Манай улсад борооны мөөг шиг дэлгэрч байгаа нэг зүйл нь мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд. Монголд анх 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталсан бөгөөд 27 мянга гаруй төрийн бус байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс 8000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Дөрвөн жилийн өмнө нийтлэлч Баабар “Монголд 23 мянга орчим төрийн бус байгууллага байгаагаас 10 мянга орчим нь дээрмийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж байна” хэмээн бичиж байлаа. Түүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд төрийн бус байгууллагын тоо 4000-аар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, жилд 1000 төрийн бус байгууллага шинээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлдэг байна.
Уг нь улс орнуудын сайн дурын байгууллагууд, албан бус секторын үйл ажиллагааг тодорхойлохын тулд анх НҮБ, хожим нь олон улсын болон хандивлагч байгууллагууд төрийн бус байгууллага гэсэн нэр томъёог хэрэглэж байжээ. Харин сүүлийн үед төрийн бус байгууллагуудыг улс төрийн болон хувийн ашиг сонирхлын үүднээс байгуулах болсон. Мөн төрийн бус байгууллага, холбоо байгуулж ашиг олж болдог гэсэн ойлголт нийгэмд бий болоод байна. Сүүлийн үед төр засгийн зүгээс төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон ТББ-д шилжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь дээрх ойлголтыг улам лавшруулах болсон. Төр зарим үйлчилгээгээ мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлж, ачааллаа бууруулах замаар төрийн үйлчилгээг хурдтай болгох нь нэг талаараа давуу талтай байж болно. Гэхдээ эхлээд мэргэжлийн холбоодыг цэгцэлж, илүү хариуцлагатай болгох нь чухал. Учир нь, одоогийн байдлаар салбар бүр хоёр болон түүнээс дээш холбоотой болчихоод байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх мэт нэг үг, нэг үсгийн зөрүүтэй нэртэй мэргэжлийн холбоо олон. Аль нь яг албаны ёсных нь мэдэгдэхгүй олон холбоо байгуулснаас болж салбараа хөгжүүлнэ гэхээсээ илүү хоорондын хэрүүл, тэмцэлдээ хамаг цагаа зарцуулдаг. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн холбоодыг цэгцэлж журамлах, хариуцлагажуулах тухайн байнга ярьдаг ч сая л нэг бодит ажил хэрэг болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн барилаа.
Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай нэртэй уг хуулийн төсөлд холбоодод тавих шалгуурыг өндөрсгөж, хариуцлагыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, “Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна гэж заажээ. Мөн “Монгол Улсад тухайн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо нэг ажиллана” гэж заасан нь салбар бүрт байгаа олон холбоог цэгцлэх зорилготой юм байна.
Түүнчлэн гол маргааны эх үүсвэр болдог нэрийн асуудал болон тухайн холбоог хуулийн этгээдээр бүртгэх процесст тавих шаардлагыг өндөрсгөжээ. Хуулийн төслийн дараах зохицуулалтаас харвал мэргэжлийн нэгдсэн холбоод нь эхлээд салбараараа хүлээн зөвшөөрүүлж байж улсын бүртгэлд бүртгүүлэх ажээ.
6.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр нь салбарын онцлогийг илэрхийлсэн оноосон нэр болон “Мэргэжлийн нэгдсэн холбоо” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “МНХ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
6.2.Энэ хуулийн 6.1-д зааснаас бусад төрийн бус байгууллага өөрийн оноосон нэртэй хамт “Мэргэжлийн нэгдсэн холбоо” эсхүл “МНХ” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
8.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө үйл ажиллагаа явуулах хүсэлтээ тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
8.3.Хүсэлт хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллага баримт бичгийн бүрдлийг хянан үзэж, сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
8.4.Салбарын төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа эрхлэх, оноосон нэрийн ард энэ хуулийн 6.1-д заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
8.5.Салбарын төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй бол мэргэжлийн нэгдсэн холбоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхгүй.
Холбоод болон төрийн бус байгууллагыг хийрхсэн, хөөрсөн, хэнхэг хүмүүс тэргүүлэн ажиллах нь олон. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь олон нийтийг төлөөлөн холбоод, төрийн бус байгууллагын нэр барьж ажиллах нь бий. Тиймээс дээрх хуулийн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнд тавих шаардлагыг тодорхой тусгажээ.
7.4.1.төрийн бус байгууллага нь салбартаа 3-аас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, нийтэд үйлчилдэг байх;
7.4.2.хувь хүн нь тухайн салбарын магистраас дээш боловсролын зэрэгтэй, эрдэмтэн, судлаач байх;
7.4.3.аж ахуйн нэгж нь тухайн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөө хуулийн этгээд байх.
Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ баталж хэрэгжүүлснээр хэн дуртай нь холбоо байгуулж, хэнхдэг цээжээ дэлддэг байдал цэгцрэх юм байна.