“Иргэншилгүй сагсанбөмбөгч”-ийн түүх буюу Р.Т.Эрдоганы “урт гар”

Нэг хүнээс болж гэр бүлгүй, эх нутаггүй болсон тамирчны түүх

Турк улс 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлжээ. Мөн 2018 оны арванхоёрдугаар сард Сансар судлалын агентлаг байгуулж, энэ салбарт их гүрнүүдтэй эн зэрэгцэхээ зарлан тунхаглалаа. Сансар судлал, спорт бол хөрөнгө мөнгө их шаарддаг, улс орны хөгжлийг илэрхийлдэг гол зүйл учир сонссон хүн Турк улсыг цэцэглэн хөгжиж байгаа юм байна л гэж ойлгоно. Харин үнэн хэрэгтээ бол эдийн засаг бүхнийг тодорхойлдог үнэнд гүйцэгдэж, дэвшүүлсэн зорилт нь цаасан дээр үлдэж байна. 

Эрзурум хотын дарга Сейфеттин Азизоглу 2026 оны олимпийн наадмын бобслей, скелетон, цанын тэмцээнийг Сочид явуулах хүсэлт тавьж, оросууд татгалзсаны дараа ОУОХ Туркийн хотыг өрсөлдөөнөөс хассан. Хөрөнгөтөн улсад ахиу мөнгө олж байгаа нэгнээ эчнээ буруутган хилс хэрэг тохох Р.Т.Эрдоганы үйлдэл спортын ертөнцийг ч тойрсонгүй. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью Йорк никс” багийн тоглогч Энес Кантер энэ сарын 17-нд Лондонд болох ёстой байсан тоглолтод оролцохоос татгалзсан нь олон нийтийн анхаарлыг татаж, Туркийн улс төрийн хямрал, Р.Т.Эрдоганы дэглэм тамирчдыг ч зовоосоор байгааг мэдрүүлсэн юм. Туркийн Хууль зүйн яам энэ сарын 15-нд Интерполд Энес Кантерыг хаа байгаа газраас нь олж барин шилжүүлж өгөх хүсэлт гаргасан бөгөөд үүнийг мэдсэн тамирчин “Лондон руу явахгүй” гэсэн нь тэр байв. Үнэндээ энэ бол мөсөн уулын оройн хэсэг бөгөөд Э.Кантерт Туркийн удирдагчийн зүгээс үзүүлсэн дарамтуудын зөвхөн нэг нь юм.

