Үгүй! Агаар апп иргэдийг төөрөлдүүлж байна.

Улаанбаатарын утааны хэмжээг тодорхойлдог агаарын чанарын индекс (АЧИ) өнгөрсөн аравдугаар сараас эхлээд өмнөх жилүүдтэй харьцуулахад илт бага гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-нд Баянхошууны АЧИ бүр 2813-т хүрч, Зуун айл, Толгойт зэрэг бусад байршилд ч “маш их бохирдолтой” хэмээн зааж байсан юм.  Харин одоо агаарын чанарын мэдээллийг иргэдэд хүргэдэг agaar.mn болон ухаалаг утасны Агаар апп ихэнхдээ л “хэвийн”, “бага бохирдолтой” гэж харуулж буй. Ийнхүү АЧИ огцом сайжирсан байтал Улаанбаатарын утаа яг хэвэндээ байгааг иргэд төдийгүй сэтгүүлчид нүдээрээ харж, хамраараа үнэрлэж, agaar.mn болон Агаар апп-ын мэдээлэлд эргэлзэж эхэлсэн билээ.

Зураг 1. АЧИ өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 5-ны байдлаар

Иймд, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс Breathe Mongolia ТББ-тай хамтран Агаар апп-ын мэдээлэл хэр бодитой байгааг илрүүлэх зорилгоор агаарын чанарт мониторинг хийсэн юм. 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн гурван долоо хоногийн хугацаанд бид зургаан цэгт нийт 101 удаа хөндлөнгийн төхөөрөмжөөр хэмжилт хийж, тэгэх бүртээ гэрэл зургаар баталгаажуулан Агаар апп-ын мэдээлэлтэй хамт олон нийтийн сүлжээгээр цацаж байв. Ингэж бүрдүүлсэн үзүүлэлтүүдээрээ мэдээллийн сан үүсгэж, анализ хийсний үндсэн дээр agaar.mn сайт болон Агаар апп-ын мэдээлэл иргэдийг төөрөлдүүлж байгааг илрүүллээ.

Бид Зуун айл, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Телевиз, Баянхошуунд байрладаг агаарын чанарын хяналтын харуулын дэргэд очиж, Laser Egg-ээр өдөр бүр 1-2 удаа АЧИ болон PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорыг хэмжив. Тэгэхэд agaar.mn болон Агаар апп-аар мэдээлдэг агаарын чанарын үзүүлэлтүүд агаарын бохирдлын тухайн цагийн бодит хэмжээнээс илт зөрж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өглөө Зуун айл орчимд АЧИ-ийг хэмжихэд 436 байсан бол Агаар апп 64 гэж зааж байв. Бараг зургаа дахин их зөрүүтэй байсан гэсэн үг! Түүнчлэн, энэ сарын 11-ний оройн 22:00 цагийн орчимд Баруун дөрвөн замын харуулын самбарт АЧИ 278, PM 2.5 нь 223 байна гэж харуулсан бол Laser Egg-ээр хэмжиж үзэхэд АЧИ 500+, PM 2.5 бол 999+ гэж хэд дахин өндөр утга заасан. Энэ нь уг төхөөрөмжийн дээд үзүүлэлтүүд бөгөөд агаарын бохирдол яг ямар хэмжээнд байсныг хэлэх боломжгүй. Бидний хийсэн хэмжилтүүд ийнхүү агаарын чанарын улсын хяналтын харуулуудынхаас илт зөрж байсан бол АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд нийт 14 удаа хэмжиж үзэхэд stateair.mn сайтын мэдээлэлтэй нэлээд дөхөж очиж байв.

Жич: Laser Egg төхөөрөмж дотоод агаар хэмжих ахуйн зориулалттай боловч гаднах агаарыг хэмжихэд ямар ч асуудал гарахгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Гагцхүү хүйтэнд литиум батарей нь царцах эрсдэлтэй боловч энэ нь хэмжилтэд нөлөөлөхгүйг физикч тайлбарласан.

