2020 он ба 20 мянган айлын түрээсийн орон сууц

Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцны сан бүрдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 2017-2020 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ гэсэн зорилт тусчээ. Мөн НИТХ-аас 2017 онд Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулах зорилт тавьсан ч тодорхойгүй шалтгаанаар нэлээд ажил нь гацаанд оржээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87,5 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон байна. 2016 оноос хойш 82.3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлжээ. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд хамруулахад 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээлсэн.

Дахин төлөвлөлтийн талаар

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг танилцуулсан юм.

Түүний танилцуулснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд НИТХ-ын 2013, 2014, 2018 онд гарсан тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус сонгосон 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан ажээ. Дээрх аж ахуй нэгжүүдээс төсөл хэрэгжүүлэх талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн улмаас 2016 онд зургаа, 2018 онд долоон төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж дөрвөн хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж дахин 11 хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлаад байгаа юм байна. 2018 оны 10-р сарын байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10278 айлын орон сууцны барилга эхлүүлж, 5477 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 280 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж төсөл хэрэгжүүлэгч компаниуд мэдэгдсэн байна.

“Эксим” банкны эцсийн шийдвэрийг хүлээсээр...

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эксим” банкаар дамжуулан олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг “Түрээсийн орон сууц”-ны сангийн нэмэгдүүлэлтэд зориулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Эксим” банкны ажлын хэсэгтэй өнгөрсөн оны гуравдугаар сараас хамтран ажилласан бөгөөд төслийн бүх байршлуудаар дагуулан явж газартай нь танилцуулсан. Уулзалтын үеэр “Буянт-Ухаа 2”, “Буянт-Ухаа 3”, “Эко Яармаг-1” төслүүд зэрэг 8900 гаруй айлын сургууль, цэцэрлэгтэй орон сууцны цогцолбор төслүүдийг танилцуулсан бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгджээ.

Ханын материалд баригдах 1002 айлын түрээсийн орон сууцны хувьд зураг төсөл нь бэлэн болсон бөгөөд барилгын ажлыг өнгөрсөн оны хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн ч гацаанд орсон. Уг түрээсийн орон сууцыг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас олгох хөнгөлөлттэй зээлд хамруулахаар болсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын 20-доор БНСУ-ын Сөүл хотын орон сууцны корпорацийн удирдлагууд Улаанбаатарт айлчлах үеэр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас БНСУ-ын хөнгөлөлттэй зээлд дөрвөн төсөл хамруулахаар санал хүргүүлснээс  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчимд хэрэгжих 1006 айлын “Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх төсөл”, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Баянголын ам орчимд хэрэгжүүлэх 2000 айлын “Түрээсийн болон ахмадын орон сууцыг хөгжүүлэх төсөл”-үүд дэмжигдэн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон талаар тухайн үед мэдээлж байв. Ийнхүү Ханын материалд баригдах түрээсийн орон сууцыг анх төлөвлөж байснаар БНХАУ-ын биш БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болжсон байна.

Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-2” хороололд 972 айлын түрээсийн орон сууц барихаар төлөвлөж барилга угсралтын ажил нь 2014 онд эхэлсэн боловч 2016 оны тавдугаар сард санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан юм. Уг барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан.

Ногоон нуурын 1008 айлын түрээсийн орон сууц

БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн тухай яриа 2018 эхэнд тод дуулдаж байсан эрч нь суларсаар сураг алдрав.

Уг нь Ногоон нуурт иргэдийн чөлөөлсөн 4.2 га газар бэлэн байгаа. Тэнд нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар түрээсийн орон сууц болон сургууль, цэцэрлэг гээд бүхий л дэд бүтцийг шийдсэн хотхон байгуулахаар ярьж байгаа юм билээ. Энэхүү орон  сууцны хотхоны бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Бугат хотын тусламжтайгаар хийнэ. Одоогоор гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ БНХАУ-ын тал өнгөрсөн нэгдүгээр сард хотын удирдлагуудад танилцуулсан. Гүйцэтгэгчийг шалгаруулах тендерээр гурван компанийг шалгаруулан БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд эдгээр компаниудын нэгийг сонгох юм байна. Түүнчлэн уг хорооллын ажлын зураг хятад хэл дээр бэлэн болсон, удахгүй монгол хэлээр орчуулна гэдгээ БНХАУ-ын талын гүйцэтгэгч компанийнхан мэдэгдсэн байна.

Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм.

Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 авто машины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах ажээ.

“Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон”-ы ажлын хүрээнд нийслэлийн удирдлагууд, Гадаад хэргийн яам бусад холбогдох байгууллагууд олон удаагийн уулзалт хийжээ. Нийслэлийн орон сууцны корпораци энэ төсөлд хамтран ажиллахаар болсон байна. 2017 оны зургадугаар сард сүр дуулиантай нээлтээ хийсэн энэхүү түрээсийн орон сууцны хотхон ажил нь эхлэлгүй хоёр жилийн ойтойгоо золгох гэж байна.