Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрандаа орлоо

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтийн ажил чухал үр дүнтэй. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Шинэ дэлхий" телевизийн зүүн урд байрлах 15 давхар орон сууцны  2 блок 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд ийнхүү тохилог шинэ байрандаа нүүж орохоор болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, “Монтед констракшин” компанийн гүйцэтгэх захирал н.Энхболд, газраа чөлөөлсөн айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ үеэр хэлсэн үгэндээ, "Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажлууд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар бид гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7,227 айлын орон сууц ашиглалтад оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан 5,001 айлын янданг буулгаад байна. Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2,030 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнөөдөр ийнхүү ашиглалтад орж буй 154 айлын орон сууцны барилгыг сэтгэл зүтгэл гарган, чанарын өндөр түвшинд сүндэрлүүлсэн нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, төсөл хэрэгжүүлэгч “Монтед констракшин”  ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье" гэлээ.

Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа юм. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй айл өрх орон сууцанд орох боломж бүрдэх юм байна. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх шинэ оны дараахан ажлыг эхлүүлсэн. Уг төслийг  Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)