Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш 27 жилийн хугацаа өнгөрчээ.
Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийн 27 жилийн ой саяхан тохиолоо. Монголчууд Үндсэн хуулиа шинэ гэж тодотгодог ч яг үнэндээ шинэ байхаа больсон гэдгийг судлаачид хэлдэг. Нийгмийнхээ хөгжлийг дагаад хуучирч буй Үндсэн хуулиа өөрчлөх санал санаачилга сүүлийн хэдэн парламентаас гарсан ч дөрөв дөрвөн жилээр хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Харин энэ удаагийн УИХ энэхүү санал санаачилгыг идэвхжүүлж, саяхныг хүртэл чамлахааргүй амжилттай урагшилж байлаа. Тодруулбал, энэ намрын чуулган эхлэх хүртэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь гэсэн хүлээлт иргэдэд, өөрчлөлт оруулна гэсэн итгэл УИХ-ын гишүүдэд байсан юм. Бүр Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд ойлголцолд хүрээд байсныг яана. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэдгийг онцолсон бол УИХ нэгэнт бэлэн болсон төслийг хойш тавилгүйгээр хэлэлцэх нь чухал юм гэдгийг хүлээн зөвшөөрч байв.


Ийнхүү УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн цагаас хойш “Энэ намрын чуулганы хэлэлцэх гол асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь. 2019 оны төсвөө баталчихаад л Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэнэ” гэсэн хүлээлт нийгэмд бий болсон юм. УИХ ын гишүүд ч ингэж ярьж байсан нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд архив болон үлдсэн. Ердөө гуравхан сарын өмнө нөхцөл байдал ийм л байлаа. Харин одоо УИХ Үндсэн хуультай мантай, өөрсдийгөө яахаа мэдэхгүй, 2020 оны сонгуулиас өмнө тарчихгүйхэн шиг байж чадах эсэх нь ч эргэлзээтэй байна. Улс төрд үүсээд буй одоогийн нөхцөл байдал хурдан хугацаанд өөрчлөгдөж хэвийн горимдоо шилжлээ ч энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бараг боломжгүй болчихлоо.
Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй
Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн байгаа ч цаг хугацааны хувьд тухайн төслийг хэлэлцэн батлах боломж хомс. Намрын чуулганыхаа нэлээд хэсгийг үр дүнгүй өнгөрүүлснээс болоод УИХ хэлэлцэн шийдвэрлэх асуудалдаа дарагдаад байна. Тиймээс намрын чуулганыг завсарлуулаад ээлжит бус чуулган хуралдуулахаас өөр аргагүй. Ээлжит бус чуулган хуралдууллаа ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжихгүй. Харин ганц боломж нь ирэх хаврын чуулган. Түүнээс цааш бол дараагийн сонгууль ойртож Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хэцүү болно. Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал бол төсвийн хүрээний мэдэгдэл л байдаг. Цаг үеийн шаардлагаар заавал хэлэлцэх асуудал гарчихгүй л бол ирэх хаврын чуулган Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах ганц боломж. Энэ удаагийн УИХ Үндсэн хуулиас гадна Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. 2020 он гарахаас өмнө Үндсэн хууль битгий хэлж Сонгуулийн тухай хуулиа өөрчилж амжихад ч хүрэлцэхээргүй бага хугацаа.
Энэ удаагийн УИХ-аар Үндсэн хуулийг өөрчлүүлэхийг зөвшөөрөхгүй
Дээр дурдсанчлан УИХ ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжоо ашиглах гэж хичээх магадлалтай. Гэвч маш их эсэргүүцэлтэй тулгарна. Хэдийгээр Зөвшилцөх санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө боловсруулсан ч эсэргүүцэгч олон. 2019 он бол сонгуулийн өмнөх жил.
Сонгуулийн өмнөх жил парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд ичээнээсээ гарч идэвхжиж эхэлдэг бичигдээгүй хуультай. Эрх баригчдыг эсэргүүцэн шүүмжлэх нь тэдний гол ажил болдог. Дээрээс нь одоогийн УИХын нэр хүнд эцэг хуульдаа өөрчлөлт оруулахад том тээг болно. “60 тэрбум, концесс, ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон хүмүүс ёс зүйн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй” гээд л эсэргүүцнэ. Нийт масс ч энэ эсэргүүцлийг дэмжих магадлалтай. Хэрэв УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэлбэл, эсэргүүцлийн жагсаал цуглаан болох нь ч тодорхой. УИХ дотроос ч эсэргүүцэх гишүүн гарна. Тухайлбал, одоогийн УИХ-д суугаа гишүүдээс 1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан хоёрхон гишүүнийг нэг (нөгөө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан) Л.Болд эсэргүүцнэ. Тэрээр өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсээр ирсэн юм. Мөн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрыг нь огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө парламентад суудалгүй 14 намын дарга нартай уулзахдаа хэлсэн үг УИХ бэлэн төслөө хэлэлцэхэд саад болно. Тэвдэж явахдаа тэднээр түшүүлсэн намын даргад ам алдвал барьж болдоггүй гэдгийг нь эргэн сануулахаа УИХ-д суудалгүй намын дарга нар мартахгүй л болов уу

Хайран мөнгө, хайран цаг хугацаа
Улс төрийн одоогийн нөхцөл байдлаас харвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж энэ удаагийн УИХ-аас улам л алсран холдож байна. 2012-2016 оны парламент түүхэндээ хамгийн олон буюу таван намын төлөөлөлтэй байлаа. Тухайн үеийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн боломжтой цаг хугацаа гэж байсан боловч талаар болсон. 2016 оны сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалт оруулж, сонгогчдод амлаж гарч ирсэн.
УИХ-д 65 суудал авсных нь дараа “Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хангалттай хүч, нөөц бололцоо” гэж байлаа. Харамсалтай нь хагарч бутраад хамаг цагаа өнгөрүүллээ. Хайран цаг хугацаа. Бас хайран мөнгө.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах зорилгоор 21 аймгаас иргэдийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулж Улаанбаатарт авч ирээд хоёр өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн дараа нь хэд хэдэн дэд ажлын хэсэг гаргаж боловсруулсан төслөө орон нутагт танилцуулж хэлэлцүүлсэн. Энэ болгонд улсын төсвийн мөнгө урссан. Гэвч энэ УИХ ингэж их ажил болж хөрөнгө мөнгө, цаг зарцуулсныхаа үр дүнг үзэж чадахгүй дараагийн парламентдаа шилжүүлэх нь. Дараагийн парламент боловсруулж бэлтгэсэн төслийг нь цааш үргэлжлүүлэхгүйгээр шинээр төсөл боловсруулж эхэлбэл бүр ч харамсалтай.