-“Мобиком”-ын хэрэглэгчдийн 44 хувь нь дугаартайгаа өөр оператор руу шилжих хүсэлтэй байгаа нь судалгаагаар гарчээ-
Гар утас хэрэглэгчид оператор хооронд дугаартайгаа шилжих асуудал таван жилийн өмнөөс яригдсан ч өнөөдөр “Зэлтэрийн гацаа”-нд оржээ. Хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн энэ асуудал яагаад гацаанд оров, хэнээс, юунаас шалтгаалав. Учиг зангилааг нь хөөж, учир шалтгааныг нь хайх аваас цөөн өрсөлдөгчтэй, онцгой салбарт ноёрхлоо тогтоосон дархан эрхтэй “тоглогч”-ийн зах зээл дээрх давуу байдлаа хадгалах гэсэн явцуу эрмэлзлийн үзүүр цухалзах аж.
2014 оны хоёрдугаар сарын 20-нд Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын хэсэг байгуулагдан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийж, санал, дүгнэлт боловсруулсан байдаг. Нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүтэн жилийн турш хийсэн судалгааны тайлангаа Засгийн газарт хүргүүлжээ. Мөн дугаартайгаа шилжих үйлчилгээтэй холбоотойгоор Харилцаа холбооны тухай хуульд 2014 онд өөрчлөлт оруулсан юм. Хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж хүчин төгөлдөр мөрдөхөөр зааж өгсөн ч хэрэгжилгүй таван жил өнгөрчээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс техник технологийн шинэчлэлт, шийдэл, мөн хөрөнгө оруулалтын асуудал шаардагдана. Яг энэ асуудал дээр гацаа үүссэн аж. Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулан энэ чиглэлээр шийдэл гаргахаар ажилласан ч үр дүнд хүрээгүй байна. Үүнд зарим оператор компанийн зүгээс хойрго хандаж, идэвхгүй байдал үзүүлж байсан гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Үүрэн холбооны операторууд хоорондоо харилцан ойлголцож өгөгдлийн нэгдсэн санг бий болгох, энэ ажлыг хариуцах дундын нэгжийг хамтран үүсгэн байгуулж түүгээрээ дамжуулан дугаартайгаа шилжих үйлчилгээг эрх тэгш байдлаар зохион байгуулах ёстой ч харамсалтай нь өнөөг хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй ажээ.
Хэрэв үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг операторууд ойлголцолд хүрч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо тодорхой шийдвэр гаргахаас өөр аргагүй гэдгээ 2015 онд мэдэгдэж байв. Түүнээс хойш дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзсэн ч дугаартайгаа шилжих үйлчилгээ сураг алдарсан хэвээр.
Өнгөрсөн оны 11-р сард Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болсон юм. Энэ үеэр гишүүдийг зүгээс өмнө нь Харилцаа холбооны тухай хуульд оруулсан өөрчлөлт буюу дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлж чадаагүй байж дахин уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж оруулж ирлээ хэмээсэн шүүмжлэл гарч байв.
Дугаартайгаа шилжих үйлчилгээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт нэвтрэхгүй байгаа асуудлын цаана энэ салбарын монополь компаниудын лобби үйлчилж байгаа. Үгүй бол яагаад холбогдох хууль, журмыг нь УИХ-аар баталж өгөөд, дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулах шийдвэрийг нь Засгийн газраас гаргасаар байхад хэдэн жилийн турш энэ үйлчилгээ хэрэгжихгүй байгаа юм бэ гэсэн асуултыг тухайн үед УИХ-ын гишүүд тавьж байсан билээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Гурван жилийн өмнө Харилцаа холбооны хууль батлахдаа гар утасны дугаар бол иргэний өөрийнх нь өмч юм аа гэж дэлхий нийтийн ойлголтын үүднээс авч үзсэн. Аль нэг үүрэн телефоны операторын барьцаалагдсан үйлчлүүлэгч байх нөхцөлийг халж хууль гаргасан шүү. Гэтэл одоо болтол хэрэгжүүлэхгүй юм. Үүрэн холбооны компаниудаасаа болоод байгаа юм уу, төрөөсөө болоод байгаа юм уу. Төрийн байгууллага нь үүнийг хийхийг хүсэхгүй, үүний цаана лобби үйлчлээд байна уу, цаашдаа энэ хуулийг хэзээ хэрэгжүүлэх юм” хэмээн хатуухан асуусан ч чуулганы хуралдаанд оролцсон холбогдох мэргэжилтнүүд тоймтой хариулт өгч чадаагүй юм.
