН банк малчдыг шулж дууслаа. Малчдад 14-15 хувийн хүүтэй өгчихөөд түүхий эдээ тушааж жаахан орлого олохоор нь зээлдээ хураагаад авчихаж байна. Хүү, мөнгөний бодлогоо эрс өөрчлөх цаг болсон” гэлээ.

Адилхан улстөрч ч гэлээ Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан бол УИХ-ын даргатай Г.Занданшатартай харьцуулагдахын аргагүй бизнесмэн. Тиймээс хадгаламжийн хүүг бууруулах нь зүйтэй гэсэн түүний байр суурь зөв байхыг үгүйсгэхгүй. Уг нь хадгаламжийн хүү хэчнээн өндөр байсан ч мөнгөө банкинд хадгалуулахаас илүү эдийн засгийн эргэлтэд оруулах нь ашигтай. Өөрт нь ашигтайгаас гадна ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд бусдад, цаашлаад нийт эдийн засаг, нийгэмдээ тустай. Товчхондоо бол иргэдийн хадгаламжийн хэмжээ өсөж байгаа нь сайн ч мөнгийг зүгээр хадгалах бус ашиглах нь чухал. Арилжааны банкууд ч үүнтэй санал нийлдэг. Тухайлбал, Монголын банкны холбооны ерөнхийлөгч бөгөөд “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг зээлийн хүүг бууруулах санаачилга гаргаад буй. Зээл хүү буурна гэхээр нөгөө талд нь хадгаламжийн хүү буурна гэсэн үг.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч бөгөөд “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Монголын банкууд дээр үеэс өндөр хүү зээлдэгч нарт муугаар нөлөөлж байгаа асуудлыг тогоон дотроо ярилцаж ирсэн. Банк бол 100 төгрөг зээлдүүлчхээд, 100 төгрөг дээрээ нэмж хүүгээ авдаг байгууллага. Мэдээж, өндөр хүүтэй зээл авсан хүн түүнийг дийлэхгүйд хүрч эрсдэл үүсэх нь ойлгомжтой. Банкны гүйцэтгэх захирлуудын хувьд зээлийн хүүг бага байлгах асуудалд санал нэгтэй байгаа. Нөгөө талаар зээлийн хүү өндөр байснаар банкууд их ашиг хийгээд байгаа юм шиг ойлголт олон нийтийн дунд аль хэдийнээ тарчихсан. Гэтэл бодит амьдрал дээр эсрэгээрээ зээлийн хүү өндөр байх нь эхлээд зээлдэгчид, зээл нь муудаад ирэхээр банкинд хохирол учруулах сөрөг үр дагавартай. Өнөөдөр манай банкны салбарын хадгаламжийн хүү дунджаар 15, зээлийн хүү 18 хувь байна гэж үзвэл, энэ хоёрын зөрүүнээс гурван хувийн ашиг гарч байна. Монголын банкны холбооны ирэх жилүүдэд гол анхаарах ажлын нэг бол зээлийн хүүг зохистой байдлаар бууруулах асуудал байна” гэсэн юм.

Арилжааны банкны удирдлагууд ийнхүү зээлийн хүүг бууруулах санаачилга гаргаж байгаа нь эрүүл үзэгдэл. Зээл, хадгаламжийн хүү буурвал бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа илүү идэвхжиж, Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлнө. Хадгаламжийн хүү буурснаар мөнгөө зүгээр хадгалаад суух сонирхол нь буурч илүү ашигтай зүйлд зарцуулах нь ойлгомжтой. Харин зээлийн хүүг бууруулах нь санхүүгийн хувьд дутагдалтай бизнес эрхлэгчдийг дэмжсэн алхам болно. Ингэснээр эдийн засаг цаасан дээр бус жинхэнэ утгаараа бодит амьдрал дээр өснө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Zzzzzssss hezee ch mongolchuud hun shig hadgalamjtai baih bolomjgui za... ichihgui hudlaa yrinaa...

    0 0 Хариу бичих
  2. Хад хүүг жилийн 3% болгох хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  3. 2016 оноос хойш иргэдийн хадгаламж бараг 40 гаруй хувиар өслөө. Статистикийн тоо баримтаас харвал, энэ өсөлт зөвхөн цөөн хүмүүст бус, нийт иргэдэд хүртээмжтэй байгаа нь анхаарал татаж байна” БИТГИЙ ХУДЛАА ДОНГОС.

    0 1 Хариу бичих