Венесуэл “ялсан нь”

“Viva Venezuela! (Венесуэл ялна)” гэж давтан уриалсаар Хуго Чавес 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа ялав. Гэвч зургаан жилийн дараа энэ ялалт нь Венесуэлд ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн, хүчирхийлэл, гэмт хэрэг, цөхрөл, үй олны дүрвэлт болж хувирав. Эдүгээ 32 сая хүнтэй улсын 5 сая нь эх орноосоо дүрвэж, тэдний ихэнх нь хөрш Колумб руу тасралтгүй цувсаар байна (The Economist, Sep 2018).

Энэ улсын эдийн засаг 2014 оноос хойш хоёр дахин агшиж дайнд өртөөгүй улсуудын дээд амжилтыг тогтоов. Экспортын 90 хувь нь газрын тос бөгөөд Засгийн газрын гадаад өр нь экспортоосоо 5 дахин их болжээ. 2017 онд “гипер инфляци” эхлэж жилийн дараа үнэ 1.2 сая дахин өссөн гэж сөрөг хүчин болчихоод байгаа Үндэсний Ассамблейн дарга нь мэдэгдэв. Засгийн газар нь мөнгөний үнэгүйдлийн статистик мэдээллээ гаргахаа ч больжээ.

Цалингийн худалдан авах чадвар ийнхүү унаж буйгаас хүмүүсийн хэрэглээ огцом буурч, хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэл, үйлчилгээгээ хумисаар, олноороо дампуураад байна. Х.Чавес Ерөнхийлөгч болохоос өмнө үйлдвэрлэж байсан өргөн хэрэглээний бараагаа гадаадаас авах нь хямдхан болсон тул үйлдвэрлэхээ зогсоож эдүгээ бүх барааны хомсдолд ороод байна. Эмнэлгүүд эм, тариагүй, дэлгүүр зөвхөн хүнсний хэдхэн барааг картаар олгох болсноор иргэд нь өлсөж байна. Иргэд 2015 онд дунджаар 8.5 кг туржээ (The Economist, April 2017).

Газрын тосны нөөцөөрөө дэлхийг тэргүүлдэг, тавин жилийн өмнө Латин Америкийн үлгэр жишээ ардчилалтай, Англиас дутахгүй баян байсан энэ улсыг яаж ингэж дампууруулж чадсан бэ?

Эхлэл: Хуго Чавесийн Венесуэлийн онцлогтой социализм

Цэргийн коллеж төгссөн, дайчин, хурц үг хэлтэй Хуго Чавес 1992 онд төрийн эргэлт хийх оролдлогод оролцож, шоронд хоригдов. Шоронгоос суллагдсаны дараа Латин Америкийн олон орноор явж, Кубад байхдаа Ф.Кастротой найз болов. Төдөлгүй “5-р бүгд найрамдах улсын хөдөлгөөн” нэртэй нам байгуулж, түүний нэрийг 1998 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэв. Ядуучууд том биетэй, цэргийн формтой түүнийг төрийн эргэлтийн үеийн зурагтын мэдээгээр цогтой үг хэлж байхыг нь анх харж, дэмждэг болов.  

Сонгуульд оролцохдоо Х.Чавес өргөн хүрээний нийгэм эдийн засгийн шинэчлэл хийхээ хувьсгалч, цогтой халуун үгээр амлаж байсан нь баян ядуугийн асар их ялгаатай энэ орны ядуучууд, ажилчин ангийн өргөн дэмжлэгийг авч 63 хувийн ирцтэй сонгуульд 54 хувийн санал авч ялжээ.

Төрийн эрхийг авсныхаа дараа Парламентыг шинэчилж өөрийн хүмүүсээ оруулав. Ерөнхийлөгч нь 5 жилээр сонгогддог, хоёр сонгуулийн дараа л дахин өрсөлддөг байсан Үндсэн хуулийн заалтыг 6 жилээр, хэдэн ч удаа улиран сонгогдож болохоор өөрчлүүлэв. Дээд шүүхийн “авлигажсан” бүрэлдэхүүнийг өөрийн хуульчдаар сольсноор хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засгийн эрхийг гартаа төвлөрүүлж амжив.

Ерөнхийлөгч Х.Чавесийн үед газрын тосны үнэ 1 баррель нь 100 долларт хүрч, батлагдсан нөөцөөрөө дэлхийд хамгийн их хар алттай энэ орны төрийн сан ид шидийн юм шиг бялхаж байлаа.

Х.Чавес амласныхаа дагуу Кубын туршлагаар Венесуэлийн онцлогтой социализмыг байгуулах ажлаа өрнүүлэв. Нийгмийн халамжаа үнэгүй болгож, иргэддээ хоол, мөнгө тараадаг болов. Орон даяар 15726 хоол түгээх цэг байгуулжээ. Төрийн компаниуд олноор байгуулж, эдийн засгийг төрөлжүүлэн дэмжих нэрээр (radicalization) газрын тос, банк, цемент, эрүүл мэнд, хүнсний гэх мэт бусад хувийн компаниудыг төрийн мэдэлд авлаа. ExxonMobil, ConocoPhillips зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гарч явлаа.

Гэвч газрын тосны үнэ төдөлгүй буурч, орлогоо хуримтлуулж чадаагүй Венесуэлийн Засгийн газар халамжийн бодлогоо зогсоохгүйн тулд гадаадад бонд гаргаж өр тавьж эхлэв. Мөн валютын урсгалыг хянаж (currency control), мөнгөний хатуу ханш тогтоосноор хар зах бий болж, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж эхлэв.