АЧИ-ийг “агаар дахь түгээмэл тархалттай гурваас доошгүй үндсэн бохирдуулах бодисоор тооцно” гэж журамласан байдаг. Гэтэл биднийг мониторинг хийж байх хугацаанд хяналтын самбарууд зарим бохирдуулах бодисыг огт харуулахгүй байх тохиолдол элбэг ажиглагдаж байлаа. Тухайлбал, онлайнаар мэдээллийг нь харж болдог 11 хяналтын харуулын дөрөв нь буюу 100 айл, Мишээл Экспо, Ургах Наран, Монгол газарт хүний эрүүл мэндэд хамгийн хортой PM 2.5-ын хэмжээг огт үзүүлдэггүй. Тухайн хяналтын харуулууд PM 2.5-ыг тодорхойлох техникийн боломжгүй гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.

Түүнчлэн, хяналтын харуулууд ихэнхдээ 9-10 жилийн настай, хуучирсан учраас гэмтэл гарах, тохируулга алдагдах зэргээс буруу үзүүлэлтүүд зааж болохыг холбогдох мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдөр Баянхошуу орчмын агаарын чанарын индекс нь  agaar.mn сайтын мэдээллээр 0 буюу цэвэр байв. Энэ үед бид Laser Egg-ээр хэмжихэд РМ 2.5-ын үзүүлэлт 999+, агаарын чанарын индекс 500+ буюу “аюултай” түвшинд хүрсэн байсан. Тухайн үед Баянхошуу орчмынхон утааг нүдээрээ харж байсан учраас хяналтын харуул эвдэрсэн байна гэж бодоод өнгөрч болно. Гэтэл өөр газар байгаа хүн тэнд агаар сайхан байна гэж эндүүрэхээр, техникийн гэмтлээс шалтгаалж буруу заасан энэ мэт үзүүлэлт мэдээллийн санд жинхэнэ мэтээр бүртгэгдээд явахаар байна.

Мөн энэ сарын 11-ний өдрийн 21:45 цагт Монгол газар компанийн ойролцоох агаарын чанарын индексийг 23 буюу “цэвэр” гэж мэдээлжээ. Гэвч эхний зурган дээр байгаачлан энэхүү индекст PM 2.5-ын мэдээлэл огт ороогүй байх магадлалтай. Мөн PM 10-ын мэдээлэл нь 18:00 цагаас хойш огт байхгүй. Түүгээр ч үл барам хүхэр болон азотын давхар исэл 15:00 цагаас хойш  0 заасан байв. Ингээд үр дүнд нь энэ хэсгийн агаар “цэвэр” байна гэсэн мэдээллийг иргэдэд хүргэх жишээтэй.

Сүүлийн өдрүүдэд Агаар апп-ын бүх байршилд хүхрийн давхар исэл (SO 2), азотын давхар исэл (NO2), озон (O3), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) гэсэн бохирдуулах бодисыг 0 хэмээн зааж байна! Ийнхүү бидэнд агаарын бохирдлын талаарх үнэн бодит мэдээллийг өгч байх үүрэгтэй Агаар апп маань үнэнд огт нийцээгүй гэж хэлэхээс өөр аргагүй мэдээллийг өгсөөр, иргэдийг төөрөлдүүлсээр байгаа юм.

Өнгөрсөн аравдугаар сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн журмаа холбогдох албан тушаалтнууд олон улсын буюу АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн аргачлал руу шилжсэн  хэмээн тайлбарлаж буй. Өмнө нь хаа ч байхгүй, хэт энгийн томъёо ашиглаж байсан учраас л АЧИ хэдэн мянгад хүрч байсныг тэд хэлж байна. АНУ-ын АЧИ тооцоолох томъёог ашиглаж эхэлсэн нь үнэн боловч түүнд харгалзах хязгаарын утгууд нь шал өөр учраас хариу нь мэдээж тэс өөр гарна.

