Найдвартай, хараат бус, бодитой байх. Энэ бол Үндэсний аудитын газрын буюу төрийн аудитын үндсэн зарчим. Харин энэхүү зарчим нь тус газарт хэрэгждэггүйд олон нийт хийгээд албаныхан ч маргахгүй.
Угтаа бол тус байгууллагын үндсэн үүрэг нь төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийг хянах ёстой байдаг. Гэвч өнөөдөр манай улсад эрх баригч нам нь төрийн бүр цаашлаад төрийн бус байгууллагыг удирддаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ зарчмаар явдаг төдийгүй угаасаа ч аудитын байгууллагын удирдлага нь эрх баригч намынх байх бичигдсэн дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, удирдлагыг нь УИХ томилох тухай хуульд хүртэл тусгасан байдаг. Энэ нь аудитыг хараат гэдгийг нь батлах хангалттай нотолгоо. Тэгэхээр манай улс төрийг хянах байгууллагатай юм шиг харагддаг атал яг бодит байдалдаа төрийг үнэн хянах газаргүй юм.
МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Н.Бурмаа аудитын байгууллагын бодит байдлыг хэлэхдээ “Үндэсний аудитын газрыг би УИХ-аас хараат гэж үздэг. УИХ-ын зөвхөн хүсэлт гаргасан тохиолдолд Үндэсний аудитын газар шалгах эрхтэйг хуульд заасан байгаа. Ер нь хэн ч “би шалгуулна” гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр ингэж шалгуулах хүсэлт гарахгүй гэж ойлгож болно. Томилгооны хувьд УИХ-аас Ерөнхий аудиторыг томилж байгаа нь хараат байх эхний аргумент. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно” гэж заасан нь Үндэсний аудитын газар УИХ-аас ч, Засгийн газраас ч хараат болж байна. Цааш нь нарийвчлан авч үзвэл УИХ-д олонх болсон намаас хараат болж, бүр цаашилбал тухайн олонх болсон намын лидерээс хараат гэсэн логик гарч ирж буй нь харамсалтай байгаа” гэж байсан юм.
Харин төрийн аудитын хамгийн сайн биелүүлдэг ажил нь аль нэг эрх барьж буй намын захиалгаар өнгөрсөн парламентын үйл ажиллагааг араас нь хөөн шалгах, хянах даалгаврыг биелүүлэх юм. Мөн төрийн өмчийн байгууллагыг ашиггүй ажилладаг гэдэг сэтэр зүүж, хувьчлах сонирхол хэнд байна түүнд аудитын нөлөө байдаг гэж олон нийт харддаг. Ингэснээр төрийн аудит төрийг хянах бус эрх ашгийг нь хамгаалж ажилладаг гэдэг “автор”-ыг зүүх болсон. Тэгвэл аудитыг аудитлая.
Угтаа бол Төрийн аудитын тухай хуулийн 13.1 дүгээр заалтыг өөрчлөхөд л “зовлон” нь дуусах асуудал гэлтэй. Магадгүй өөрчлөлт оруулахад төрийнхний “зовлон” нь эхлэх гээд ч байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр хуульчлахыг хүсдэггүй нь төрийн эрх мэдлийг хяналтгүй зарцуулах, зохицуулах тухай хүсэлтэй төр баригч намуудын сонирхол байх. Учир нь үүнийг эцэг хуульд хуульчлаагүйгээс эдгээр асуудлууд үүсэж буйг олон жил ярьсан ч өөрчлөлт оруулах тухай ам нээдэггүй. Олон улсын жишгээр төдийгүй хар ухаанаар л бодоход болон төрийн аудит хэмээх нэрээс нь харсан ч хараат бус, ил тод, аль нэг намын, байгууллагын харьяалалгүй байх нь тус байгууллагын үндсэн зарчим нь байлтай.