“Тамгагүй төр” 21 дэх жилдээ...

“Тамгагүй төр”-ийн цөм санаа биднийг байхгүй болсны дараа тавьсан ч цохилсоор л байх болно... Б.Жаргалсайхан

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид шинэ оны анхны уран бүтээлээрээ Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн 21 жилийн өмнө найруулсан “Тамгагүй төр” жүжгийг үзэгчдэдээ дахин хүргэлээ. Тус жүжгийн гол дүр Хүннү гүрний Арчуг хааны дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай уран бүтээлийн талаар ярилцлаа.

“Тамгагүй төр” жүжиг драмын театрын урын санд ороод 21 жил болжээ. Энэ жүжгийн Арчуг хааны дүрийг анх тайзнаа Л.Жамсранжав гуай амилуулж байсан. Та хэрхэн энэ жүжгийн багт орж байв?

Анх 1998 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжиг найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар театрын тайзнаа тавигдсан. 21 дэх жилдээ тасралтгүй театрын тайзнаа тавигдаж байгаа манай театрын урт настай жүжиг. Анх жүжиг тайзнаа тавигдахын өмнө дүрүүдэд сонгон шалгаруулалт явагдсан. Тухайн үед би Эгэрийн дүр дээр ажиллах боломж гарч байлаа. Тухайн үед манай алдарт жүжигчин Л.Жамсранжав, П.Цэрэндавга ах нар тоглож байхад би энэ аваргуудын дундуур орж орооцолдож гай болоод яах вэ гээд оролцоогүй. Бараг энэ жүжгийг Б.Лхагвасүрэн гуай Л.Жамсранжав гуайд зориулаад бичсэн ч гэсэн яриа байсан санагдаж байна. Л.Жамсранжав гуай ч дүрдээ гайхалтай тоглосон. Л.Жамсранжав гуай өөд болсноос хойш манай уран уншлагын нэрт мастер Ардын жүжигчин Г.Равдан ах нэг хэсэг Арчуг хааны дүрд тоглосон. Түүний дараа дөрвөн жилийн өмнө Ч.Найдандорж найруулагч "Жагаа чи Арчуг хааны дүрийг нэг уншаадах" гээд. Ер нь агуу жүжигчид хийж бүтээсэн дүр дээр ажиллана гэдэг яадаг юм бол доо гэж дотроо бодож байсан. Уншиж үзэхэд хүндрэлтэй хэцүү ажиллагаатай зүйлс олон байлаа. Нэгдүгээрт энэ маань өөрөө үргэлжилсэн үгээр биш яруу найргийн хэлбэрээр, монгол хэлний үгийн санг гайхалтай сайхан оруулж бичсэн зохиол. Надад эргэцүүлж бодох зүйл их байсан. Зохиолоо уншиж үзээд ер нь энэ жүжиг дээр ажиллаж үзэх нь зөв, хэрэгтэй юм байна гэж шийдсэн л дээ. Ямар ч байсан хүмүүсийн сэтгэл санаанд нийцсэн юм шиг байна лээ. Үзсэн хүмүүс, найруулагч нар болж байна гэж сайхан урмыг үг хайрлаад түүнээс хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл тоглож байна. Одоо ч гэсэн "Тамгагүй төр" жүжгийн Арчуг хааны дүрд тоглохдоо нэлээд догдолсон сэтгэлээр бэлтгэл сургуулилтдаа ордог шүү.

Тухайн үед жүжгийн багт таны хамт өөр уран бүтээлчид солигдсон уу?

Гүргэл хатан, бага хатан, хан хүүд тоглох уран бүтээлчид солигдож тоглож байсан. Намайг тоглосноос хойш хан хүү дээр 2-3 ч залуу жүжигчин солигдож тоглолоо. Одоогийн тоглож байгаа бүрэлдэхүүнд манай залуучуудаас Г.Алтангэрэл, М.Тогтохжаргал нар болон их хатны дүрд Б.Нармандах жүжигчин тоглож байна. 

