Утаа ба эрчим хүч

“Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий” гэж ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгийн дарга асан В.Якунин 2013 онд Монголд айлчлах үеэрээ хэлж байв. 

Аливаа салбарт “үнэгүй бяслаг” тийм ч таатай зүйл биш. Яваандаа хавханд л орно гэсэн үг. Харамсалтай нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид “үнэгүй юманд нугасгүй” байдаг. Улстөрчид үүнийг нь ашиглан популизм хийдэг. Эрчим хүчний үнэ тариф ийм л шалтгаанаар зах зээлийн зарчмаар биш төрөөс олгодог татаасын журмаар зохицуулагдаж ирсэн юм. Нэг үгээр хэлбэл, эрчим хүчний үнэ тарифын энэхүү татаас, хөнгөлөлт нь нийгмийн халамжийн нэг хэсэг мэт болчихсон.

Үйлдвэрлэж буй бодит өртгөөсөө хэд дахин хямдаар эрчим хүчээ худалдаж, зөрүүг нь төрөөс татаасаар олгодог энэ тогтолцоо яваандаа салбараа хямралд оруулах эрсдэлтэй гэж үздэг. 

Манай улсын эрчим хүчний салбарын 110, 220 киловаттаас дээш хүчин чадалтай дамжуулах сүлжээ, дулааны магистрал шугамууд төрийн өмчид байдаг. Харин үйлдвэрлэх, түгээх хангах үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж 2030 он гэхэд эрчим хүчний салбарыг хувийн өмчид тулгуурласан, төрийн зохицуулалттай өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг юм билээ. Энэ зорилтын эхний алхам 2010 онд УИХ-аас баталсан 72 дугаар тогтоол юм. Эрчим хүчний үнийг зах зээлийн зарчмаар чөлөөлөх агуулга бүхий энэ тогтоол салбарын хэмжээнд хуримтлагдсан алдагдлыг бууруулах, цаашид зах зээлийн горимоор явуулахад чиглэсэн түүхэн шийдвэр байв. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын үр дүнд 2014 он гэхэд төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ алдагдлаас гарчээ. Харин хөдөө орон нутгийн эрчим хүчний сүлжээ төсвөөс бага зэрэг татаас авч байгаа аж. Гэхдээ 2016-2018 онд эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөөгүй. Цахилгаан станцууд өөрсдийн дотоодын нөөц боломжийг шавхаж ажилласан гэсэн үг. “Үнэгүй бяслаг” талхан дээрээ тавиулсаар ирсэн хэрэглэгчдийн хувьд энэ нь таатай мэдээ боловч салбарын хувьд том зургаар харах юм бол цаашид байнга татаасаар явах боломж шавхагдаж байгаа ажээ.

Өнгөрсөн 2018 оноос эрчим хүчний салбарт эргээд алдагдал бий болж, 20 тэрбум төгрөгт хүрсэн гэдэг урьдчилсан мэдээ байгаа аж. Эрчим хүчний салбар зах зээлийн зарчмаар биш “амь тариа” төдий татаасаар явах боломжгүй гэдэг нь эндээс улам тодорхой харагдаж байна.

