Цагаан сараар зам тээврийн ослын улмаас 13 хүн амиа алджээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2 сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтжээ. Хүний амь нас хохирсон 12 осол нь орон нутгийн замд гарсан байна. Харин гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.

Зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байна.Мөн хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт ажээ.

 Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг “Урантогоо” гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай.эрэгтэй Б нас барж, зорчигч нарын 3 хүн гэмтсэн, Төв аймгийн Лүн сумын 2 “Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархаж байлаа.

Мөн өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэдийг цагаа зөв тохируулж гардаг цагаасаа 5-10 минутын өмнө гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)