Одоогоор хүн амын гуравны нэг нь нийслэлд оршин сууж байна. Иймээс л анх 500 мянга орчим хүнд зориулан төлөвлөсөн нийслэлд юм юм өрнөх болов. 1992 оны шинэчлэн баталсан Үндсэн хууль иргэдэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн. Ингэснээр суурин газар руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал 1990 оноос эхлэн эрчимтэй явагдаж эхэлсэн юм. Хөдөө орон нутгийн иргэд ихэвчлэн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг эрэлхийлэн хот газрыг зорьдог. Гэвч тэдний мөрөөдлийн газар болсон нийслэлд аятай тухтай амьдрах нөхцөл алга. Аятай тухтай байтугай амьд явах баталгаа ч алга.
Нэг сард хоёр нийтийн тээвэр шатав
Нэгдүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16 захын хавьцаа "Улаанхуаран-Мах маркет" чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн “Блюбус” ХХК-ийн эзэмшлийнд байсан юм.
Тэгвэл энэ сарын 24-нд дахин автобус шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Тэнүүн-Огоо ХХК-ийн Орбит, Тахилт чиглэлд явдаг том оврын автобус 06.30 цагийн үед зам дээр шатжээ. Үйлчилгээндээ гарах гэж байсан автобус болохоор гал гарах үед зорчигч суугаагүй байсан гэнэ.
Эмнэлэг, сургуулийн хүрэлцээ, утаа хөрсний бохирдолтойгоо бараг дасан зохицож байтал энэ мэт хэргүүд шил дараалан гарах болсон юм. Эрүүл мэндийн сайд нь “Энэ жил H1N1 вирусын улмаас долоон хүн нас барсан. Энэ бол амжилт” гэж чуулган дээрээ хэлэв. Үгийн алдаа гаргасан хэдий ч өргөн утгаар нь аваад үзвэл манайд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж иймийг л харуулж байгаа юм.
Гэтэл хөдөөгөөс хотыг чиглэх урсгал нэмэгдсээр. Шилжин ирэгсэд гол төлөв гэр хороололд оршин суудаг. Хөдөөнөөс ирээд дасан зохицох амжиргааны наад захын нөхцөлийг бүрдүүлэхэд нь туслах, боловсрол эмнэлгийн үйлчилгээнд хамруулах зэрэг нийгэм, эдийн засгийн талаар тэдэнд зориулсан ямар нэгэн төлөвлөгөө, зохион байгуулалтын ажил хаанаас ч зохион байгуулдаггүй. Ёстой л тэд Монгол хүнийхээ хар ухаанаар л хотод дасан зохицдог. Эл шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны нэгдүгээр сарын 9-нд захирамж гарган хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл хорьсон. Ингэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, Улаанбаатар хотод орон сууц худалдан авахаас бусад тохиолдолд нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Гэвч энэ нь Үндсэн хууль зөрчсөн шийдвэр бөгөөд эрхзүйн хувьд мөн буруу захирамж гарчээ. Тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хориход гурван үндэслэлд тулгуурладаг аж. Нэгдүгээрт, хуулиар. Үүнд Үндсэн хуулийн 19.2 дахь заалтыг үндэслэдэг байна. Уг заалтад “...Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэсэн байдаг. Ингэхээр эл шийдвэр нь Үндсэн хуулийг илт зөрчжээ.
Хоёрдугаарт, зүй ёсны зорилгын дагуу хязгаарлаж болох юм. Өөрөөр хэлбэл, шүлхий зэрэг хурдан тархах өвчин их хэмжээгээр газар авсны улмаас. Гуравдугаарт, энэхүү зорилтод нийцэж байвал шилжилт хөдөлгөөнийг хорих бүрэн үндэслэл болдог байна. Гэвч энэ захирамж хэрэгжсээр хоёрдахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн статистикаар 2017 онд 9567 хүн нийслэлд албан ёсоор шилжин ирсэн бол 10162 иргэн шилжин явсан, харин 2018 онд 6141 хүн шилжин ирж 7100 хүн шилжин явсан гэнэ. Хэдийгээр энэ нь цаасан дээр буусан үзүүлэлтээр эерэг үр дүн гарсан мэт боловч Улаанбаатарыг чиглэх урсгалыг бодитойгоор зохицуулж чадаагүй юм. Албан ёсны шилжилт хийлгээгүй ч сурах, эмчлүүлэх зэрэг шалтгаанаар нийслэлийн хүн ам жил бүр нэмэгдсээр, чихэлдсээр л байна. Үүнээс үзэхэд Үндсэн хууль зөрчсөн энэхүү захирамж нь бодитойгоор үр дүнгээ өгөхгүй байна.