“Paris Grand Slam 2019”-д манай тамирчид зургаадугаар байрт бичигджээ

Франц улсын нийслэлд  болж байгаа “Paris Grand Slam 2019” жүдо бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний эхний өдөр манай тамирчин Ц.Цогтбаатар 73 кг-д мөнгө, Д.Амартүвшин 60 кг-д хүрэл медаль хүртжээ. Мөн Г.Наранцэцэг -48 кг-д М.Уранцэцэг -52 кг-д, Л.Энхрийлэн -57 кг-д тус тус шагналт тавдугаар байрт шалгараад байна. Энэ амжилтаараа Монголын жүдочид одоогоор зургадугаар байрт бичигдэж байна. Энэ удаагийн тэмцээнд 5 тивийн 97 улсын 576 тамирчин оролцож байгаа бөгөөд эрэгтэй 336, эмэгтэй 236 жүдоч хүч үзэж байна. Харин манай улсаас 21 тамирчин хүч, ур чадвараа сорин оролцож байгаагаас найм нь эмэгтэй жүдоч байгаа юм. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Казахстан улсын нэр дээр барилдаж буй жүдоч Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ. 

Гахай жилийн анхны тэмцээн болох “Paris Grand Slam 2019”-д энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-д амжилттай барилдсан залуу жүдоч олноор багтсан бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Aмaртүвшин, Э.Ариунболд /2019 оны Улсын аварга/, 66 кг-д Г.Хэрлэн, Н.Mөнхбаяр /2019 оны Улсын аварга/, 73 кг-д Ц.Цoгтбаатар, Б.Батболд /УАШТ-ий мөнгөн медальт/, 81 кг-д О.Ууганбaaтар, Дагвасүрэн, 90 кг Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал /2019 оны Улсын аварга/, 100 кг-д Д.Цэрэнням /УАШТ-ий мөнгөн медальт/, +100 кг-д Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл /2019 оны Улсын аварга/ нар хүч үзэж байгаа юм.

Харин эмэгтэй жүдочдын хувьд 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг /2019 оны Улсын аварга/, 52 кг-д Л.Сосорбарам /2019 оны Улсын аварга/, 57 кг-д Л.Энхрийлэн /2019 оны Улсын аварга/, 63 кг-д Б.Ганхайч /2019 Улсын аварга/, 70 кг-д Б.Баасанжаргал УАШТ хүрэл медальт, 78 кг-д Ш.Сэржмядаг /УАШТ-ий мөнгөн медальт/, 78 кг-д Э.Гандиймаа /2019 оны Улсын аварга/ нар ур чадвараа сорин барилдахаар Парист очоод байгаа билээ.

Тус тэмцээний эхний өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Гранд сламын алт, мөнгө, хүрэл  медальтнуудаа шалгаруулсан байна. Энэ өдөр Японы жүдочид 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Канад 1 алт, 1 мөнгө, Франц 1 алт, 2 хүрэл, Молдав 1 алт, Гүрж 1 мөнгө, 2 хүрэлтэй 2-5 дугаар байрыг эзэлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)