Хэнтий аймгийн Чингис хот дахь Сэцэн ханы ордон музей
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого орон даяар үргэлжилж байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэгээр ахлуулсан аймгийн салбар комисс "Улсын хосгүй үнэт үзмэр"-ээ өнөөдөр тоолжээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 227 дугаар тогтоолоор "Улсын хосгүй үнэт үзмэр" болсон Халхын Сэцэн ханы тамгыг 1728 он буюу Найралт төрийн 6-р он, шар бич жилд Сэцэн хан Цэвдэнбайнжуурын үед анх олгосон байна. Тамгыг мөнгөн пойлоосоор урласан ба хойд хоёр хөл дээрээ суугаа барын дүрсэн бариултай аж. Монгол, манж үсгээр ‘’Халхын Сэцэн ханы тамга’’ гэсэн бичигтэй уг тамганы хүнд 3.9 кг, суурийн хэмжээ 10х10 см юм. Тамганы суурийн дөрвөн талд бичигтэй бөгөөд урд талд нь хятадаар гурван хэсэг бичиж, нөгөө гурван талд нь манжаар бичжээ.
Энэхүү тамга нь хувьсгалын жилүүдэд улсын архивт хадгалагдаж байсан бөгөөд 1963 онд Хэнтий аймгийн 40 жилийн ойгоор түүхч С.Ичинноровын санал болгосноор аймгийн орон нутаг судлах кабинетад шилжүүлэн өгсөн байна. Халхын дөрвөн аймгийн тамганы гурав нь улсын төв архивт хадгалагддаг бөгөөд зөвхөн Сэцэн ханы тамга л өөрийн харьяа нутгийнхаа музейд хадгалагдаж, олны хүртээл болдгоороо онцлог юм. Түүх соёлын хөдлөх дурсгалын улсын тооллогын ажил Хэнтий аймагт 60 хувьтай явагдаж байна.