"Сахалин-2019” өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэв

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон ОХУ-ын Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан болон Сахалинск мужийн нийт 20 гаруй багийн 1500 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Өнөөдөр "Сахалин - 2019" анхдугаар өвлийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Сахалин - 2019" Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ЗГХА БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, ЗГХА БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцож баг тамирчдад амжилт хүсэв. Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцох бөгөөд баг тамирчдын замын зардал болон багийн нэгдсэн хувцсыг БТСГ-аас санхүүжүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)