УИХ-ын намрын чуулганыг сунгаж хуралдуулах, ээлжит бус чуулган зарлах эсэх нь улс төрийн хүрээнд сүүлийн үед анхаарал татсан асуудал болоод байна. УИХ-ын гишүүдийн зарим нь “Үргэлжлүүлэн хуралдах шаардлагатай” гэж байгаа бол нэг хэсэг нь үргэлжлүүлэн хуралдах бус “Чуулган хурдан завсарлаасай. Амармаар байна” гэсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг илгээж намрын чуулганыг сунгаж хуралдуулах саналаа хүргүүлсэн. Үүнээс гадна олон нийт ч УИХ-ыг үргэлжлүүлэх хуралдах ёстой гэж үзэж байгаа. Ингэхээс ч аргагүй юм. Учир нь, УИХ намрын чуулганыхаа талыг үр дүнгүй өнгөрүүлсэн. 2019 оны төсвийг баталснаас хойш улс төрийн хэрүүл тасралтгүй үргэлжилж үүнтэй холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа тасалдах болсон. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байна.
Уг нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна” гэсэн заалт бий. Гэвч УИХ Үндсэн хуулийн энэ заалтыг аль хэдийнэ зөрчсөн. Ерөнхийлөгч ч үүнийг сануулж, намрын чуулганыг сунгаж хуралдуулах саналдаа “УИХ-ын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, УИХ 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоолын төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна. Иймд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Яг үнэндээ УИХ Ерөнхийлөгчийн саналаар намрын чуулганаа сунгаж хуралдсан ч Үндсэн хуулийн зөрчил арилахгүй. Тодруулбал, намрын чуулганыг сунгасан ч ажлын 50-иас доошгүй хоног чуулах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцэхгүй. Учир нь, УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, хуралдаагүй. Харин чуулганыг сунгаж хуралдуулах хугацааны дээд хязгаар нь 14 хоног. УИХ-ын тухай хуульд ээлжит чуулганы хугацааг дараах байдлаар зохицуулсан байдаг юм.
15.1.УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана.
15.4.Энэ хуулийн 15.1-д заасан чуулганы хугацааг шаардлагатай бол УИХ-ын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай захирамж гаргана.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит чуулганыг ганцхан удаа 14 хоногоор л сунгах боломжтой. Гэтэл 14 хоног гэдэг хууль, тогтоолын төсөл хэлэлцэн шийдвэрлэхэд хангалттай хугацаа биш. Тиймээс УИХ алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд намрын чуулганы хугацааг сунгаад зогсохгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага байна.