Энес Кантер үнэндээ Р.Т.Эрдоганы “урт гар”-ыг дөрвөн жилийн турш мэдэрсэн нэгэн. Түүнийг 2016 оны  бүтэлгүйтсэн төрийн эргэлтийг зохион байгуулахад их хэмжээний мөнгө хандивласан гэж буруутгасан бөгөөд эх оронд нь үлдсэн ар гэрийнхнийг нь хэлмэгдүүлж, иргэншлийг нь хасч, сүүлдээ эрх чөлөөг нь булаах гэсэн нь тэр байв. Гэсэн ч тэрээр буулт хийх талаар бодож байсангүй. Энес Кантерыг АНУ-д “Иргэншилгүй сагсанбөмбөгч” гэдгээр нь сайн мэддэг. Тэрээр зохиолч Фетхулла Гюлений тэргүүлдэг “Хизмет” хөдөлгөөнийг багаасаа дэмждэг байжээ. “The Economist” сэтгүүлд “Хизмет” хөдөлгөөнийг “Пацифизм дээр үндэслэгдсэн, хэт даврах үзлийг эрс үгүйсгэдэг, лалын шашныг шинэлэгээр харж, энхтайванд тэмүүлэхийг зорилго болгосон” гэх зэргээр тодорхойлсон байна. 2015 онд АНУ-д ирээд “Хизмет”-ийн үзэл санааг улам ч ихээр ойлгож, дэвшилтэт гэж үзэх болжээ. Шигшээ багийн дасгалжуулагч Эргин Атаман өнгөрсөн баларсан нэг зөрчлийнхөө төлөө уучлалт гүйгаагүйгээс нь болоод түүнийг 2015 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээс хассан явдал түүнд хүндээр туссан гэдэг. Тэрээр өмнө нь шигшээ багт тоглохоос нэг бус удаа татгалзаж байсан нь үнэнтэй. 2009 онд өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Туркийн баг хүрэл медаль хүртэж, өөрөө шилдэг тоглогчоор шалгарсныхаа дараа 2010 оны ДАШТ-д шигшээ багтаа тоглохоос татгалзсан. Энэ эх оронч бус гэмээр үйлдлийг аав нь “АНУ-д Кентаккийн их сургуульд орсон. Эхний сар чухал учраас хичээлдээ суухын тулд татгалзсан” хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ “Евро 2015”-д оролцуулахаас татгалзсан нь энгийн нэг зөрчлөөс бус, улс төрийн үзэл бодлоос нь болсон гэдэгт Э.Кантер эргэлздэггүй, хэвлэл мэдээлэлд ч энэ талаар чөлөөтэй ярьдаг байна. Тухайлбал, Лондон явж чадахгүй болсон талаараа “Харамсалтай нь, Туркийн Ерөнхийлөгч, мэдрэл муутаас болж Лондон явж чадахгүй нь. Намайг тэнд алж магадгүй. Тиймээс удирдлагтайгаа уулзаад эндээ үлдэж бэлтгэл хийхээр боллоо. Ийм зүйл миний спортын замналд нөлөөлж, багтайгаа хамт байхад ийм зүйл саад болж байгаад үнэхээр харамсаж байна. Энэ тэнэг, гаж донтон, дарангуйлагчаас болоод би ажлаа хийж чадахгүй болчихлоо. Намайг үнэхээр ална гэж бодож байна уу гэж үү. Тийм ээ. Амархан ш дээ. Тэдэнд тагнуулууд бий. Намайг хөнгөхөн алж чадна” гэж бичсэн байх жишээтэй. 

ҮСБХ-нд дундаж ч гэлээ Турктээ бол тэрээр маш алдартай тамирчдын нэг учир түүний үг олон нийтэд маш их нөлөөлдөг.

Төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа Энес Кантерыг харах Туркийн төрийн (Үнэндээ бол Р.Т.Эрдоганы) харц эрс хурцасжээ. Р.Т.Эрдоган “Ф.Гюленийг төрийн эргэлт гаргахыг оролдож олон хүний аминд хүрсэн” ил тод зарласны дараа олон хүн “Хизмет”- ийн тэргүүнээс зайгаа барьсан бол Энес Кантер тэгсэнгүй. Ф.Гюленийг өмөөрөн нийгмийн сүлжээнд хэд, хэдэн сэтгэгдэл бичсэнийхээ хариуд элэг нэгтнүүдинхээ хараалыг идэх болсон байна. Гэсэн ч Энес айсангүй, эрх баригчдыг буруутгасаар байсан тул түүний твиттер хуудсыг Туркт хаажээ. Үүний дараа л Э.Кантерын хувьд хамгийн хүнд үе эхэлсэн юм. Р.Т.Эрдоган заналхийллээ бодитоор хэрэгжүүлж эхэлсэн гэсэн ч болно. Энисийн аав Мехмет Кантер хүүгээсээ татгалзаж, овгоо солихыг шаардаж, эх орныхоо нэрийг хөөдсөн хүү төрүүлснийхээ төлөө Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганаас уучлалт хүссэн байна. Мехмет Ерөнхийлөгчид хандсан олон нийтэд нээлттэй ил захидал бичиж, түүндээ “Би Энест хэлсэн ч тэр сүлжээнд манай Ерөнхийлөгчийг шүүмжилсэн зүйлс бичсээр байна. Кантерын гэр бүл түүний үл хүндэтгэсэн харилцааг дэмжихгүй байгаа. Тиймээс би болон манай гэр бүл бүгд Энесээс татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Түүнийг овгоо хурдхан солиулаасай гэж хүсч байна. Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган болон Туркийн нийт ард иргэдийн өмнө ийм хүү өсгөж хүмүүүжүүлснийхээ төлөө уучлалт гуйж байна. Ийм зүйл болно гэж мэдсэн бол би түүнийг хэзээ ч АНУ руу явуулахгүй байсан” хэмээн бичсэн байдаг. Эцгээсээ ийм захиа авахад Энес Кантерт маш хүнд байсан нь мэдээж. Гэсэн ч шазуур зааж, овгоо өөрчилсөн талаараа эцэгтээ мөн адил нээлттэй захидал бичиж мэдэгдсэн байна. Тэрээр захидалдаа Энес Кантер гэдэг овгоо Энес Гюлен болгосноо бичсэн юм.