Дүрээ бүтээхийн тулд судалгаа хийдэг. Арчуг хааны дүр бол түүхэн дүр биш. Гэхдээ мэдээж хааны дүр учраас таны өмнө нь бүтээж байсан хаадын дүрээс юугаараа ялгаатай онцлог байв?

Би өмнө нь 2-3 хааны дүрд тоглосон. Түүнээсээ ялгарах зүйл нь юу байх вэ гэдгийг бодолгүй яах вэ. Энэ дүрд би нэг л зүйлийг илүү их бодсон нь төрийн хүн байх гэдэг ямар байх ёстой юм бэ гэдэг өнцөг. Төрийн хүн гэдэг бол ойр дотнын халуун ам бүл, найз нөхдөө төрийн төлөө золиослох үедээ золиосолж болдог юм байна. Ингэж байж гэмээнэ төр улс маань бүтэн байх юм байна. Ингэж байж зон олон амгалан тайван байх юм байна. Одоо бидний ярьдаг шударга гэдэг зүйл чинь жинхэнэ хаан хүнд байх ёстой юм байна гэдэг талаас нь дүр дээрээ тогтож ажилласан.

Энэ жүжиг Монголын түүхэн сонгодог жүжиг болон үзэгчдийн хүсэж хүлээдэг жүжгийн нэг хэдийнэ болсон. Таныг иргэд “Хасар Жагаа” хэмээн дэлгэцийн дүрээр тань илүү мэддэг бол тайзны бүтээлийн тухайд энэ дүр тань тодорхой нэр хүндийг танд авчирсан бол уу?

Б.Мөнхдорж найруулагч, Сорогдогийн Жаргалсайханы "Хаан түүх" хэмээх манай театрын урын сангийн түүхэнд гурвалсан буюу гурван ангит анхны жүжгийн гол дүрд тоглосон. Хаан хүү Саргуун, Хаан Саргуун, өтөл насанд амьдрал нь дуусаж байгаа хааны дүрд би тоглон тухайн үед нэлээд шуугиулсан. "Тамгагүй төр" жүжиг нь өөрөө анх тоглогдсоноосоо эхлээд нэлээд шуугиан тарьсан учраас ямар ч цаг үед тоглосон хүлээлт байх нь аргагүй. Энэ жүжигт хэн тоглож байгаа нь гол биш. Гэхдээ хэн яаж, тоглож байгаа нь чухал. Үзэгчдэд Л.Жамсранжавын оронд Г.Равдан тоглолоо. Л.Жамсранжаваас ялгаатай нь юу байна. Л.Жамсранжав, Г.Равдан хоёрын дараа Хасар Жагаа тоглолоо. Хасар Жагаа энэ хоёр жүжигчнээс юугаараа ялгаатай яаж тоглох вэ гэдэг хүлээлт байж магадгүй. Манай П.Цэрэндагва ах бол энэ жүжигт анхнаас нь тоглосон, агуу жүжигчин. Түүнтэй хамтран тоглоход нөмөр нөөлөгтэй, өгч, авах харьцаан дээр их өгөөжтэй. Олон ч жил нэг өрөөнд хамт байна. Амьдрал дээрх ойлголцол тайзан дээр ч хөтөлдөг учраас бид хоёрын хувьд үнэхээрийн гар нийлсэн хамтрагчид. "Хаан түүх" жүжгийн хоёрдугаар анги дээр бид хоёр аав, хүү болон тоглолоо. "Саран хөхөө" жүжиг дээр хүртэл хоёр эсрэг дүр болон тоглосон гээд ярих юм бол хамтран тоглосон жүжиг олон. "Тамгагүй төр" жүжигт Давгаа ахыг харах гэж хүсэн хүлээсэн олон үзэгч байгаа. Мөн залуучуудыг маань яаж тоглох нь уу гэж харах гэсэн үзэгчид байгаа. Дээр нь энэ жүжгийг хүмүүс үзээд өөр өөрийн өнцгөөр ойлгож мэдрэх гэсэн хүсэл тэмүүлэл мөрөөдөл байгаа байх гэж боддог. Өнөө цаг үе маань хэрүүл, тэмцэлтэй хэцүү байна. Тиймээс нэг удаа ч гэсэн үзэгчид маань ирж үзчихээд үнэхээр хаан хүн гэдэг ийм л байх ёстой шүү дээ гээд дотроо сайхан бодол тээн гараад ийм байгаасай гэж өөртөө нэг жаахан кайф авах ч юм уу. Урлаг нийгмээсээ нэг алхмын өмнө байх ёстой гэдэг. Энэ үүднээс манай "Тамгагүй төр" жүжиг хүлээлт ихтэй. Б.Лхагвасүрэн гуай парламентад суусан, тэр доторх зүйлсийг маш сайн мэдэж байсан. Үүнийгээ бүр урагш нь татаж аваачаад Хүннү гээд бичсэн болохоос биш аль цаг үед аваачих боломжтой агуулга, санаа. "Тамгагүй төр" орчин үеийн хувцас өмсөөд тоглосон ч болохоор бичигдсэн жүжиг. Үүнд энэ жүжгийн агуу чанар оршиж байна. 

