Улаанбаатар хотын дарга

Он дамнаж эзэнгүй байсан хот даргатай болох нь. Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ Засаг даргыг тодруулж байгаа. Өнгөрсөн сард заалнаас өөрийгөө дэвшүүлээд олонхийн санал авсан ч Ерөнхий сайдад таалагдаагүй С.Мөнхчулуун дахин өрсөлдөхөө мэдэгдсэн ч нэмэргүй, намаараа дахин сойлгуулсан С.Амарсайхан яаж ийгээд томилогдох биз. 

Хууль нь тийм юм. Үндсэн хуулинд заасан нутгийн өөрөө удирдах ёсны дагуу дөрвөн жил тутам орон нутгийн сонгуулиар нийслэлд 45 “мангуу” (нөгөө 76-гаас илүү ухаантай гэж бодохгүй байна)-г сүйд болж байж гаргадаг. Тэдний үндсэн ажил нь жилдээ ганц удаа төсөв, төлөвлөгөө батлахаар хуралдах, бас Засаг дарга хэн байхыг шийддэг мэт харагдавч үнэн хэрэгтээ үгүй ажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бол УИХ-ын гишүүнээс илүү ач тустай албан тушаал. Бүр социализмын үед аж ахуйн ажлаас гадна үнэ төлбөргүй орон сууцыг хуваарилдаг онцгой эрхтэй байжээ. Жаахан наашилбал, одоогийн Ерөнхийлөгчөөс эхлээд ардчиллын 13 гээд бүгд зөвхөн үүний төлөө хотын Ардын депутатуудын ба Ардын хурлын гүйцэтгэх захиргааны коммунист дарга нарт дотроо залбирч явдаг байх ёстой. Өнөөгийн хөрөнгө мөнгөний өндрөөс бага харагдаж болох ч тухайн үедээ амьдралын үндсэн асуудлыг шийдэж өгсөн учраас тэр. Хотын захиргаанд орон сууц хуваарилах хэлтэс, товчоо ажиллаж байв. Энэхүү буянтай ажил 1990 оноос хойш Л.Энэбиш, Ц.Баасанжав нараар, зөвлөлтүүдийн барьж өгсөн, эсвэл буцахдаа үлдээсэн орон сууцуудыг шавхагдаж дуустал үргэлжилсэн билээ. 

Анхны “ардчилсан” Засаг дарга Ж.Наранцацралт төдийлөн удаагүй. Харин 90-ээд оны сүүлчээс “газрын наймаа” брэндийн даргын үе эхэллээ. М.Энхболд хотоор явж газар метрлэж өгөөд цүнхтэй мөнгө сугавчлаад харьдаг байсан гэсэн үг огтхон ч биш, гэхдээ үр дүн нь яг тэгсэн мэт болсныг нийслэлчүүд амсахаараа нэг амсаж байна.

Том дарга өөрийнхөө фонон дээр дутуу харагдах хүнийг орондоо үлдээдэг зарчмаар нийслэлийн хамгийн хөдөөний бөгөөд микро дүүргээс Ц.Батбаярыг авчирч тавьсан нь 2005 он. Цаадах нь “цол дагаж бяр нэмдэг”-ийг нотолж “газрын наймаа”-ны эрчийг нэг их сулруулаагүй. Асар үнэ цэнэтэй энэ суудалд түүнийг удаан суулгаж эрхлүүлээгүй бөгөөд хоёр жилийн дараа хүчээр буулгаж Т.Билэгтээр солив. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын дарга байсан түүнийг Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч М.Энхбаяр өөрийн тамгын газрын ба хотын даргаар тус бүр хэдэн сар ээлжлүүлсэн нь нөгөө дуулиантай нийсэлийн мэдлийн хэвлэх үйлдвэр ба “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдоно. Дараачийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажилласан 2008-2012 онуудад “газрын маргаан” нэртэй хэрүүл зодоон оргилдоо хүрсэн нь нийслэлд дэл сул газар үндсэндээ дуусч нийтийн эзэмшил, СӨХ-ийн газар, хүүхдийн тоглоомын талбайг хуй дээрэмдсэн хэрэг юм. 

2012 онд УИХ-ын гишүүний суудлаас хотын даргынхыг илүүд үзэж алмайруулсан Э.Бат-Үүлын үед бүтээн байгуулалтад асар их мөнгө хөрөнгө зарцуулсан ч юм болгоныг мөнгөөр шийдэх боломжгүйг харуулаад буусан. 2016 онд халааг нь авсан Су.Батболд үүнийг ухаарч магадгүй байтал намын дарга нь хөөн явуулав. 

Улаанбаатар бол өөрөө хөгждөг хот. Монгол Улсын тэн хагас. Улс төр, эдийн засаг, санхүү, үйлдвэрлэл, боловсрол, соёл гээд хамаг юмны төв, төв, зогсоо зайгүй тэлж байдаг зах зээл. Зарим жил бүтэн аймгийнхтэй тэнцэх иргэд хөдөөнөөс ирж суурьшиж байлаа. Гаднын зочид, жуулчид, ажил хэрэгч хүмүүс эхлээд Улаанбаатарт бууж мөнгөө үрэх, хөрөнгө оруулахыг эндээс эхэлдэг.

