Өвлийн улирлыг ханиад томууны улирал гэж нэрлэх хэмжээнд бүх насны хүмүүс энэ өвчинд нэрвэгддэг. Өвчлөл их байхын хэрээр эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрдэг байдал үргэлжилсээр байна. Гэтэл нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн гурав нь л хүүхдийн төрөлжсөн эмнэлэгтэй.

Ханиад томууны улирал эхлэхэд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ачааллыг үүрч, иргэдийн хувьд ачаалал ихтэйгээс тав тухгүй орчинд хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал энэ сарын 7-оос эхлээд өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 19.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байгаа.

Ингээд Хан-Уул дүүргийн гэр хорооллын бүс буюу Яармагт байрлах 4 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр өдөрт 300 гаруй хүн үйлчлүүлж байгаагийн тэн хагас нь ханиад томуугийн шалтгаанаар үзүүлжээ. Тэдний дийлэнх нь хүүхдүүд байгаа бөгөөд жил ирэх тусам томуугийн өвчлөлийн хүндрэл улам ихэсч байгааг эмч нар хэлж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Бахытхан "Жил ирэх тусам томуугийн өвчлөл хүндрэл нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. Хорт утаагаар амьсгал байгаа болохоор хүүхдийн уушги бохирдон үрэвсэж байна"

Дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасаг оройн цагаар ямар ачаалалтай байгааг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 сартай нялх хүүхдээ эмчлүүлж байгаа ээж цахим сүлжээнд  бичлэгээр харуулсан. Тэрээр үүдэнд нэг хоноод маргааш нь тасаг руу шилжжээ. Тэгвэл улс төрөөс өөр зүйлд анхаарал хандуулахгүй байгаа шийдвэр гаргагчдыг эмнэлэгт эцэг эх хүүхдүүд хэрхэн зутарч байгааг 24 цаг нүдээр харж, хангалттай тооны хүүхдийн эмнэлэг барихыг эцэг, эхчүүд шаардаж байна.

Хэвтэн эмчлүүлэгч хүүхдийн ээж Э.Оюунсүрэн "Шийдвэр гаргагчид энд ирээд 24 цагийн турш бодит байдал ямар байгааг нүдээрээ хараасай гэж хүсэж байна. Ирээд 2-3 цагийн шоу хийх биш өглөөний 08.00 цагаас маргааш өглөөний 08.00 цаг хүртэл энд ажиллаасай. Яагаад гэвэл энэ хооронд бид өрөөнд ороход хойноос нь 10 эмэгтэй хүүхдээ аваад коридорт зулж байгаа. Хүүхдүүдийнх нь харахад 1-2 сартай нярай нар байна. Хувийн эмнэлэгт ч гэсэн ямар ч ор байхгүй байгаа. Би өөрөө хандаж үзэхэд  Монголын  хамгийн үнэтэй хувийн эмнэлэгт ч ор байхгүй гэсэн. Монголд маш их хүүхдэд утаанаас болон уушги, гэдэсний болон томуугийн өвчлөлд өртөж байна. Бид дараа жил гэхэд утаагүй болж чадахгүй, гэхдээ эмнэлэгтэй болох боломж байгаа. Дараа жил гэхэд бидэнд хүүхдийн дөрвөн эмнэлэг барьж өгөөч ээ"

Өнөөдрийн байдлаар хүүхдийн 80 ортой энэ эмнэлэгт 207 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Учир нь нэг шөнийн дотор 200 гаруй хүүхэд хүлээн авахаар үзүүлж, тэдний 20-40 нь эмнэлэгт хэвтдэг.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг насанд хүрэгсдийн тасгаа хүүхдийн тасаг болгожээ. 90 ортой, үүдэндээ 10 ор гаргаж ирсэн. Орой ирснээ үүдэнд хэвтүүлээд, өглөө гарсан хүүхдийн оронд тасаг руу оруулах байдлаар зохицуулж байна.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Г.Гантөмөр "Зарим хүүхдүүд коридорт хэвтэж байна. Энэ бол хүүхдийн эрх хөндөгдөж байгаа асуудал. Тиймээс энэ байдлыг засахын тулд хүүхдийн эмч нарыг болон нарийн мэргэжлийн сувилагч нарыг нэмэгдүүлэх, хүүхдийн эмнэлэг баривал тун сайн байна гэж хувьдаа хэлмээр байна"

Энэ онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 40 ортой хүүхдийн тасгийн өргөтгөл нэмж барина. Мөн Баянзүрх дүүрэг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно. Ингэснээр ачаалал буурна гэдэг хүлээлт айгаа. Гэхдээ эмнэлгийн орны өчүүхэн нэмэгдлээс Монголын үрс илүү олон болсоор байгааг энд сануулъя. Томуунд нөлөөлөх давхар хүчин зүйл агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ хэзээ авч, хүүхдүүд хэзээ коридорт хэвтэхээ болих вэ гэдгийг шийдвэр гаргагч таниас асууж байна.