Өнөөгийн дэлхийд хаан ширээнд заларч буйгаараа ард түмэндээ төдийгүй дэлхий дахинд танигдаж, хүндэтгэл, бахдал төрүүлж буй нь Английн хатан хаан Элизабет II болон Японы эзэн хаан Акихито хоёр билээ. Хатан хаан Элизабет II нас барахад хаан ширээг хэн залгамжлах, улсад нь хэдэн төгрөгний хохирол учирч болзошгүй талаарх тооцоо судалгаа хэдийнэ гарсан. Харин Японы эзэн хаан Акихитогийн хувьд түүний хаан ширээнээсээ буух хүсэлтээ мэдэгдсэн тэр л өдрөөс Японы хаант засаглалд төгсгөл ирж буй эсэх тухай яриа эдийн засаг, нийгмийн тооцоо судалгаанаас илүү яригдаж эхэлсэн билээ.
Цаг хугацааны хэмжүүрээр 20 гаруй зууныг дамжин уламжлагдсан, 2600 жил үргэлжилж буй хаант засаглалтай, өнөөг хүртэл 125 хаанаа угтаж, үдсэн нь Япон улсын нэг онцлог билээ.
2016 оны наймдугаар сарын 09-ний өдөр. Япон улсын эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлснийг үндэсний сувгаар нь улс даяар дамжуулав. Орон нутгийн цагаар 15:00-д цацагдсан эзэн хаан Акихитогийн хүсэлт 1945 оны Япон улс Дэлхийн II дайнд ялагдсан тухай мэдэгдлийг эзэн хаан Хирохито (тухайн үеийн эзэн хаан, өнөөгийн хаан Акихитогийн эцэг) зарласан түүхэн өдрөөс яг 60 жилийн дараа болсон юм. Япон улсын түүхэнд анх удаа хаан ширээнээсээ татгалзсан нь Засгийн газрыг Эзэн хааны тухай хуульдаа өөрчлөлт оруулахад хүргэв. Японы дайны дараа батлагдсан эзэн хааны тухай хуулиар хаан ширээнээс өөрийн хүсэлтээр татгалзахыг хориглодог байв. Нийт 125 хаан, 14 удмаараа хаан ширээнд заларсан түүх ийнхүү эзэн хаан Акихитогийн үед тасалдах болсон нь ямар ч далд санаа бодлогогүй, зөвхөн эзэн хааны эрүүл мэндийн байдал муудсантай холбоотой гэдэг. Түрүү булчирхайн хорт хавдрын хагалгаа 2003 онд хийлгэснээс хойш биеийн байдал нь сайжрах нь бүү хэл цусны даралт, зүрхний хэм алдагдал зэрэгт дарлуулж буй эзэн хаан Акихито “хэзээ мөдгүй болсон” гэсэн яриа ч тархаад буй. Хааны хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар хаан, хатан хоёр жилд олон нийтийг хамарсан 250 үйл ажиллагаанд оролцож, гадаадын айлчлал 75 удаа хийдэг байсан бол хааны эрүүл мэндийн байдал муудсаны улмаас ердөө 100 үйл явдалд л оролцох боломжтой болсон аж. Үсрэнгүй хөгжил, хөгжлийн гайхамшгийн сод жишээ болсон япончуудын амжилтын нууц хаан эзэн, төрийн албан хаагч, компанийн захирал, хар бор ажилчин, тэтгэврийн хөгшин, сургуулийн сурагч ч ялгаагүй өөр өөрийн түвшний үүрэг хариуцлагаа ухамсарласанд оршдог. Тиймдээ ч эрүүл мэнд нь эрс доройтож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор хүлээж чадахгүй боллоо хэмээн мэдэгдсэн эзэн хааны хүсэлт жинхэнэ япон хүний хийх үйлдэл байлаа.
Хаан ширээний түүх энд хүрээд төгсөх үү
1868 онд Японы түүхэнд Мейжийн хэмээн нэрлэгдсэн үе эхэлсэн юм. Мэйжийн үеэс өмнө хаан ширээнд заларч асан эзэн хаад төрийн эрхээ бодитоор барьж чаддаггүй, нэрнээс цаашгүй байсан гэдэг. Цэргийн эрхтнүүд буюу Шёгүн-уудын хаад болсноос хойш улсынхаа бүхий л үйл хэргийг шийдвэрлэх бүрэн эрх мэдэлтэй болж, улсаа жинхэнэ хаанчилж эхэлжээ. Мэйжийн үе хэмээгдэх 130 орчим жил 4 эзэн хаан үе залгамжилсны сүүлчийнх нь эзэн хаан Акихитогийн эцэг Хирохито байв. Шовагийн эрин (хаан солигдох бүрт он тооллын нэр дагаж солигддог уламжлалтай. Хирохитог хаан ширээнд суух үеийг Гэгээрэн соёлжих эрин буюу Шовагийн эрин хэмээн нэрлэж байжээ) 1989 оны нэгдүгээр сарын 7-нд түүнийг 87 насандаа тэнгэрт халихад төгсгөл болжээ. Хаан эцгийн нас дээр гарч, лагшин чилээрхэж эхэлсэн 1987 оноос хойш эзэн хааны албан үүргийг төлөөлөн гүйцэтгэж байсан хунтайж Акихитог 1989 оны нэгдүгээр сард Эзэн хааны үе залгамжилагчаар зарласнаар Хэйсэйн эрин эхлэв. Энх амгалангийн эрин хэмээх утгатай эзэн хаан Акихитог Япон даяар тэнгэрт хальсан хааны араас гашуудах хугацаа дууссаны дараа хаан ширээнд нь залах ёслолыг хийсэн нь 1990 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр байлаа.
