Монголын говиос шувуун үлэг гүрвэлийн шинэ зүйлийг нээлээ

Өмнөговь аймгийн нутаг, Нэмэгтийн хөндийд малтлага хийсэн БНСУ-ын эрдэмтэд овирапторазавр буюу шувуу төст үлэг гүрвэлийн шинэ төрлийг илрүүлжээ. 66-100 сая жилийн өмнө амьдарч байсан шинэ төрөл нь жижиг биетэй, шүдгүй хошуутай, өдтэй байсан нь эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан байна. Шинэ зүйл нь үлэг гүрвэл шувуу болж хувирах үйл явцын учгийг тайлахад чухал мэдээллийг өгнө гэж найдаж байгаа аж.    

"Gobiraptor minutus"-ыг "Daily mail"-д ийм байдлаар дүрсэлжээ.

Олдворыг 2008 онд БНСУ-Монголын хамтарсан экспедицийн эрдэмтэд илрүүлсэн бөгөөд 2019 онд шинэ зүйл болохыг нь албан ёсоор баталж, “Gobiraptor minutus” нэрийг өгсөн байна. Нээлтийг Сунжин Ли зэрэг гадаадын гурван эрдэмтэн, манай Р.Барсболд, Х.Цогтбаатар нарын нэр дээр бүртгэжээ.

Харин үлэг гүрвэлийн нэрний хувьд гоби гэдэг нь говь, минутус гэдэг нь латин хэлний жижиг гэсэн угнээс гаралтай юм байна.

Үлэг гүрвэл шувуу болж хувирахад хоол тэжээлийн үзүүлсэн нөлөөг судлахад шинэ олдвор ихээхэн ач холбогдолтой гэж эрдэмтдийн багийн ахлагч Ли Сунжин ярьсан байна. Учир нь, “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн шинэ зүйл нь маш хүчирхэг эрүүтэйгээрээ бусад зүйлээсээ ялгарч байгаа ажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)