Ашиг сонирхлын зөрчил байгаа болоод хуулийг хэрэгжүүлэхгүй хойш сууж байгаа хэрэг. Тиймээс төрийн хуулийг хэрэгжүүлэлгүй дөрөв таван жил болж байгаагийн буруутныг уг нь нэг их холоос хайх хэрэггүй. Үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг оператор компаниуд үүнд хойрго хандаж байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон хэлсэн нь хэргийн эзэн хэн бэ гэдгийг заагаад өгчихсөн гэсэн үг. Тодруулбал, үүрэн холбооны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж болох “Мобиком” корпорацийн хувьд хэрэглэгчид дугаартайгаа шилжих үйлчилгээ хамгийн ашиггүй тусахаар байгаа юм. Тиймээс “Мобиком”-ынхон ашиггүй үйлчилгээг нэвтрүүлэх гэж хичээхгүй байгаа гэж хардах үндэслэлтэй.
Үүнийг батлахын тулд нэгэн судалгааны дүнг сонирхуулъя. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрсэн тохиолдолд оператороо солих уу гэсэн асуултад дөрвөн оператороос хамгийн олон буюу “Мобиком”-ын хэрэглэгчдийн 44 хувь нь тийм гэж хариулсан байна. Энэ бол тус “Мобиком”-ын үйлчилгээнд хэрэглэгчдийнх нь бараг тал хувь нь сэтгэл хангалуун бус байдаг гэсэн үг.
Үүрэн холбооны операторууд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлсэн тохиолдолд одоогийн оператороор солих эсэх болон сольсон тохиолдолд аль операторыг сонгох талаар судалгааны үр дүн дараах байдалтай байна


Үүндээ дүгнэлт хийж үйлчилгээгээ сайжруулж, хэрэглэгчдээ татахын оронд техник, технологийн шинэ дэвшилд тулгуурласан, эдийн засгийн болон олон талын өндөр ач холбогдолтой дугаартайгаа шилжих үйлчилгээг гацааж суугаа бол “Мобиком”-ынхон хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Дугаар хорооны иргэнээс эхлээд дугаар тойргоос сонгогдсон гишүүн хүртлээ ийм хардалт тээж явааг бодоход хяналтын байгууллага нь шалгахад гэмгүй л санагдана.
Хөгжил, дэвшлээс ухарч, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийнхээ боломжийг хааж боож байж ашиг олох нь бизнесийн ёс зүй, соёлд нийцэхгүй үйлдэл. Дугаартайгаа шилжих “Mobile number portability” үйлчилгээг нэвтрүүлбэл хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар сайжирч, шинэ соёл төлөвшин бий болж, харилцаа холбооны салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил гардаг болохыг гадаад улс орнуудын туршлагаас харж болно.
Монголд эдийн засгийн ямар үр дүн авчрах вэ гэдгийг ч дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх суурь судалгааны үеэр тооцсон байдаг. Олон улсад нэр хүнд бүхий “NERA консалтинг” компанийн боловсруулсан аргачлалаар үр өгөөжийн тооцооллыг хийж үзэхэд тус үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр арван жилийн хугацаанд хэрэглэгчдэд 212.3 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний өгөөж авчрах боломжтой гэсэн дүн гарчээ. Тэрчлэн гар утасны хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж ч бүрдэнэ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрснээр “Үндэсний сүлжээ” буюу “Nation roaming” үйлчилгээг ч мөн ашиглах боломжтой болох юм. Энэ нь “А” операторын хэрэглэгч сүлжээгүй болсон үед “Б” операторын сүлжээг ашиглаж болно гэсэн үг. Ийм олон талын үр ашигтай, хэрэглэгчдэд өргөн боломж нээж өгөх үйлчилгээг нэвтрүүлэхээр УИХ, Засгийн газраас хууль, журмаа баталж, ажлын хэсэг байгуулан тооцоо, судалгааг нь хийсэн боловч операторуудын явцуу ашиг сонирхлоос үүдэн таг гацаж, яг зогсчээ.