Япон улсын Эзэн хаан нь Үндсэн хуульд заасны дагуу “Нийт ард түмнийхээ хүсэл бодлыг илэрхийлэгч, төр улс, хүн ардынхаа эв нэгдлийн бэлэг тэмдэг” хэмээн тодорхойлогддог
2017 оны зургадугаар сарын 09-ний өдөр. Япон улсын парламент Эзэн хаан Акихитог хаан ширээнээс нь буулгах хуулийн төслийг хэлэлцэж бүх буюу 235 гишүүн дэмжсэнээр батласныг ард түмэндээ зарлав. Түүний залгамжлагчаар хаан ширээ зөвхөн эрэгтэй талаа дагах уламжлалын дагуу хунтайж Нарухитод шилжихээр болсныг ч мэдэгдсэн байна. Нарухитогийн эрин эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ албан ёсоор буух өдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сард дуусахад өөрийн гэсэн нэртэйгээр тоологдож эхлэх юм. Япончуудын 85 хувь нь эзэн хаан Акихитог хаан ширээнээс буух хүсэлтийг ойлгон хүлээн авсан ч түүний залгамжлагчаар хунтайж Нарухито байх эсэх дээр маргаан үүсч магадгүй.
Учир нь хунтайж Нарухито ганц охинтой. Тиймээс Нарухитогийн угсааг залгамжлах хүү хаан байх хугацаанд нь төрөхгүй бол бага дүү Акишиногийн хүү өдгөө 10 настай Хисахитод шилжих аж. Нэгэнт угсаа залгамжлах 127 дахь хаанаар Хисахито тодрох нь бараг тодорхой (ингэж хэлэхийн учир нь хунтайж Нарухоти 57, гэргий Масако нь 53 настай буюу ахин хүүхэд төрүүлэхэд тохиромжтой нас нь аль хэдийн өнгөрсөн, ахин хүүхэдтэй болсон ч тэр нь хүү байна гэсэн баталгаа үгүй) байхад Нарухитог бус Акишинод шууд угсаа залгамжлуулах санал парламентын зарим гишүүнээс гарсан. Хаан ширээг залгамжлуулах шугам муруйх, тасалдахаас сэргийлэх гэсэн парламентын гишүүний саналыг тоолгүй өнгөрөх аргагүй. Уг асуудал дээр нэрмээс болон сүүлийн үед сөхөгдөх болсон нэг зүйл нь хунтайж Нарухитогийн гэргий Масакогийн хааны гэр бүлд бэр болсныхоо дараахан ордны хатуу дэг жаягаас болж сэтгэлийн дарамтад орсон тухай мэдээлэл цацагдаж шуугиан тарьж байв. Харвардад өндөр боловсрол эзэмшсэн Масако хунтайжтай гэрлээгүй бол өндөр албан тушаалд ч хүрч чадахаар нэгэн байсан ч хааны гэр бүлийн уламжлал, журамд баригдан, нөхрийнхөө сүүдэрт байх болсон нь хүнд тусч олон нийттэй харилцдаггүй, нуугдмал нэгэн болж хувирсан гэдэг. Удам залгах хүүгүй, эхнэрийнх нь байдал нь гэр бүл, парламентын түвшинд асуудал болж мэдэхээр байгаа зэрэг нь хунтайж Нарухитогийн хаан ширээ залгамжлах эсэхийг өөрчилж ч магадгүй. Хунтайж Акишино хаан ширээг залгамжлан, цаг нь ирэхэд хүү Хисахитод шилжүүллээ гэхэд тэрээр удам залгах хүүтэй болохгүй бол Япон улсын хаант засаглал мухардаж, төгсгөл болох эрсдэл ч бий. Ард түмэн төдийгүй дэлхий нийтэд сайхан сэтгэл, хүндэтгэл, итгэл, найдварын бэлгэдэл болсон эзэн хаан Акихитогийн хаан ширээнээсээ татгалзсан асуудал энэ зэргийн тооцоолол дагуулах нь зүй. Мөнх бусын ертөнцөд хэдэн зуун, хэдэн мянган жил үргэлжилсэн түүхтэй байлаа ч мухардалд орж болохыг харуулж буй Японы эзэн хааны суудлыг залгамжлагчийн шугам муруйх уу, эсвэл бүр тасалдах болов уу.