Соёлын өв цогцлоогч

Соёлын өв цогцлоогч, цуглуулагч Ц.Батсайхан өөрийн бүтээл 10 боть номоо Сар шинийн босгон дээр Монголын Үндэсний номын санд хандивлажээ. Энэхүү номууд болон ном бүтээгч эрхмийн тухай Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. 

Монголын түүх соёлын арвин баялаг өв сан олон зуу, мянга мянган жилийн аян нүүдэл, дайн самуун, түүхийн нугачаанд зарим нь арилан бүдгэрч, бас зарим нь хамгаалагдан цогцолжээ. Сүүлийн жилүүдэд монголын түүх, соелын өвийг хамгаалах, сэргээх сайн үйлсэд бие сэтгэлээ зориулж соелын өв цогцлоон цуглуулагчдын эгнээ өргөжиж буй нь сайшаалтай. Гэвч цаг хугацаа алслан одох бүрий соелын үнэт зүйлс улам бүр олохуйяа бэрх болсоор байна. Мэдээж, алсын нэгэн сайн цагт дэлхийд гайхагдах томоохон музей цогцлоон байгуулах нь лавтай. Харин эдүгээ цаг үед үндэснийхээ уламжлалт соёлыг уламжлан баяжуулж, шинэчлэн хөгжүүлэхэд цуглуулагчдын сан хөмрөг үлэмж тус болох нь магадтай.

Соёлын өв цогцлоогч Цэндийн Батсайхан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт төрсөн, малчин айлын хүү. Тэрбээр Анагаах ухааны дээд сургууль хуучин Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын цэргийн хүн эмнэлгийн Академид суралцсан, хүний их эмч, цэргийн эрүүл ахуйч, мэргэжилтэй хүн боловч нутгийнхаа эрээн алаг цахиур мана чулууг сонирхох хүүхэд насны шохоорхлоос Монголын нэртэй цуглуулагч болтлоо өссөн хүмүүн бөлгөө. 
Монголын зоос сонирхогчдын клубыг анх санаачлан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахын хамт, Эртний эдлэл цуглуулагчдын Холбооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байна. Түүний цуглуулгын сан хөмрөгт эртний зоос, мөнгөн тэмдэгт, хүрэл зэвсгийн үеийн түүвэр олдвор угсаатны зүйн эд өлгийн соёлын арвин зүйл буй. Ц.Батсайхан цуглуулгадаа суурилан олон сайхан ном бүтээж монголынхоо түүх соелыг түгээн дэлгэрүүлсний дотор “Монголын эртний улсуудын зоос”, “Монголын мөнгөн тэмдэгт”, “Нүүдэлчдийн эртний дурсгал”, "Эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал" (2004), "Монгол нүүдэлчдийн эдийн соёл" (2009), "Монгол гэр ахуйн уламжлалт модон эдлэл" (2009), "Уламжлалт мөнгөн урлалын шилдэг бүтээлүүд" (2012), "Монгол шаазан" (2013), "Морин соёлын тоног хэрэгсэл" (2013), "Уламжлалт төмөр урлалын шилдэг бүтээлүүд" (2015), "Монголын эртний үнэт өв дурсгал" (2015), "Түмэн газрын цайны зам ба Монгол орон" (2016), "Бурханы Монгол уран барималын дурсгал" (2017), "Хөөрөгний ертөнц" (2018) зэрэг номуудыг дангаараа болон нөхдийн хамт бүтээж, цуглуулгаараа “Монголын зоос мөнгөн тэмдэгт”, “Хүрэл зэвсгийн үеийн түүхэн олдвор”, “Хатдын зоос мөнгөн тэмдэгт” ,“Оросын зоос мөнгөн тэмдэгт”, “Монголчуудын угсаатны зүйн цуглуулга” зэрэг үзэсгэлэнгээ дэлгэн толилуулж байв. 
Ц. Батсайхан Монголын шашны урлагийн нэгэн өвөрмөц соел болох шавар баримлын урлалыг олон жил цуглуулж, түүгээрээ сайхан номыг бүтээсэн билээ. Мянга есөн зуун гучаад онд Монголын олон сүм хийдийг нурааж устгах үед өдий төдий ном судар, бурханы урлагийн бүтээл устаж үгүй болсон юм. Гал усны энэхүү гашуун бэрхэд байшин барилга, орд харш нурж, хүрэл, гуулин цутгамал бурхад хайлж байхад шавар урлалын бүтээлүүд хэрхэн яаж тэсэх билээ. Гэхдээ ч бас их савны ёроол гэж байдаг ажээ. Ц.Батсайхан 1990-ээд оноос шавар бурхан урлалын олон төрлийг сонирхон цуглуулсаар нэгэн багашаархан музей болохоор соелын өвийг цогцлоон буй болгосон нь сайшаалтай.

Ц.Батсайханы цуглуулгаар арвижин цогцолсон хэд хэдэн музей өнөөдөр бий болжээ. Тухайлбал, "Монгол костюмс" компанийн музей, Монголын урлагийн музей, Хүрлийн үе, Хүннү гүрний музей зэрэг хувийн музей байгуулахад цуглуулгаар болон дэглэж зохион байгуулахад оролцсон байна. Монгол олон ястны морины тоног хэрэгслийн цуглуулгын үзэсгэлэнг хэд хэдэн удаа гаргажээ. 
Монгол улсад шаазан ваарын үйлдвэр өнгөрсөн зууны тавиад онд байгуулагдаж хагас зуун жил ажиллаад үүдээ барьсан байна. Монгол шаазан эдлэл өөрийн орны хэрэгцээг хангаад зогсохгүй бэлэг дурсгалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, хилийн чанадад онцгой сонирхогдох болов. Монголын аймаг сум болгон өөрийн шаазан ваар савтай болов. Гэсэн ч зах зээлийн харилцаанд орж уг үйлдвэр хувьчлагдан үүдээ барьж, бүтээдэхүүний дээж нь ч хагарч бутраад ор сураггүй болжээ. Цуглуулагч Ц.Батсайхан түүнийг соргог ажиглаж үндэсний шаазан эдлэлийг цуглуулж эхэлсэн байна. Түүнээ иж бүрэн болгож улмаар "Монгол шаазан эдлэл" хэмээх каталогио өөрийн цуглуулга дээрээ тулгуурлан бүтээжээ. Ц.Батсайханы цуглуулга хийгээд түүндээ суурилсан ном бүтээлүүд ингэж цогцолдог аж. Тэрбээр каталогиуддаа өөрийн болон бусад цуглуулагчдын сан хөмрөг дэх эд өлгийн соёлын зүйлсийг өргөн хамруулж байгаа нь соёлын өвийн түүхэн баримт мэдээлийг цогцлооход үлэмж тустай өв болжээ. 
Монголын нүүдэлчдийн хэрэглээний соёл дахь үлэмж баян сан хөмрөгийг судлах, цуглуулах, түүгээр ном бүтээж нийтийн хүртээл болгоход нөр их хөдөлмөрөө зориулсан цуглуулагч, соёлын өв цогцлоогч Ц.Батсайханы бүтээлч үлй ажиллагаа нь хожмын судлаачид, туурвигч, цуглуулагч нарт томоохон үлгэр жишээ, сургууль болж байна. 
Монголын соёл өнөд үүрд арвижин дэлгэрч үндэсний бахархалыг гэрэлтүүлэн тэтгэх болтугай.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)