Хотын дарга нар яаж ч сүржигнээд, яаж ч нэрээ наагаад бүтээн байгуулалтын жинхэнэ эзэд тэд биш. Өнөө цагт барилгын арга технологи, барилгын бизнес суга хөгжөөд Улаанбаатарт барилга бариулах бус, бариулахгүй байх нь хэцүү болжээ. Сөөм газар эзэнгүй харагдвал цемент цутгачих гээд байдаг. Араас нь хувийн өмчөө хамгаалаад тэмцэж гарна. Ийм байхад хотын даргын үүрэг бол алсын хараатай бодлого, хууль дүрэм, бүтэн хагас сая хүнтэй энэ хотын эмх цэгц, ажил амьдралын зохион байгуулалт, нийтийн ба хувийн эрх ашгийн тэнцвэр. Хоёр үгээр илэрхийлбэл сайн засаглал. 

Манайд засаглал ямар байхыг хүнээс биш тогтолцооноос хамаарна гэдэг. Минийхээр бол эсрэгээр байдаг. Үүний нотолгоо бол албан тушаалтнууд буруу юмандаа үргэлж сайн, үүний төлөө ямар ч тогтолцоог хууль дүрэмтэй нь аргалж, алгасч, зай завсар гаргаж, хүсвэл бүр өөрчилж чаддаг. Энэ утгаараа нийслэлд засгийн эрхийг Засаг дарга барина. Элдэв хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, газрын наймаа гэхэд халхавч болохоос хэтэрдэггүй, Засаг даргаа ч сонгох мэдэлгүй, сайндаа л гацааж чаддаг, эцсийн эцэст огт хариуцлага хүлээхгүй, ийм учраас тэднийг тоож ч шүүмжилдэггүй Иргэдийн төлөөлөгчдийн хурал яав ч биш. Дашрамд дурдахад, өчигдөр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засаг дарга нарыг иргэдийн төлөөлөгчдийн барьцаанаас гаргах хэрэгтэй” ярьсан байна. 

Төрийн эрх барих дээд байгууллага – өнөөгийн УИХ-ыг хараад гутсан хэсэг эрхэм 2020 оны сонгуулиар бие даагчдыг ахиухан гаргах Электорат хөдөлгөөнийг санаачилсан билээ. Энэ бол бас орон нутагт, нийслэлд бүр ч хэрэгтэй санаачлага. Засаг даргаа иргэд нь сонгодог болох тухай үе үе яригддаг. Сум, хороо, дүүрэгт бүү хэл аймаг, нийслэлд улс төрийн хэрэг алга. Гэхдээ хууль тэгэж өөрчлөгдөх эсэхээс үл хамааран нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль болох олон бие даагч нэрээ дэвшүүлж орох, тэгээд дундаасаа Засаг даргад дэвшүүлэх, чадвал сонгуулах зүгт явах байх. 

Тийм бие даагчид харагдана уу? Би өөрийн мэдэх хүмүүсийг дотроо шүүж үзэхэд хамгийн түрүүнд Дефакто Жаргалсайхан санаанд орлоо. Тэрбээр бүр 2007 оны хавар “Газраа байраар солих 6 алхам” буюу “Миний газар – миний хөрөнгө” нэртэй хөтөлбөр боловсруулж гэр хорооллын иргэдэд уулзалт, ярилцлагаар танилцуулж байсныг мэднэ. Үүнээс хойш буюу Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 27-р тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Ерөнхий сайд С.Баяраар ахлуулан байгуулсан түүхтэй. Улаанбаатар сан, Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал компанийн хувьчлал, тэгээд хамгийн ноцтой сэдэв - нийслэлийн газрын наймааны талаар арав гаруй жилийн турш тасралтгүй дуугарч, шүүмжилж, санал дэвшүүлж байгаа хүн бол Жаргалсайхан. “Зайсандах” бол түүний гаргасан нэр томъёо. Хэдхэн жилийн өмнөх нэгэн хэлэлцүүлэг дээр “өнөөдөр 40 мянган орон сууц хоосон хонож, гэтэл 170 мянган айл байранд амьдрахыг мөрөөдөж байгаа. Хэнд зориулсан хот вэ?” гэж тэр асуугаад хариулт эрсэн бичлэг байдаг.

Би нэр дэвшигчийн сурталчилгаа шиг юм бичээд байна уу? Үгүй ээ. Хавь ойрд сонгууль байхгүй. Хүн бүр, сонгогч болгон орчин тойрноо сайн харвал хэрэгтэй хүмүүсийг олж болно гэсэн санаа. 

