Нэг километр замд 117 "Приус"

Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт” цуврал  сурвалжлагаа  уншигч танд хүргэж байгаа билээ. 

Энэ удаад бид нэг километр замд хэчнээн "Тоёота Приус" маркийн автомашин зорчиж байгааг сурвалжиллаа. Учир нь иргэд сүүлийн жилүүдэд "Приус" маркийн автомашиныг өргөн хэрэглэх болсон. Учир нь "Приус" маркийн автомашин шатахуун зарцуулалт багатай, сэлбэг нь үнэ хямд, эдийн засагт хэмнэлттэй зэрэг олон давуу талтай. "Нүдээ аниад чулуу шидэхэд нэг "Приус" оногддог" гэх хошин яриа ч хүртэл гарсан.

Бид лхагва гариг буюу өчигдөр 17.00 цагт Төв шуудангийн уулзвараас Улсын  их дэлгүүр хүртэлх нэг километр замын баруунаас зүүн чиглэл рүү зорчиж яваа "Приус" маркийн автомашиныг тооллоо. Авто замын түгжрэл эхэлсэн 17.00 цагийн орчимд төв замын зөвхөн нэг урсгалын нэг километр замд 117 "Приус" маркийн автомашин зорчиж байлаа.

Өнөөдөр манай улсын авто машины зах зээл дээр "Приус 20", "Приус 30" загварууд хамгийн эрэлттэй байгаа. Үнэ ханшийн тухайд гааль дээр буусан, иргэдийн гар дээр, зар дээр, "Да хүрээ" зах, автомашины ченжүүдийн гар дээрээс гээд харилцан адилгүй.

Тухайлбал, "Приус 20" маркийн автомашин үйлдвэрлэсэн он, өнгө, тоноглолоосоо шалтгаалан гааль дээр 13-16 сая төгрөг бол "Да хүрээ" зах дээр 14-20 сая төгрөгийн үнэтэй байна. Харин "Приус 30" маркийн автомашины гааль дээр буусан үнэ 15,5-18 сая төгрөг бол "Да хүрээ" зах дээр 16.5-22 сая төгрөг аж. "Приус-40, 41" загварын тухайд "Да хүрээ" зах дээр 19-22 сая төгрөгөөр борлуулж байна.

Сонирхуулахад, "Тоёота Приус" машин нь 1997 онд анх Япон улсад худалдаанд гарсан. Энэ маркийн автомашин "Тоёота" компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий.  Тоормосны ABS буюу "Anti-Lock Brake System" системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй.  "Тоёота Приус" 10,11, 20-ийн хувьд 1.5 литрийн 1NZ-FXE I4 цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй бол "Приус 30" 1.8 L 2ZR-FXE I4 болон 1.8 L 5ZR-FXE I4 гэсэн 2 янзын хөдөлгүүртэй худалдаанд гарсан байна.

"Приус" маркийн машин нь Япон улсад  NHW10, NHW11, NHW20, NHW30 гэсэн ангилалтай гардаг бол  АНУ-д XW10, XW11, XW20, XW30 гэсэн кузовын загвараар 2003-2009 онд үйлдвэрлэгдсэн байна. Мөн Европын улсуудад 2004 оноос одоог хүртэл үйлдвэрлэгдэж байгаа юм.

"Приус 20" загварын тухайд  S, S touring, G, G touring, G touring leather edition гэж 5 төрлөөр үйлдвэрлэгддэг. Үүнийг манай Монголд бүтэн G болон хагас G гэж ярьцгаадаг болсон.

NHW20 баттерейн хувьд 160.000 километр баталгаатай үйлдвэрээс гардаг бол цахилгаан мотор нь үйлдвэрээсээ 240.000 километрийн баталгаатайгаар үйлдвэрлэгддэг аж.

Эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар "Приус" маркийн автомашин 100 километр замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг. Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг бол өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна. Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас буюу дулаан гараажид байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг зэргээс шалтгаалан харилцан адилгүй. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг.

Монгол Улсын хэмжээнд нийт 866514 автомашин бүртгэлтэй байдгаас нийслэлд 490179 нь бий. Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсээс авсан тоон мэдээгээр нийт 134465 "Приус" маркийн автомашины 104261 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг байна. Үүнээс 1 нь гадаад байгууллагад, 15 нь олон улсын байгууллагад, 439 нь төрийн байгууллагад, 13 нь улсын үйлдвэрийн газар, 1 нь хамтарсан компанид, 39980 нь хувийн хэвшилд, 94016 нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй.

Харин импортоор 2010 оноос өмнө 1269 ширхэг "Приус" маркийн автомашиныг оруулж ирсэн бол 2019 оны хоёрдугаар сарын 21-ны байдлаар 2686 "Приус" улсын бүртгэлд бүртгэгджээ. Сүүлийн гурван жил импортоор жил бүр 20 гаруй мянган "Приус" маркийн автомашин орж иржээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Prius унах нь тэгээд муу юу

    0 0 Хариу бичих
  2. Yron joohon medreliin ymtai sdanuudiin unadag mashin l da,setgel sanaa ni tsaanaasaa ototstson har lalruud baidag.

    0 0 Хариу бичих
  3. ЭКО, АЖИЛ САЙН АМЖУУЛДАГ САЙХАН УНАА ШҮҮ, ЯПОН ХҮНИЙ СЭТГЭЛ ШИНГЭСЭН УНАА, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ЭНГИЙН ИРГЭДЭД ХАМГИЙН САЙН УНАА

    1 1 Хариу бичих
  4. Сонирхолтой мэдээ байна. Одоо дараагийн НЭГ КИЛОМEТР сэдвээрээ 100- айлаас 32 тойрог хавьд хичнээн хужаа байна тэдний баримжаалсан тоо гаргаж холбогдох газар нь уламжилж, визний хугацаа дууссан нөхдүүдийг гаргах хэрэгтэй . Хужаагаар дүүрлээ

    12 1 Хариу бичих
  5. Sonirholtoi info bna

    2 0 Хариу бичих