Нүүрс ба сонирхол

Монголын төрд нүүрс зарах сонирхол асар их бий. Гэвч сонирхол нь олон янз л даа. Дур сонирхол, хүсэл сонирхол, ашиг сонирхол, эдийн сонирхол, албан тушаалын сонирхол. Сонирхол төрнө. Заримдаа сонирхол буурна. Аа бас сонирхлыг хүчээр бууруулж болно. Албадан бууруулж ч болно. Далдуур сонирхолд нөлөөлж ч болно. Чухам аль сонирхол нь бийг энд өгүүлье. 

Сонирхол 1

Нүүрс л зарж мөнгө олох сонирхолтой манай улсын хойд талд сүүлийн үед дэлхийн нүүрсний зах зээлд том амбийцтай орж ирж буй ОХУ, өмнө талд дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч, түүхий нүүрс улсынхаа хилээр нэвтрүүлдэг цор ганц улс болох БНХАУ байдаг.

Манай улс энэ салбараасаа өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Мөн ч их амьдрал үзэж байж олсон доо. 

Хэдэн мянган жолооч машины кабиндаа хонож, хооллож, удирдлагууд нь урд хөрш руу олон ч удаа царайчлан гүйсэн. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг байтал энэ зах зээлд өгөх нь бөхийж, авах нь гэдийх нь жам. Гэвч энэ онд 1.3 их наядаар төсвөө түнтийлгэхээр зэхээд буй. Өөрөөр хэлбэл, БНХАУын нүүрсний хамгийн том нийлүүлэгч болж Австралийн өмнө гишгэхээр зорилт тавьсан гэсэн үг. Гэвч бидний худалдан авагч “Цэлмэг тэнгэр” бодлоготойгоо уялдуулж, импортоор авах коксжих  нүүрснийхээ хэрэглээг бууруулж байгаа. Мөн дотоодын үйлдвэрүүдээ нэгтгэн нийлүүлэх бодлого энэ намраас хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Ингэхээр төлөвлөсний дагуу 42 сая тонн нүүрс гаргаж, төсвийн орлогоо бүрдүүлж чадах уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүнийг салбарын эдийн засагч хэрхэн дүгнэж буйг сонирхуулъя. 

Эдийн засагч Л.Наранбаатар

Монгол Улс өнгөрсөн онд 35.6 сая тонн нүүрс экспортолсон. 2019 онд нэлээд өөдрөгөөр төлөвлөсөн байгаа. Энэ бол маш эрсдэлтэй тооцоолол. Цаг хугацааны хувьд боломжгүй зүйл. Гэхдээ төсөвт суулгасан татварын орлогоо бүрдүүлж болно. Мэдээж хэмжээ хатуу тогтсон учраас 70 ам.доллароор зарж байгаа нүүрсээ татаад, 200 ам.доллароор буюу баяжуулсан нүүрсээ илүү зарвал татварын орлого бүрдэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл, 42 сая тонн нүүрс борлуулахгүй ч тооноос чанар руу шилжээд татварын орлогоо бүрдүүлэх арга юм.

Сонирхол 2

БНХАУ-д нүүрс зарах сонирхол зөвхөн манай улсад байхгүй. Энэ сонирхол ОХУ-д ч бий. Тэдний Азийн нүүрсний зах зээл рүү шургах бодлого нь сүүлийн жилүүдэд тун амжилттай хэрэгжиж байгаа. Энэ утгаараа ОХУ нүүрсний зах зээл дээр манай хамтрагч биш, өрсөлдөгч юм. Хойд хөрш нүүрсний экспортынхоо тэн хагасыг Алс Дорнод буюу Ази Номхон далайн бүсийн орнуудад гаргадаг болсон. Нөгөөтэйгүүр ойрын 10 жилд Азиуд дэлхийн эдийн засгийг хөдөлгөх гол хүч байх юм. Өөрөөр хэлбэл, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд өндөр нөлөөтэй. Дараагаар нь асар хурдацтай хөгжилтэй, 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс буй. Ингэхээр ОХУ-ын худалдааны бодлого Ази руу чиглэхийг олон улсын шинжээчид онцлоод байгаа. Түүнчлэн Кизылийн бүс нутагт “Эльга” гээд хоёр тэрбум тонн нөөцтэй нүүрсний орд нээгдсэн. Үүнийг Орос сүүлийн жилүүдэд ашиглахаар хөрөнгө оруулалт, төслүүд яригдаж байгаа. Цаашдаа энэхүү ил уурхайгаараа дотоодын болон Ази Номхон далайн орнуудын хэрэгцээг хангахыг зорьж байгаа. Энэ оноос техник технологийн шинэчлэл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Олборлолтоо 2021 онд 20.7 сая, 2023 онд 29.7 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн байна.