Харин энэ удаад нийслэлийн Засаг даргаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн таалалд нийцсэн нэгэн тавигдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. УТАА БҮҮ АРИЛААСАЙ Монголчууд ярьдаг даа... “ Нохойн баас нэгэндээ эс боловч нөгөөдөө тустай”.. гэдэг, Нохойн баасны тус ч гэж юуч байхав, Гэхдээ бас нэг таарсан юмандаа тустай ч юм билүү? Ер нь бүх юм сайн муу хоёр талтай гэдэг . Манай энэ Улаанбаатарын утааг яанаа гээд л хүмүүс шагшраад л, шогшроод л,хараагаад л ,халаглаад л , ..Гэхдээ бас баярлаад байдаг хүмүүс бас байх. Тэр баярладаг хүмүүс чинь энэ утааны ач буянаар бас овоо мөнгө олж ороо бусгаа цагт амьдралдаа нэмэр олох боломжтой байдаг аж. Энэ бол утааны ач. Утааны буянаар нэг хэсэг нь амны хаалт хийж хямд ч гэсэн хэдэн бор юм олж энэ амьдрал хүндэрсэн үед бор ходоодоо божийлгоод байдаг бол нэг хэсэг нь “агаар цэвэршүүлэгч “ гэдэг аппратыг гадаадаас оруулж ирж овоо мөнгө олдог болсон явдал юм. Энэ бол утааны ач тус. Тэр агаар цэвэршүүлэгчийг авсан эрхэм өглөө гэрээсээ гарахдаа цэвэршүүлэгчээсээ нэг сайн цэвэр агаар сорж уушгаа дүүргээд л ажил руугаа замдаа амьсгаа авалгүй харайлгачихна. Албан өрөөндөө ороод өрөөнийхээ агаар шүүгчээсээ цэвэр агаараар амьсгалаад авахаар алзахгүй , аминд халгүй гэнэ.. Энэ ч болдог л арга. Харин нэг НО бий, ажил руугаа явж байтал зам түгжрээд яаж ч болохгүй амьсгаа давчдаад утаагаар амьсгалах хэрэг гарна Энэ л хэцүү . Гэхдээ өнөө амны хаалтаа зүүчихээр болоод явчихна. Бас нэг хэсэг нь хотын айлуудын цонхонд утаа шүүдэг цонх хийж өгч тэр айлыг ч хорт утаанаас салгаж буян хийхийн зэрэгцээ өөрсдөө бас ч үгүй хэдэн бор юм унагаж баярынхаа бэлтгэлийг базаагаад авах боломжтой болж байгаа юм. Энэ бас л утааны ач. Гэхдээ энэ дан мөнгө олох гээд байгаа юм биш, хүмүүсээ утааны хороос хамгаалаад байгаа юм шүү. Дараачийн бүлэг нь Утааг ор үндэсгүй үлдэнэ хөөнө гэж төрөөс мөнгө цохидог хэсэг байгаа аж. Энэ хэсэг бол олон жил ингэж мөнгө цохиж, амташсан дээд зиндааныхан юм. Эд нар утааг арилгах, Улаанбаатар хотынхоныг утаа гэж юу байдгийг марттал арилгахаар үсээ цайж, ясаа янгинтал зүтгэж яваа төрийн томчууд аж. Харин энэ нөхдүүд иргэдээ утаанаас хамгаална гээд ихээхэн мөнгө авдагч одоогоор хамгаалаагүй л байгаа юм шүү. Тэд ч хөөрхий ард түмнийхээ төлөө амьсгаа хурааталаа зүтгэхээр тангараг өргөж хамцуй шамлан зүтгэж байгаа түшээ, сайд дарга нар минь билээ. Тэднийг ард түмнийхээ төлөө өөрийгөө хайрлахгүй зүтгэж байж энэ утаандаа хордоод мажийчих вий гэж их санаа зовдог золиг байгаа юм би.Ингэж зүтгэснийхээ ачаар төсвийн мөнгөнөөс овоо юм унагаад авна.Олон ч жил унагаж яваа азтай эрхэмүүд Ингээд бодохоор энэ утаа чинь бас ч гэж ашиггүй эд биш бололтой, бас нилээд хүмүүст ашигтай болж, амьдралыг тэтгээд байгаа аж.тэхээр утаа бүү арилаасай гэж залбирхад болох юм шиг.. Ер тэгээд утаа арилгана гэж их ажил болж их мөнгө үрж байхаар хүн бүрд амны хаалттай болгож, байшин бүр цонхондоо шүүртэй болж, өрөө тасалгаандаа агаар цэвэршүүлэгчтэй борлчихвол төрөөс хэдэн зуун тэрбум төгрөг үргүй зарж байгаагааг болих сайн талтай юм байна шүү. Утаа золиг яахав суунаглаж л байна биз. Хоргүй гэж сайд хэлсэн юм чинь Л.Банзрагч.

    0 0 Хариу бичих
  2. Туулын бургасыг хядаж байшин барьж байгаа нөхөрт ямар ацны хотыг хөгжүүлэх төлөвлөгөө байх юм.

    0 0 Хариу бичих
  3. Ёстой зөв хүнээр хотоо удирдуулах нь баяр хүргэе .Амарсайхан ч ёстой дажгүй буурь суурьтай залуу шиг харагддаг юм ."НАЛАЙХЫГ "хөөрхөн л хөгжүүлж байгаа шүү , дагавар хотын хэмжээнд хүргэвэл таарна. Сүм хийд нь тун аятайхан харагддаг шүү , цааш нь хотжуулах хэрэгтэй .

    0 0 Хариу бичих