Дөрөвхөн хуулийн жишээ Парламент жилд өч төчнөөн хууль баталдаг. Ийм, тийм ч хуулийн ганц нэг заалтыг өөрчлөх гэсэн юм гэх мэтээр голчлон Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлж, зарим тохиолдолд яаралтай горимоор хэлэлцүүлж ажлын 2-3 хоногт хуульд өөрчлөлт оруулуулах нь ч бий. Гэвч баталсан хуулийг дагаж гарах ёстой журам, тогтоолыг зарим тохиолдолд батлахгүй орхигдуулснаас хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй, үйчлэхгүй тохиолдол хэвийн үзэгдэл мэт болжээ.

Хамгийн ойрын жишээ энэ оноос хэрэгжиж эхэлж буй Төрийн албаны тухай хууль. Манай улс “Төрийн албанд мерит тогтолцоог нэвтрүүлнэ, дарга нарын цүнх баригчдад албан тушаалын “бялуу” хуваарилж, төрийн удирдах албаар “шагнадаг” байдлыг болиулна” гэж олон жил ярьсан. Гэвч үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй өнөөг хүрсэн. Харин өнгөрсөн оны сүүлээр баталж энэ жилээс хэрэгжүүлж эхэлж буй Төрийн албаны тухай хуулиар үүнийг шийдэх алхам хийсэн. Товчхондоо, төрийн албанд ахлах мэргэжилтэн хийх хүн төрд найм, төрийн нарийн бичгийн даргаар ажиллах бол төрд 15-аас дээш жил ажилласан байх ёстой гэсэн шалгуурыг хуульчилж өгсөн юм. Гэхдээ энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ ес, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс 36 журам гаргах шаардлагатай байна. Нэг ёсондоо, төрийн албаны эрх зүйн харилцааг зохицуулсан нийт 45 журам гаргах юм. Эдгээр журмыг хуулийн хүрээнд Засгийн газар, Төрийн албаны зөвлөл батлахад бэлэн болгосон ч хараахан албажуулж амжаагүй гэсэн. УИХ-ын хувьд есөн журмаас зургааг нь өргөн барьсан ч хууль тогтоох байгууллагын ажил сар илүү хугацаанд ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүйгээ байгаагаас энэ журмууд гацаанд ороод байна.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Төрийн албаны зөвлөлийг сонгон шалгаруулах журмыг шинэ оноос өмнө баталсан. Үлдсэн найман журмын хоёрыг нь Засгийн газарт өргөн барина. Энэ нь цалин хөлстэй холбоотой журам байгаа. Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой өөрчлөлт ороогүй учраас уг хоёр журмыг одоохондоо өргөн барих шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо зургаан журмын анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-д өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдааны гацаа арилбал батлахад бэлэн болсон гэсэн үг.

Үндсэндээ 40 гаруй журмын ердөө хэдхэн нь батлагдсан гэсэн үг. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор төрийн албаны төлөөллийг сонгох журмыг баталсан учраас Төрийн албаны зөвлөл бие дааж ажлаа гүйцэтгэх боломжтой гэж хууль санаачлагч үзэж буй ч бодит байдал дээрээ өөр байгаа юм. Хуулиас гадна дагаж мөрдөх журам дээрээ анхаарах хэрэгтэйг хууль тогтоогчид хэлдэг. Яагаад гэвэл, хуулийг дагаж гарч байгаа журам нь тэс өөр болж, тэр нь хэрэгжихдээ иргэдэд халтай байгааг гишүүд ч шүүмжилж байна.

Өөртөө тохируулаад журмаа баталчихдаг. Хуулиасаа дээгүүр журамтай. Хүн ирэхээр журмаа бариад юм яриад байдаг. Жишээ нь, Зөрчлийн тухай хууль батлагдсанаасаа өөрөөр амьдралд хэрэгжиж байгаа. Тэгэхээр бид хуулийг дагаж гарах журмууд дээрээ сайн анхаармаар байна.

Өөр нэг жишээ: Эрүүгийн хуулийг энэ удаагийн парламент эцэслэж баталсан. Хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч буй. Гэвч энэ хуулийн зарим зүйл заалт хэрэгжихгүй байгаа. УИХ-аас 2016 оны тавдугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан ч өдгөө амьдралд хэрэгжиж боломжгүй байна. Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялын заалт бий. Энэ заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр байсан юм. Гэвч зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөж, “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулахаар болсон ч төсөв мөнгө нь шийдэгдээгүй байгаа ажээ. Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим гав, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин шинэ оны өмнөхөн УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Дахин нэг жишээ: 2019 оны нэгдүгээр сараас иргэд эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдээр үйлчлүүлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгохоор 2017 онд тусгасан юм. Энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр тэрбум төгрөгийг спорт клубт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгоход зарцуулахаар тусгасан байна. Гэвч одоогоор хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх нь тодорхой болоогүй байгаа аж. БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч магадлан итгэмжлэлийн журам батлах ёстой ч энэ ажил хараахан бүрэн албажаагүй байна. Хамтарсан журмын дараа хоёр дахь журмыг энэ оны эхний улиралдаа багтаан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлах аж. Холбогдох журмууд батлагдаагүйгээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дээрх заалт үйлчлэхгүй байна. Дараагийн жишээ: Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш нийт 250 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ нь уг салбарт хууль эрх зүйн орчин тогтвортой бус байна гэж судалгааны байгууллагынхан үзэх шалтгаан болжээ. Тухайлбал, 2016 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ эл судалгааг явуулж, “Эрх зүйн орчин тогтвортой бус, хэрэгжилт хангалтгүй, хуульд заасан дүрэм журам гараагүй, хуулиудын заалт хоорондоо зөрчилтэй, давхардсан байна” гэж дүгнэсэн. Тодруулбал, уул уурхайн салбарын 18 хуульд заасны дагуу батлагдан гарах ёстой 45 журам, зургаан аргачлал өнөөг хүртэл батлагдаагүй байна. Эдгээрээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтран батлах ёстой “Уул уурхайн үйлдвэрлэлийн хаалтын нөхөн сэргээлт хийх журам”, Засгийн газраас батлах “Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон болон уг үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох журам” зэрэг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой журмууд гараагүй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2017 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөнд танилцуулснаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтран уул уурхайн салбарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа 10 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг тодорхойлох судалгааг хийхэд мөн 150 зөрчил, давхардал үүссэн 267 заалт, зохицуулагдаагүй 150 харилцаа байна гэсэн дүгнэлт гарчээ.

Зөвхөн дөрвөн хуулиар жишээ авахад ийм байна. Жил бүрийн хавар, намрын чуулган завсарласны дараа УИХ-ын Тамгын газраас парламент нэг чуулганы хугацаанд хэдэн хууль, тогтоолын төсөл баталсан тухай мэдээ гаргадаг. Өнгөрсөн УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд л гэхэд бие даасан 17, хуульд өөрчлөлт оруулах тухай 67, нийт 84 хууль, УИХ-ын 50 тогтоол хэлэлцэн баталжээ. Удахгүй намрын чуулган завсарлана. Мөн л ийм хэмжээний хууль баталсан тухай статистик мэдээ гарна. Гэвч парламент хууль батлаад орхих бус дагаж мөрдөх журмыг ч хугацаа зааж, журамлах шаардлагатайг бодит байдал харуулсаар байна. Нөгөөтэйгүүр, хуулийг дагаж мөрдөх журамд хугацаа заалгахгүйгээр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн болчихвол ийм хийдэл үүсэхгүй. Энэ бүхнээс үзвэл төрийн байгууллагуудын ажлын хурд яст мэлхийн хурднаас ч удаан байна.