Харуусал, уй гашуу мэдрэгдэх ч итгэл үнэмшил дүүрэн түүний захидалд “Өнөөдөр би 24 жилийн турш гэр бүлээ гэж бодож байсан аав, ээж, ах, эгч, дүүсээ алдлаа. Эцэг маань надаас овгоо  солиулахыг хүслээ. Амьдрал хайрласан ээж минь надаас татгалзлаа. Ах, эгч нар маань ч намайг үгүйсгэж байна. хамаатнууд маань намайг харахыг хүсэхгүй байна. Гэхдээ Гюлений үйл хэргийн төлөө нэг биш, мянган Энес Кантерыг ч золиослож болно. Би эцэг эх, гэр бүлийнхнээ бүгдийг нь золислож байна. Чаддаг бол амьдралынхаа секунд бүрийг зоригт БАГШ-ийн төлөө зориулахсан. Одоо 171 оронд байгаа Гюленийг дагагчид миний ах дүүс. Бурхан бодитой оршдог, уй гашуу үгүй” хэмээн бичсэн байсан юм. Лондон явахаас татгалзсан тухайд, түүнд бодитой шалтгаан бий. 2017 онд, багтайгаа хамт хүмүүнлэгийн ажиллагаанд оролцохоор Индонезид очоод байхад нь түүний байрласан зочид буудлын өрөөнд нь цагдаа нар орж иржээ. Тэрээр энэ талаар “Зочид буудлын менежер надад цагдаа нарыг “Турк улс аюултай гэж зарласан хүнийг хайж яваа” талаар дуулгасан. Бид шууд л онгоцны буудал руу явж, эхний онгоцоор ниссэн” хэмээн ярьсан байдаг. Яг тэр өдөр Турк улс түүний паспортыг хүчингүй болгосоноор Энес Кантер Румынд багагүй хугацаанд саатсан ч яаж ийгээд Лондон руу нисэж дөнгөсөн байдаг. Түүнээс зургаан өдрийн дараа Турк улс түүнийг “Алан хядах байгууллагын гишүүн” хэмээн зарлаж, эрэн сурвалжлах ажил эхэлснээс зарласан юм. Энес Кантер ч өөрийгөө иргэншилгүй хүн хэмээн зарласан гэдэг.

Энесийн хувьд, зам нь ийнхүү шулуудсан бол Туркт үлдсэн гэр бүлийнхнийх нь хувь заяа өөдөлсөнгүй. Хэдий хүүгээсээ холбоо тасалж, уучлалт гуйсан ч Туркийн шүүх 2018 оны зургадугаар сард түүний эцэг Мехметэд 15 жилийн хорих ял оноож, шоронд хийжээ.

Р.Т.Эрдоганы “урт гар”-т үнэтэй бүхнээ алдсан Энест хувь заяа нь саяхан дахин нэг сорилтыг илгээж, Энис Кантерын “Никс” баг дахь үүрэг тодорхойгүй болсон байна. Тэрээр удирдлагаасаа “Намайг тоглуул, эсвэл өөр баг руу явуул” хэмээн шаардаж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)