Өнөөгийн улс төрд энэ жүжгийн үйл явдал өрнөж байна гэж хүмүүс зүйрлэж яриад байгаа?

Яг л байгаа шүү дээ. Арчуг хааны үгэн дотор байгаа. "Дур зорго ухаан бодлоо хурааснаас минь хойш Дуртай болгон төр булаалдаж бие биенээ хэмлэж, бишгүй их хэрэлдэнэ биз" гэж байгаа. Тэр үг бол одоо яг л зохицож байгаа. Сонгодог зохиолын хамгийн том ач холбогдол нь аль ч цаг үед тоглосон тэр чанар нь байж байдаг. "Тамгагүй төр"-ийн цөм санаа биднийг байхгүй болсны дараа тавьсан ч цохилсоор л байх нь ойлгомжтой.

Танайхан шинэ жүжгийн уншлагатай байна. Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?

Манай театрын шинэ оны анхны уран бүтээл яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" зохиолыг театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар ажилдаа орсон. Ирэх хоёрдугаар сарын сүүлээр үзэгчдийн хүртээл болох байх. Энэ бүтээл хүмүүсийн хүлээлт үүсгэдэг сонин бүтээл болов уу.

Өнгөрсөн оны уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцвал?

Театр маань өнгөрсөн онд хоёр сайхан уран бүтээл хийсэн. Мөн тоглогдох ёстой жүжгүүд тоглогдсон. Мэдээж төсвийн байгууллага гэдэг утгаараа театр алдарт төлөвлөгөө нормоо давуулан биелүүлсэн. Энэ жилээс эхлээд яам маань давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхийг нь театрт өгсөн. Тэгэхээр манай театрын хувьд давуу талууд гарч ирж байгаа. Давсан орлогоо бид өөрсдөө шинэ жүжигтээ зориулах, эсвэл ачаалал ихтэй уран бүтээлчдээ урамшуулал байдлаар цалин болгож олгох, ажилчдынхаа нийгмийн халамжид зориулах зэрэг олон талын үйл ажиллагаанд зарцуулах боломж гарч ирж байна. Хуучин бид төсвийн хэдэн төгрөгийн цалин болон урамшууллын хэдэн төгрөгөө аваад явдаг байсан.

Өнгөрсөн жил театрын бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг орж ирсэн?

СУИС-ийн багш Н.Ганхуяг найруулагч манай театрын уран сайхны удирдагчаар орж ирсэн. Н.Сувдаа эгч нас өндөр болж 70 гарлаа. Тэгээд ажлаа өгөөд одоо театртаа жүжигчнээр ажиллаж байгаа. Н.Сувдаа эгч манай театрын уран сайхны бодлогыг олон жил авч явлаа. Энэ теарт энэ хүний хийсэн бүтээсэн зүйл маш их. Н.Ганхуяг уран сайхны удирдагчийн юу хийх, бодлого нь ямар байх нь одоо харагдах байх. Тэрээр театрт орж ирээд 5-6 сар болж байгаа, ерөнхийдөө бүх нөхцөл байдалтайгаа танилцсан. Одоо ажил нь шуудраад явчих байх.