Ингэхээр ойрын хугацаанд өрсөлдөөнд ОХУ маш хүчтэй дарамт манай зах зээлд учруулахаар байгааг шинжээчид дурдсан. Гэтэл манай улс хойд хөрштэй транзит тээврийн харилцан хөнгөлөлтийн үүрэг хүлээгээд байдаг. 

Үүгээрээ бид ОХУ-ын нуруугаар дамжиж Владивостокоор нүүрсээ гуравдагч зах зээлд гаргана гэсэн зорилттой байгаа ч, нөгөө талаасаа ОХУ манай нуруугаар дамжин БНХАУ руу нүүрсээ гаргах алсын хараатай байгааг үгүйсгэхгүй. 

Сонирхол 3

Дүрмийн дагуу бол ямарч улс худалдаа хийхийг зорьдог бол эхлээд нөхцөлөө бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нүүрсээ ихээхэн зарж, орлого олох гэж байгаа бол төмөр замаа тавина. Үүнийг манай үе үеийн Засгийн газар мэддэг. Олон ч төсөл, хөтөлбөр бий. Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам гэхэд 2012 онд ашиглалтад орох ёстой байв. Түүнээс хойш 280 орчим сая ам.доллар зарцуулсан хэдий ч 2015 оноос санхүүжилтгүйн улмаас зогсоод байгаа. Сүүлийн үед төслийг хөдөлгөх тухай яриа хүчтэй өрнөөд буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд төмөр замд 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн 49 хувийг нь хөрөнгө оруулагчдад санал болгоод буй. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр байнгын 1200 орчим ажлын байр бий болно. Улсад жилд 10-20 сая ам.долларын татвар төлнө. Тавантолгойн бүлэг ордуудын олборлолтын хэмжээ нэмэгдэх, авто тээврийн осол багасах, бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл үгүй болохоос гадна тээвэрлэлтийн зардалд эерэг нөлөөтэй гэж нийгэм, эдийн засгийн үнэлгээг нь гаргасан байдаг. Гэхдээ одоо төмөр зам алга. Төмөр замтай Тавантолгой, төмөр замгүй Тавантолгойг харьцуулахын ч аргагүй.

Хэрэв төмөр зам тохирсон хугацаандаа ашиглалтад орсон бол жилд тонн нүүрсийг дунджаар 100 ам.доллараар худалдаалж, өнгөрсөн хугацаанд 10 тэрбум ам.долларын ашиг олох байсныг “Ил уурхайн оновчлол”- оор гаргажээ.

Мөн энэ оновчлолоор төмөр зам барьвал баруун, зүүн цанхийн эдийн засгийн үр өгөөжтэй нөөцийг ойролцоогоор тонн нүүрс 100 ам.доллараар 68 жилийн нөөцтэйгээр 1.4 тэрбум тонн нүүрс экспортлоно гэдэг тооцооллыг гаргасан байдаг. Үүгээр зогсохгүй олон жил дамнан яригдсан төмөр замууд бий. Одоогоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км, Тавантолгой-Сайншанд чиглэлийн 892 км, Хөөт-Сүмбэр чиглэлийн 380 км, Сайншанд-Ханги чиглэлийн 324 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км, Зүүнбаян-Хангийн төмөр замын төслүүд байгаа юм. Даанч нэг далдын “хүч” гацаагаад байдаг гэлтэй. Учир нь манайх төмөр замтай болвол ОХУ Азийн зах зээлд орж ирэх боломж хумигдана. Тиймээс төмөр зам бариулахгүй байх нь хойд хөршийн илт сонирхол. Нөгөө талаас тэр сонирхлыг биелүүлснээр хойд хөрштэй найрамдалтай байх нь манай төрийн сонирхол. Цаашлаад Тавантолгойн үнэ цэнийг бууруулах нь аль алиных нь сонирхол гэлтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Бүх юм Нар салхи наас цэнэгээ аваад ажилдаг болоод байна шдээ Нүүрс хог болж эхэллээ шдээ удахгүй

    0 0 Хариу бичих
  2. Замаа л яаж ийж байгаад барьчихмаар байна. Женко гошного байгаа цагт худлаа биз дээ.

    0 0 Хариу бичих
  3. Tsarigiin margaanaas davhar vagonii margaan n

    0 0 Хариу бичих