Хотын дарга хэн болох нь иргэдэд үнэндээ чухал биш. Доржийг Дулмаагаар солиод асуудал шийдэгддэг байсан бол бид өнөөдөр бүх шатанд ажил урагшилж, улс орон хөгжин цэцэглэх байлаа. Өнөө л утаа, зам, замын түгжрэл буурах бус улам бүр нэмэгдэж, метрополис хотын талаарх бодол алсарсаар 2019 онтой золгожээ.
МАН бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусахад ердөө жил гаруйн хугацаа үлдэж. Үндсэндээ ард түмнээр дүнгээ тавиулахад ойртсон ч муу авсаар багшдаа чичлүүлж дөжирсөн хүүхэд шиг эрх ашиг, албан тушаалын хэрүүл нь өнөө хэр дуусаагүйг өнгөрсөн өдрүүдэд эрх баригч намд өрнөж буй үйл явцаас тодорхой харж болох юм. Үүний нэг хувилбар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудал болчихоод байна.
Сүүлийн 2-3 сонгуульд ялсан нам нь хотын даргаа тогтвортой дөрвөн жил ажиллуулж байв. Харин энэ удаад тэгсэнгүй. Засгийн газрыг унагаж "тоглодог" шигээ МАН-ынхан их улстөржилтөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага руу чирч авчирлаа. Ажлыг нь авна гэж айлгаж, огцруулна гэж бичиг барьсаар эцэстээ С.Батболдоор өргөдлийг нь өөрөөр нь өгүүлж чөлөөлөв. Тэрээр ажлаа өгөөд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Орных нь хүнийг томилоход МАН дахь хотын фракц болоод Зүүний хүчний холбооноос угшилтай УИХ-д өдгөө 33-ын тал гэгдээд буй талынхан ана мана үзэж байх. Үр дүнд нь утаат хотын иргэн гэдгээ хэдийнэ хүлээн зөвшөөрсөн түмэн олон хохирч байна. Уг нь нийслэл хотод нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх, харьяа шатныхаа нэгжүүддээ үүрэг өгч, дор бүрнээ ажиллах хэрэгцээ шаардлага бий. Гэвч энэ ажил нийслэлийн Засаг даргын томилгооноос болоод гацсан байдалтай байна.
МАН бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусахад ердөө жил гаруйн хугацаа үлдэж. Үндсэндээ ард түмнээр дүнгээ тавиулахад ойртсон ч муу авсаар багшдаа чичлүүлж дөжирсөн хүүхэд шиг эрх ашиг, албан тушаалын хэрүүл нь өнөө хэр дуусаагүйг өнгөрсөн өдрүүдэд эрх баригч намд өрнөж буй үйл явцаас тодорхой харж болох юм. Үүний нэг хувилбар нь хотын даргыг томилох асуудал болчихоод байна.
НИТХ өнөө хэр Ерөнхий сайдад шинэ даргаа батламжлуулах бичиг сэлтээ явуулаагүй бололтой. Явуулсан ч Ерөнхий сайд хариу өгөхгүй удах магадлалтай гэх бүдэг бадаг мэдээллийг өчигдөр албаны хүн өгнө лээ.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан “Хуулийн заалтыг нарийн уншвал хотын даргыг батламжлах хүсэлт ирснээс хойш тав хоногийн дотор хариу ирүүлнэ гэж байхгүй. Харин Ерөнхий сайд татгалзаад хуулийн дагуу дахин нэр дэвшигчийг оруулж ирсэн тохиолдолд тав хоног гэж заасан байдаг. Ерөнхий сайд батламжлаагүй тохиолдолд дахин нэр дэвшигч орж ирвэл тухайн нэр дэвшигчийг шууд томилно гэсэн буруу ойлголт яваад байх шиг байна. Орон нутгийн өөрөө удирдах, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харьцааг ялгаж, салгасан хуулийн зохицуулалт бий. Түүний дагуу л явж байна” хэмээв.
Нийслэлийн Засаг даргад томилогдох хүсэлтэй, ИТХ-аасаа олонхийн санал авсан С.Мөнхчулуун ч өөрөө “Даваа гаригийн 18.30 цаг гэхэд НИТХ-ын Тамгын газраас албан бичиг нь гараагүй байсан. Энэ сарын 16-нд гарсан НИТХ-ын тогтоол дээр огноо нь дарагдаагүй, дугаар аваагүй, уламжлах бичигт нь гарын үсэг зурагдаагүй байсан. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Баясгалангийн мэдээлж байгаагаар бол албан бичиг очоогүй байгаа юм байна” гэсэн. Тэрээр өөрийгөө хотын дарга болоход ямар ч асуудалгүй гэж байр сууриа илэрхийлсэн шүү.
Гэхдээ МАН доторх өнгөрсөн хугацаанд өрнөсөн эрх мэдлийн төлөөх тэмцлээс харахад хотын дарга хэн болсон ч ялгаагүй, бүх зүйл бахь байдгаараа байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх жил гаруйн хугацаанд дорвитой хийсэн ажилгүй, улсын маань нийслэлд тулгамдаж буй өнөө олон асуудал хэвээр л байх нь. Нэгийг нөгөөгөөр солиод ард иргэдийн амьдрал ахуйд ахиц гардаг бол асуудал арай өөр түвшинд яригдах хэмжээнд хүрсэн байж болох байлаа. Гэвч өнгөрсөн хугацаанд байдал өөрчлөгдсөнгүй. Дарга болсон нэгнийх нь амьдрал ахуй өнгөжин дэвжсэн жишээ л сонсогдсоор иржээ. Ямар сайндаа Ерөнхий сайд маань ч “Алтан цаг, үнэт эдлэлээ гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа эдэлж хэрэглэ. Албан тушаалтай байгаа үедээ далд хий” гэж аминчлан зөвлөж байх вэ дээ.