Хоёр том кино төсөл дээр ажиллаж байгаа.

Таныг сүүлийн жилүүдэд тэр бүр дэлгэцийн бүтээлээс харсангүй. Киноны саналаас татгалзаж байгаа шалтгаан тань юу вэ?

Сүүлийн үед гарч байгаа кинонуудыг харахад монгол бахархал, монгол ёс, уламжлал соёл тал руугаа орж байна. Тэр нь их сайхан бахархууштай хэрэг. Ер нь инээсэн ханиасан алиа хошин талаасаа жаахан өөрчлөгдөж байгаа юм шиг анзаарагдаж байна. Залуучууд болон дунд идэр насны залуус кино хийгээд явах нь зөв. Сайн, муу байж болно. Тэр өрсөлдөөн дундаас ялгаж салгаад тэр маань цаашдаа монгол киног авч явах хүмүүс тодроод гараад ирэх байх. Киноны санал ирдэг. Гэхдээ би сүүлийн 2-3 жил кинонд тоглох нэг их сонирхолгүй байгаа. Би өөрөө хоёр том төслүүдтэй байгаа учраас түүн рүүгээ нэлээд шамдаж байна. Түүнийгээ юм болгочих юм бол миний хувьд жүжигчин уран бүтээлч болсны хэрэг бүтэх, үлдээх зүйл байх болов уу.

Нууц биш бол ямар төслүүд вэ?

66 ангитай Чингис хааны тухай кино хийхээр бэлтгэл ажил явагдаж байна. Хөрөнгө мөнгөний асуудал 100 хувь шийдэгдээгүй. Уг нь 2019 оны наадмын дараа эхлэх ёстой ч амжих, үгүй нь тодорхойгүй л байна. Өвөрмонголтой хамтран хийнэ. Өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Бээжинд ажлын айлчлал хийхэд би очиж энэ киног хийх гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Урнаа бид хоёр Чингисийн онгон яагаад алга болсон юм бэ гэдэг санаа олж гурван зохиолчид өгсөн. Гурвуулаа зохиолоо бичээд өгчихсөн. Үүнийгээ кино болгохоор хүмүүстэй ярилцаад ажил явж байна. Энэ хоёр төслийг аятайхан кино болгоод үзэгчдэдээ үлдээчих юм бол дараа дараагийн хүмүүст нэлээд юм өгөх болов уу гэж найдаж байна. Уран бүтээлчид бидний үзэл санаа бодлоо илэрхийлэх гол зэвсэг бол хийж байгаа уран бүтээл нь юм. Урнаа бид хоёр нийгэм рүү хандсан уран бүтээл хийе гэж бодож байгаа. Залуучууд харьцангуй төлөвшиж нийгэмшиж байна. Сайн нь их боловч саар нь бас байгаа учраас жаахан зөв тал руу мессеж өгсөн бүтээл хийх бодолтой байна. Наадмын дараа энэ ажилдаа орох байх. 

Төр засгаас томоохон хэмжээний түүхэн бүтээлийг бодлогоор дэмжих асуудал яригддаг. Энэ яг хэр бодит биеллээ олох бол?