Зах зээлийн зарчим гэхээр мэдээж үнийг чөлөөлөхөөс эхэлнэ. Эрчим хүчний үнийг нэмнэ гэхээр хэрэглэгчдийн нуруунд ачаа үүрүүлэх гэлээ гэсэн шүүмжлэл гардаг. Тэгвэл хэрэглэгчдийн “ачаа” өнөөдөр ямар түвшинд байгаа вэ? Үүнд эхлээд хариулъя. Цахилгаан эрчим хүчний үнэ нэг киловатт нь дунджаар 118 төгрөг байгаа. Нэг өрх цахилгааны үнэд сард дунджаар 28140 төгрөг төлдөг. Энэ бол өдөрт тал талхны үнээр ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчээ авч байгаа гэсэн үг. Айл өрхүүдийн бусад хэрэглээний төлбөртэй харьцуулахад эрчим хүчний зардал нь хамгийн бага гардаг байна. Монгол Улс эрчим хүчний 5 бүстэй. Эндээс ганцхан Дорнод бүсийн эрчим хүчний систем 147 төгрөгийн өртөгтэй цахилгаан эрчим хүчийг 156 төгрөгөөр борлуулж байгаа аж. Есөн төгрөгийн ашигтай наймаа гэсэн үг. Харин төвийн бүс цахилгааныг 158 төгрөөр үйлдвэрлээд 152 төгрөгөөр, Баруун бүсийн эрчим хүчний систем 246 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүчийг 132 төгрөгөөр, Алтай, Улиастайн эрчим хүчний систем 224 төгрөгийн үнэтэй эрчим хүчийг 142 төгрөгөөр, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ 211 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 156 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Өртөг, борлуулах үнэ хоёрын зөрүү нь тухайн байгууллагын алдагдал болж үлдэнэ. Ийм алдагдал хүлээн байж хэрэглэгчдийг хямд цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ажээ. Дулааны эрчим хүчний үнэ тарифын хувьд ч мөн л алдагдалтай. Монгол Улсад мөрдөгдөж байгаа дулааны үнэ тарифыг томоохон хот, дүүргүүдээр харьцуулбал Улаанбаатар хотод 30422 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг 15808 төгрөгөөр, Дарханд 42496 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд 15909 төгрөгөөр, Эрдэнэтэд 33582 төгрөгийн дулааныг 15516 төгрөгөөр тус тус хэрэглэгчдэд борлуулж байна. Дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 2-3 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн үг. Ийн хямдруулснаар төвийн бүсийн айл өрхийн хэрэглэгчдэд л гэхэд жилд нийт 40.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Айл өрхийн нэг сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 220 кВт.ц байдаг. Бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч худалдсанаар тухайн айл өрхөд сард 4896 төгрөгийн, жилд дунджаар 60000 орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Эрчим хүчний салбарын хөнгөлөлт үүгээр дуусахгүй. Тухайлбал, олон тарифын тогтолцоо хэрэгждэг бөгөөд эмзэг бүлгийн тариф л гэхэд нэг кВт нь 80 төгрөг. Энэ бүлэгт 2000 гаруй айл өрх хамрагддаг байна. Мөн шөнийн тариф киловатт нь 77 төгрөг. Бүх хөнгөлөлтийн цаана алдагдал хүлээж, түүнийгээ төрийн татаасаар аргацааж буй юм.

Манайд нэг киловатт цахилгаан эрчим хүч 6 цент буюу 145 төгрөг. Үүнийгээ 118 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулдаг. Гэтэл хоёр хөршийн эрчим хүчний үнэ манайхаас хоёр дахин, хөгжингүй орнуудынх дөрвөөс тав дахин өндөр байгаа ажээ. 

Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хямд байлгаж татаас өгч байгаа нь уг салбарыг зах зээлийн зарчмаар хөгжихөд саад болж байгаагийн зэрэгцээ Улаанбаатарын агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж байгаа гэдгийг зарим эдийн засагч хэлдэг.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Утаанаас салах цорын ганц арга нь цахилгаан эрчим хүч биш. Ойрын хугацаанд эрчим хүчийг ашиглах байх. Гэхдээ бүгдийг эрчим хүчээр шийдэж чадахгүй. 

Улаанбаатарт гэр хорооллын 220 мянган өрх бий. Сүүлийн хоёр жилд цахилгаан станцуудад техникийн шинэчлэл хийснээр эдгээр өрхийн 40 хувийг нь хөнгөлөлттэй тариф бүхий эрчим хүчээр хангасан байна. Энэ хөнгөлөлтөд дээд тал нь 50 мянган өрх хамрагдах боломжтой гэнэ. 