Х.Чавес зурагтаар (“Hola Presidente” нэвтрүүлэг) хэдэн цагаар ч хамаагүй үг хэлж үзэл бодол, үйл ажиллагааг нь эсэргүүцсэн хэнийг ч гэсэн “бут ниргэж”, зарим сайд, дарга нараа нэвтрүүлгийн дундуур ажлаас нь халдаг байлаа.

Хорт хавдраа Кубад эмчлүүлж байсан Х.Чавес 2013 онд нас барав. Түүний гэрээс ёсоор дотны хамтран зүтгэгч, дэд ерөнхийлөгч Николас Мадуро Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхлэв.

Өрнөл: Эдийн засаг ба хүмүүнлэгийн ихэр хямрал

Ахлах сургуулиа төгсөөгүй, автобусны жолооч байсан Н.Мадуро хоёр сарын дараа тусгай сонгуулиар 1 хувийн давуугаар өрсөлдөгчөө ялж Ерөнхийлөгч болов. Түүнд Х.Чавесийн удирдах авьяас байхгүй, тэгээд ч газрын тосны үнэ 40 доллар болсноор улс орны байдал хүндрэв. Төр засаг нь авлигад идэгдэж, хөрөнгө мөнгөө хураалгах болсон хувийн хэвшилд ямар ч ирээдүй алга болов.

Төрийн ажилчдын цалинг өгөхийн тулд цаасан мөнгө хэвлэж эхэлснээр мөнгөний ханш нь огцом унаж байлаа. Ядуурал тэлэв. 2014 онд төр засгийн бодлогыг эсэргүүцэж иргэд орон даяар, өдөр тутам жагсаж эхлэв. Жагсагчид цэрэг цагдаагийнхантай хүчтэй мөргөлдөж 43 хүн амиа алдав. 2015 оны сонгуулиар Үндэсний Ассемблейг сөрөг хүчин гартаа авч, Н.Мадурог эргүүлэн татах олон нийтийн санал асуулга 2016 онд явуулах шийдвэр гаргав.

Хариуд нь Х.Чавесийн үеэс Дээд шүүх, Үндэсний сонгуулийн зөвлөл, армийг хянаж буй Ерөнхийлөгч Дээд шүүхийн тушаалаар Үндэсний Ассемблейг хүчингүй болгож цалинг нь зогсоов. Оронд нь Венесуэлийн Тойргийн Ассемблейг (The Constituent Assembly of Venezuela) байгуулан 2017 оны 6-р сард шинэ сонгууль явуулж, дийлэнх нь өөрийн талын хүнээ оруулав. 2018 оны 5-р сард 27 хувийн ирцтэй сонгуулиар Н.Мадуро дахин Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Барууны орнууд, Латин Америкийн Лиг энэ хоёр сонгуулийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж зарим орон Н.Мадуро болон Засгийн газрын тодорхой сайд удирдлагуудад визний хориг тавьж, өөрийн оронд байгаа өмч хөрөнгийг нь царцаав.

Улс орны байдал нэн хүндэрч гэмт хэрэг, хулгай, дээрэм газар авлаа. 2012 онд 100 мянган хүн тутамд 73 хүн алагдаж байсан бол хоёр жилийн дараа 82 болжээ (Venezuela Violеnce observatory, NGO). Хоол хүнс ховордож иргэд нь өлсөхийн эрхэнд дүрвэж байна. Энэ дүрвэлт Сирийнхээс ч том болов. Венесуэлд эдийн засаг хүмүүнлэгийн ихэр хямрал нүүрлээд байна. Энэ бол хямрал биш, АНУ тэргүүтэй капиталистуудын явуулга, манай улсын эсрэг эхлүүлсэн “эдийн засгийн дайн” гэж Н.Мадуро хэлэх боллоо.

Өөрийгөө бүрэн зэвсэглэсэн, дарангуйлагчийн засаглалд иргэд нь эх орондоо үлдэж байна уу эсвэл дүрвэж байна уу, ард түмэн нь өлсөж байна уу эсвэл үхэж байна уу ямар ч хамаагүй болжээ.

Уул уурхайн нэг баялгаас нэн хамааралтай, нийтийн засаглал нь ил тод биш, авлигад живсэн, төр засаг нь хэт данхайж, чөлөөт зах зээлийг устгасан Венесуэлийн “ялалтын” түүхийг өгүүлэхэд ийм байна.

Засаг төрөө иргэд нь сонгохоос гадна, хянах чадвартай байх ардчиллын суурь зарчим хэрэгжих хүртэл хэдэн жил хэрэгтэй байдаг юм бэ?

2019.01.09


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Хүрэлсүх нэг муу бага дарга хурандаа гэдэг нь албан тушаалаараа далайлгаж авсан л эд ш дээ

    0 0 Хариу бичих
  2. хүрэлсүх топор, женко хоёрт үхсэн ацных нь боловсрол байхахдээ

    0 0 Хариу бичих
  3. Viva Mongolia

    0 0 Хариу бичих
  4. manaih ch venesuel boloh tal iluu zamaa tuulsan baihoo

    1 0 Хариу бичих
  5. Ална талначууд л уншмаар юм аа.

    2 0 Хариу бичих
  6. Жэнко Хүк 2 ч мэдэхгүй ээ нэг л бишээ ер нь тэгээд хүнд боловсрол хэрэгтэй гэдэг нь үнэн байгаа юм даа

    4 0 Хариу бичих
  7. Женко+Мадуро=ЖЕНДУРО

    3 0 Хариу бичих
  8. Бид дараагийн Венесуэль болчих бий дэ. Хүрэлсүх Уго Чавес 2 төстэй л харагдаад байгаа юм даа!!!!!!!

    2 0 Хариу бичих