Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ сэргээн тогтоолгох эрхтэй. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8 дугаар зүйл

...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зóргадóгаар зүйлийн 14 дэх заалт

Бид төрт ёс, хуулийн дор амьдардаг. Гэм буруутай үйлдэл хийсэн бол зохих ёсны шийтгэлээ эдэлж амьдрах нь хүн ёсны энгийн шалгуур үзүүлэлт. Тиймдээ ч иргэдийн шүүхэд итгэх итгэл жил бүр буурах биш өсч байдаг. Ялангуяа шүүхийн шинэтгэл хийснээс хойш иргэдийн энэ итгэл илт дээшилсэн гэх хэд хэдэн удаагийн судалгаа ч байна. Хэдийгээр энэ нь сайшаалтай ч нийслэлд сүүлийн гурван жилийн байдлаар иргэний шүүхийн шийдвэртэй хохирол нөхөн төлөгдсөн байдал нийт биелүүлбэл зохих гүйцэтгэх баримт бичгийн дөнгөж хоёр хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, иргэд төлбөрийн чадваргүй, оршин суух газар тодорхойгүй, хохирлоо төлж буй дүр эсгэж бага хэмжээгээр төлдөг зэрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулж, энэ ажлыг удаашруулж байгаа аж. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 онд 650, 2016 онд 967, 2017 онд 435 гомдол ирүүлснээс 2017 оны гомдлын 276 нь буюу 63.4 хувийнх нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

Биелэгдэхгүй эсвэл хохирол нөхөн төлөгдөхгүй байх гол шалтгаан нь ерөөсөө л төлбөрийн чадваргүй байдал аж. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, удааширч байгаа шалтгааны 622 төлбөрийн чадваргүй, 567-гийнх нь оршин суугаа хаяг тодорхойгүй, 7,964 нь төлбөрөө бага багаар төлж байгаа, эд хөрөнгийг нь дуудлага худалдаагаар худалдан борлуулж буй, өндөр насны тэтгэврээсээ төлбөрөө бага хэмжээгээр төлдөг гэсэн судалгаа гарчээ.

Төрийн албан хаагч буруу шийдвэр гаргавал хохирлыг төсвөөс төлдөг

Төрийн албан хаагчид хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан хууль бус шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг төр хариуцахаар зохицуулсан байдаг юм байна. Ер нь бол мөрдөгч, прокурор, шүүгчид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд аливаа этгээдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр татаж мөрдөн шалгах, гэм буруутай эсэхийг нь тогтоох эрхтэй. Гэхдээ тухайн холбогдогчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан тохиолдолд түүнийг хууль бус ажиллагаа гэж үзэж, хохирогч төрөөс хохирол нэхэмжлэх эрх үүсдэг аж. “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох нөхөн төлбөр”-т олгох зардалд Монгол Улсын 2015, 2016, 2018 оны Төсвийн тухай хуулиар 2,280.5 сая төгрөгийг, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тухайн зардалд 14,875.5 сая төгрөгийг баталж байжээ. Үүнээс улсын төсвөөс 2015-2018 онд шүүхийн шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулахаар Хууль зүйн сайдын багцад тусгагдсан хөрөнгөнөөс 429 иргэнд 9,211,949.7 мянган төгрөг, 118 аж ахуйн нэгж, байгууллагад 10,525,438.4 мянган төгрөгийг олгосон байна. Мөн 164 иргэнд Засгийн газрын нөөц сангаас 7,088,110.4 мянган төгрөг өгөөд байгаа аж. Төрөөс хохирлоо авч чадаагүй 43 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 7,159,845.295 төгрөг буй гэсэн. Одоо бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар тухайн хохирлын мөнгөн дүнг бүрэн, хэсэгчлэн олгох зэргээр харилцан адилгүй хуваарилж байгаа аж. Тухайлбал, шүүхээс иргэн Ж-д 2017 онд Засгийн газрын нөөц сангаас 1,816,444.880 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаалын хавсралтаар гурав хувааж олгохоор тусгасан байх жишээтэй.

Шүүхийн нэхэмжлэлтэй хохирол барагдуулах байдал тун хойрго

Шүүхээр хохирогчид мөнгөн хохирол төлүүлэх тухай асуудал л хөндөгддөг. Гэхдээ хохирлоо бүрэн төлүүлж байгаа нь маш цөөхөн. Тухайлбал, хүн ам олноор төвлөрсөн нийслэлд л гэхэд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар шүүхийн шийдвэрийн биелэлт нийт төлбөрийн дөнгөж 3.9 хувийг эзэлж байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлэлд улсын хэмжээнд 2016-2017 оны байдлаар нийт 274 төлбөр төлөгчид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад ханджээ. Үүнээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 244, хэрэг үүсгэсэн 29, хэрэгсэхгүй болгосон 16, шалгагдаж байгаа 9, шүүхээр ял оногдуулсан 4 байна гэсэн байх. Үүнээс үзвэл хуулийн байгууллагуудын гаргаж буй статистик мэдээ, тоо баримтууд хоорондоо зөрүүтэй байна. Шүүхээс нэхэмжлэлд дурдсан эдийн бус хохирлыг тогтоохдоо хэргийн нөхцөл байдлыг харгалзах хэдий ч сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, журамгүй. Энэ нь хохирсон иргэдийн хохирлыг бодитойгоор үнэлэхэд хүндрэл үүсгэж байгааг ХЭҮК-ийн илтгэлд дурджээ. Тиймээс иргэнд учирсан сэтгэл санааны хохирлыг дан ганц шүүгч, шүүх бүрэлдэхүүний дотоод итгэл үнэмшлээр эрх зүйн үндэслэл муутай тогтоож байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэж комисс үзсэн байна. Мөн 2011 оноос өнөөг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 69 шийдвэр гүйцэтгэгч хариуцаж, нэг шийдвэр гүйцэтгэгч дунджаар 150- 350 гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явуулж байгаа аж. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын ачаалал хохирол нөхөн төлөлтөд сөргөөр нөлөөлж байгааг ч үгүйсгэх аргагүйг дээрх тоо баримтууд харуулна. Дээрээс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 2018 он гарсаар төлбөр төлөгч хилээр саадгүй нэвтрэх болсон нь бодит байдалд шүүхийн шийдвэр биелэхгүй байх, биелэлт удаашрах гол шалтгаан болж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзвэл 2015 онд 848,9 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээс 168,2, 2016 онд 121,9 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээс 28,4, 2017 онд 1448,3 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээс 294,9 тэрбум төгрөг буюу 41 хувийг төлүүлжээ. Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй 109 төлбөр төлөгчид эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүргүүлснээс 9-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, бусдыг нь татгалзаж шийдвэрлэсэн зэрэг нь ч хохирол нөхөн төлүүлэх байдал “хаягдсан”, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хойрго ханддаг болохыг харуулж буй дүр төрх юм.