Гэр хорооллын өрхүүдийг бүгдийг нь цахилгаан эрчим хүчээр халаах боломжгүй. Халаалаа гэхэд өртөг нь өндөр гарна. Одоогоор цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын 130 мянган өрх байгаа аж. Засгийн газраас 2018 онд 9.2 тэрбум төгрөгийн татаас өгч шөнийн тарифыг тэглэсэн бол энэ жил 20 тэрбумыг төсөвлөжээ. Дахиад л татаас. Татаас бол өвчний шалтгаан, үндсийг таслах бус түр зуур өвдөлтийг нь намжааж буй өвчин намдаагч төдий зүйл. Тиймээс эрчим хүчний салбар татаасаар хөгжихгүй. Хотын утаа ч татаасаар буурахгүй. Татаас гэнэт тасрахад л эргээд бахь байдгаараа болно. Татаасны хүчээр хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ тарифыг байж болох бага түвшинд барьж байгаа нь цаад үр дагавраараа агаарын бохирдлыг дэмжсэн алхам болж байгааг ч бодолцох цаг болжээ. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй болон хямдруулсан үнэ бүхий цахилгаан эрчим хүчээр хангах замаар гэр хорооллын айл өрхүүдийн халаалтыг бүрэн шийдэх боломжгүй. Тэгэхээр шөнийн тариф нэг л удаагийн, нэг хэсэг иргэдэд л чиглэсэн явцуу арга хэмжээ юм. Татаас, хөнгөлөлтөөр дэмнэн байж эрчим хүчний үнийг хамгийн хямд байлгахын тулд цахилгаан станцууд нүүрсээ хямд үнээр нийлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс өнөөдөр нүүрсний үнийг мөн л төрөөс тогтоож буй. Багануур, Шарын гол, Шивээ-Овоогийн уурхайгаас гарч байгаа нүүрсний цахилгаан станцуудад нийлүүлж буй үнэ нь бодит өртгөөсөө хямд байгаа. Мөн л алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Ийнхүү нүүрсний үнийг хямд тогтоосноор ахуйн хэрэглээнд нүүрсийг өргөн хэрэглэх хандлагыг өөгшүүлж, Улаанбаатарын утааг улам өтгөрүүлж байгаа билээ. Энэ оны тавдугаар сараас эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гарсан. Захиргааны аргаар утаатай тэмцэх гэж буй нь энэ. Нүүрсийг орлох сайжруулсан түлшийг үйлдвэрлээгүй тохиолдолд энэ арга хэмжээ цаасан дээр л хэрэгжиж мэднэ. Харин эрчим хүч болон нүүрсний үнийг чөлөөлөх юм бол утаа ч гэсэн “зах зээлийн зарчмаар” арилах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Монголд хүний нөөц бэлдэж байгаа ШУТИС гэх энэ сургуулийн профессор нэртэй дарангуйлагч тогтолцоог нурааж өг. Тэгэх нь монгол инженерийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Монгол хүн зохион бүтээх чадваргүй байгаа гол буруу нь оюуны өмчийг үл хүндэтгэж, зөвхөн цол эрх мэдлээр амь зууж байна. Хүн чөлөөтөй сэтгэж бодохгүй байгаа нөхцөлд өртөг буурахгүй, технологийн дэвшил байхгүй.

    0 0 Хариу бичих
  2. Оростой муудалцаад ч хамаагүй усан цахилгаан станцаа баривал яасийн. Нөхрийн чанарыг ч танья. Аль хүртэл биднийг дарамтлах бол?

    0 1 Хариу бичих
  3. Тэгээд дээрээс нь тодорхой бүсчлэлд шөнийн тарифыг "тэгэлсэн" байгаа. Эрчим хүчний хэмнэлт гаргах шалтгаан бараг байхгүй гэж хэлж болохоор болсон.

    0 0 Хариу бичих
  4. Юу хэлэх гэж буйгаа Сайн бодож бичмээр юм. Гадаадын, хөгжингүй, өндөр хөгжилтэй оронтой энэ улсаа харьцуулаад байх юм. Цалин хөлс тань нэмэгдэхгүй байна, хүмүүсийн тань бодит орлого үнэхээр бага байна, тэгээд наад тарифаа чөлөөлөөд үз л дээ. Яаж Төгрөгнийхөө үнэ цэнийг барих юм бэ.... Олон асуудал ургаж гарна шүү дээ. Аль ч улсад эмзэг бүлгээ, зорилтот бүлгээ дэмжсэн арга хэрэглэдэг. Би чинь хэдхэн гэр бүл нь тасарчихсан, бусад нь ядуу Тийм улсад амьдарч байна. Хэцүү асуудал хөндөж. Чөлөөлөх байсан бол бүр эрт хийх байсан юм.

    0 0 Хариу бичих