Агаарын чанарын мэдээллийг Монголын MNS4585:2016 стандартад нийцүүлэн гаргах ёстой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мэдээж улс бүрт стандарт бий. Тухайлбал, PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын зөвшөөрөгдөх дээд хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр жилийн 10, хоногийн 25 байгаа бөгөөд АНУ, Канад, БНСУ зэрэг улс үүнтэй ойролцоогоор стандартаа тогтоож өгснийг графикаас харна уу. Гэтэл Монголын хувьд PM 2.5-ын хүлцэх агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин өндөр байна! Ингэхэд, монгол хүн америк, эсвэл солонгос хүнээс юугаараа ялгаатай болоод илүү их хэмжээний агаарын бохирдлыг хүлцэн тэвчих ёстой гэж? Эсвэл утаанд байсаар байгаад мутант болчихсон юм уу гэсэн асуулт эндээс урган гарч байгаа юм. Дашрамд сонирхуулахад, бидний судалж үзсэн орнуудаас зөвхөн БНХАУ л энэ үзүүлэлтээ манайхаас өндөр тогтоож өгсөн бөгөөд нэлээд шүүмжлэлд өртөж байжээ. Агаарын бохирдлын датагаа бага гаргах гэж оролдсон, агаарын чанарыг үнэлэх тал дээр төрөөс нь хяналт тавьдаг зэрэг мэдээлэл хэдэн жилийн өмнө хөвөрч байв. Мөн Laser Egg төхөөрөмжөөр агаарын чанарыг хэмжиж, нийгмийн мэдээллийн сүлжээгээр мэдээлсэн хүмүүсийг баривчлах тохиолдлууд ч гарч байжээ.

PM 2.5-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

“Шинэ журмаар АЧИ-ийг олон улсын жишгийн дагуу буюу хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөр гаргадаг болсон” хэмээн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон тайлбарлаж байгаа. Гэвч энэхүү журмын Хүснэгт 1-ийг олон улсын жишигтэй харьцуулж үзэхэд өөр дүр зураг ажиглагдаж байна.

АНУ болон бусад улс АЧИ-ийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллөөр нь тэмдэглэл хийсэн өнгөөр ялгасан байгаа бол манай улсын хувьд бохирдлын түвшинг тодотгон тайлбарласныг хүснэгтээс харж болно. АНУ-ын аргачлалаар АЧИ 151-200 болоход “эрүүл мэндэд хортой” гэж байхад манайх “бага бохирдолтой”, 201-300 хүрэхэд “эрүүл мэндэд маш хортой” гэж байхад манайх “бохирдолтой” гэсэн тайлбартай байх жишээтэй. Нэмж хэлэхэд,  agaar.mn болон Агаар апп шинэ журмын дагуу шинэчлэгдээгүй, одоог хүртэл хуучнаараа харуулж байгааг бид мониторингийн үеэрээ мөн ажигласан юм.

Агаарын бохирдол их байвал иргэд ажил амьдралаа зохицуулах, мөн улс түүнийг багасгахын тулд шуурхай ажиллахад зориулж л АЧИ-ийг гаргаж, олон нийтэд мэдээлдэг шүү дээ! АЧИ 101-150 байхад хүүхэд, хөгшид гадагш гарахгүй, гэртээ агаар цэвэршүүлэгчээ ажиллуулаад суух хэрэгтэй гэх мэтийн бодитой зөвлөмжийг бусад улс өгч байх жишээтэй.

Монголчуудын хамгийн их зорчдог БНСУ-д энэ сарын дундуур хэд хоногийн турш PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ 100-гаас дээш үзүүлэлттэй гарсантай холбоотойгоор Байгаль орчны яамнаас нь онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ шат дараалалтайгаар гүйцэтгэсэн юм. Үүнд, дулааны цахилгаан станцын нэг өдрийн үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнээс 80 хувиар бууруулах,  2.5 болон түүнээс дээш тоннын даацтай дизель түлшээр явдаг хуучин автомашинуудыг Сөүлд явахыг хориглох, төрийн өмчийн байгууллагуудын 430 автомашины зогсоолыг хаах зэрэг багтсан. Мөн төрийн албан хаагчдын машины хэрэглээг 50 хувиар бууруулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/387 дугаарт тушаалын хавсралтад “Агаарын чанарын мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх” гэж цагаан дээр хараар бичсэн байгааг харна уу. Гэтэл тодорхой цагийн хоцрогдолтой мэдээллээ одоогийнх мэт гаргаж, хуучирсан тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор илт худлаа зааж буй үзүүлэлтүүдээ бодитой мэтээр олон нийтэд хүргэсээр байгааг юу гэж тайлбарлах вэ?

“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэж үг бий. Бид АЧИ-ээ бодитойгоор гаргаж, тэрийгээ олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэж, эмх цэгцтэй мэдээллийн сан үүсгэхгүй бол утаагаа багасгаж чадахгүй. Утаа ихсээд байна уу, багасаад байна уу гэдгээ ч мэдэхгүй, төөрөлдчихөөд байна аа бид, одоо.