Санжийн Баярыг Ерөнхий сайд байхад соёл урлагийн ажилчдын анхдугаар чуулга уулзалт болсон. Тэр чуулганаар Засгийн газар болгон дөрвөн жил эрх барих хугацаандаа нэг удаа томоохон киног санхүүжүүлж ажиллая, үүнийг манай Засгийн газраас эхэлье, бид бодлогоор дэмжье гээд л бөөн зүйл болсон. Түүнээс хойш хэчнээн ч Засгийн газар байгуулагдав. Таг чиг шүү. Томоохон кино хийхэд 10-15 тэрбум төгрөг гаргая л даа. Энэ мөнгө улсын төсөвт юу юм бэ. Том кино уран бүтээлийн хойч үедээ үлдэж байгаа үлдэц ямар байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. “Мандухай цэцэн хатан”, “Цогт тайж”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гээд киног хар л даа. Эдгээр бүтээл бидний бахархал болоод үлдчихлээ шүү дээ. Одоо үүнийгээ бид үргэлжлүүлэх ёстой. Саяхан шинэ оны өмнө Төрийн ордонд томоохон хурал болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх кино урлаг, урлаг соёлоо дэмжье гээд Ерөнхий сайдын дэргэдэх урлагийн зөвлөл байгуулагдсан. Одоо энэ асуудал нэлээд хүчтэй яригдах байх гэж бодож байна. Киногоо дэмжээд дөрвөн жилд нэг удаа том кино хийе л дээ. Манай түүх чинь агуу баялаг шүү дээ. 66 ангит Чингисийн кино хийе гэдэг маань их утга учиртай. Чингис хааны насалсан тоогоор нь хийж байгаа. Хөрөнгө мөнгө их шаардагдагдана. Өвөрмонголын талтай гарын үсэг зураад ирснийхээ дараа Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд үүнийг дэмжинэ, туслана гэсэн. Гол хөрөнгө оруулалт нь мөнгөтэй урд тал учраас түүнийгээ хараад байж байна. Ерөнхийдөө 70 хувьтай хөрөнгө оруулалт хийж байгаа. Аливаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэхэд шат дамжлага гэж зүйл байдаг. Тэр дамжлага дээрээ л явна. 

Хоёр орны уран бүтээлчид тоглох уу?

Тэгнэ. Гэхдээ маргаантай зүйл их шүү. Нөгөө урд талынхантай уулзахаар Чингис хаанд хэнийг тоглуулах вэ, хөгжмийн зохиолч хэн байх вэ гээд л. Чингисийг хүртэл тэд эндээсээ авна, бид ихэнх хөрөнгөө гаргаж байгаа гэлцэнэ. Бид тийм зүйл байхгүй шүү гээд л дайраад байгаа. Сүүлдээ би “Хоёр талаасаа комисс гарган уран бүтээлчдийн дунд проб хийе. Үнэхээрийн чадал, чансаатай уран бүтээлчийг шалгаруулж авья” гэж байгаа. Ер нь бол хөгширч ч болох, нүүр хувиргалт хийгээд залуу ч болгож болох 35-40 насны хүн гол дүрдээ авья гэж үзсэн. 

Хятад талаас хятадын том кино наадмаас хоёр удаа зохиол нь шалгарсан зохиолч зохиол дээр нь ажиллаж байгаа. Манай монгол талаас “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолыг бичсэн Б.Цогнэмэх ажиллаж байна. Түүхийн зөвлөхөөр доктор С.Чулуун, А.Пунсаг нар оролцож байна. Энэ сайхан киног хийвэл үлдэц нь хэрэгтэй юм. Чингисийн онгоны тухай кино бол уран сайхны санаа нь их сонирхолтой. Чингисийн онгон ингэж л хэнд ч мэдэгдэхгүй алга болсон юм байна шүү гэсэн нэг санаа л даа. Энэ санаагаа урд явж байхдаа хэлж үзэхэд тэд их шуналтайгаар хүлээн авч, аваад ир, манай Ордост Чингисийн онгон байна эндээс мөнгө босгон хийе, гайхалтай гээд л байгаа. Тэгэхэд нь “Байж бай тийм зүйл байхгүй шүү, үгүй” гээд одоохондоо чимээгүй л байна. Гэхдээ хөрөнгө мөнгө шийдэгдэх юм бол хүний санаа их урвамтгай шүү дээ. Энийгээ л юм болгочихвол тэнд ч адилхан л монголчууд байгаа учраас хийе тоглоё, мөнгийг нь босгоё гэж байгаа улстай хийсэн ч яадаг юм бэ гэсэн бодол ч төрчих гээд хэцүү, их зовлонтой шүү. Энэ зохиол маань бичигдээд хоёр жил болж байдаг. Мөнгө санхүүгийн хувьд гацаад байгаа болохоор хэцүү шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. "Мандухай цэцэн хатан" шиг сайхан кино хийгээрэй. АМЖИЛТ

    0 0 Хариу бичих