Ардчилсан Үндсэн хуулийг улс орон даяар мөрдөж эхэлсэн түүхэн өдөр тохиож байна

Эдүгээгээс 27 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан билээ.

Тэгвэл өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг улс орон даяар дагаж мөрдөж эхэлсэн түүхэн өдөр тохиож байна.

“Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн сарын хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Мэдэгтүн, сахигтун!” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан байдаг.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид нэг бүрчлэн уншин сонсгож, мөн өдрийн  1 цаг 35 минутад баталж байсан юм.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн. Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ гурван сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм.

Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Энэхүү Үндсэн хуулиар иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосон. Мөн хувийн өмчийг хамгаалах эрхийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)