Монголчууд олон баяр тэмдэглэдэг. Тэдгээр баяраас хамгийн урт хугацаанд үргэлжилдэг нь Цагаан сар. Энэ жилийн Сар шинийн баяр одоо ч дуусаагүй байна. Учир нь, манай улсаас өөр хаана ч байдаггүй Нутгийн зөвлөл гэх төрийн бус байгууллагууд сар шинийн баяраа хийж золгосоор л байна. “Нутгийн зөвлөл нь нэг зорилготой нэгдсэн Монгол гэх ойлголтыг задалж жалга довны үзлийг өөгшүүлж байна” хэмээн шүүмжилдэг ч тэд наадам, Цагаан сараар гурван сая монголчуудыг 300 гаруй хэсэгт хуваасан хэвээрээ л байна. Анх аймгууд л Нутгийн зөвлөлтэй байсан бол одоо бүр 330 сум тус бүртээ Нутгийн зөвлөлтэй болжээ. Аймгуудын Нутгийн зөвлөлийн золголт Бөхийн өргөө гэх мэт томоохон газруудад болж байгаа бол сумдын Нутгийн зөвлөлийн золголт Улаанбаатар хотын хаа нэгтэй баар цэнгээний газруудад үргэлжилж байна.

Өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт төрж өсөн монголчууд эр өсөж эсгий сунасан хойноо ихэнхдээ нийслэл хотоо бараадан амьдардаг. Тиймдээ ч нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг. Нэгэнт нутаг уснаасаа хол хөндий ажиллаж амьдарч байгаа монголчууд нас нэмэхийн хэрээр төрж өссөн нутгаа санагалзаж, нутаг усныхантайгаа уулзах хүсэл төрдөг. Тиймээс ахмад настнуудад уулзах боломж олгодог Нутгийн зөвлөлийн золголт буруу, муу зүйл биш. Гэхдээ Нутгийн зөвлөл гэх нэрийг хэн нэгэн өөрийн хувийн зорилгодоо ашиглаж жалга довны үзлийг улам батжин бэхжүүлж байгаа нь харамсалтай. Уг нь Монгол Улсын гурван сая иргэн Монгол гэсэн ганцхан нэрийн дор л нэгдэх учиртай. Түүнээс бус аймаг, сумаараа талцан хуваагдах шаардлагагүй юм. Аймаг, сумын Нутгийн зөвлөлүүдийг улстөрчид, улс төрд горилогчид анх байгуулж, өөр хоорондоо дамжуулан удирдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Нутгийн зөвлөл нь улстөрчдийн нутгийнхандаа танигдах, дараагийн сонгуулиар сонгогдох гэсэн хүслийнх нь гишгүүр болж байна. Товчхондоо тэднээс нутгаа гэх сэтгэл харагдаж байгаа мэт боловч явуулж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын хөгжлийн нэгдсэн бодлогод харш юм. Харамсалтай нь, Нутгийн зөвлөл гэх энэ ойлголт улам албан ёсны болж хүлээн зөвшөөрөгдөж байна. Тухайлбал, дарга нарын намтар Нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан гэх үгээр баяжих боллоо.

Монгол Улс хөгжлийн нэгдсэн бодлого, нэгдсэн төсөвтэй. Гэвч нэгдсэн бодлого, Төсвийн хуулиа баталж хэрэгжүүлэхэд Нутгийн зөвлөлүүдийн батжин бэхжүүлж буй жалга довны үзэл нөлөөлж байна. Төрсөн аймаг, бүр сумаа төлөөлөн 76 жижиг тойргоос сонгогдсон улстөрчид Монгол Улсын хөгжил гэхээсээ илүү “Манай аймаг, манай сум” гэсэн сэтгэхүйгээр ажиллаж, ажлынхаа тайланг Нутгийн зөвлөлийнхөө уулзалт, золголтын үеэр тайлагнах болсон. Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс албан тушаалын томилгоо хийхдээ адилхан нэг түвшний хүмүүсийн дундаас нутгийн хүнээ онцолдог. Жалга довны үзэл дээр тулгуурлсан эдгээр үйлдэл нь улс орон хөгжих, хувь хүн өсөн дэвжих, шударгаар өрсөлдөх зэрэгт саад болж байна. Тиймээс даяаршиж буй эрин зуунд амьдарч буй монголчууд Нутгийн зөвлөл гэх нэрийн дор талцан хуваагдах бус Монгол гэсэн нэрийн дор нэгдэн нягтрах учиртай.

Нутгийн зөвлөл нэрээр хуваагдах нь иргэдэд ямар ч ашиггүй. Нэг удаагийн уулзалт, золголт иргэдийн амьдралд ямар ч дэм болохгүй. Түрхэн зуурын баяр хөөр болоод л өнгөрнө. Харин дээр дурдсанчлан дарга нарын цаашдын ажил амьдралд ашигтай. Тийм л учраас иргэдэд сайхан, дарга нарт ашигтай Нутгийн зөвлөлийн золголт дарга нарын идэвх санаачилга дор үргэлжилсээр байна.