Төрийн сүлдээ сонгосон түүх

Монголчууд шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулж байгаагаа тунхаглан зарласан. Улсын бага хурлын гишүүд 76 хоногийн турш хуралдаж шинэ Үндсэн хуулиа эцэслэн баталсан түүхтэй. Ийн удаан хэлэлцсэн нь зарим зүйл дээр депутатуудын санаа бодол маш их зөрчилдөж байсантай холбоотой юм. Тухайлбал, төрийн сүлд, далбаагаа сонгоход багагүй хугацаа зарцуулж байжээ.

Анх депутат Насан-Очирын санал болгосноор депутатууд ардын зураач Н.Чүлтэмийн сүлд, далбааны их загвартай танилцаж, тайлбарыг нь сонсжээ. Гэвч депутатууд сүлд, далбааны шинэ загварыг хүлээж авахаас татгалзсан байна. Улмаар депутатуудын саналын дагуу төрийн сүлд, далбааны их загвар бүтээх уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлажээ. Энэ талаар бага хурал тухайн үеийн Улсын гишүүд дурсамжаасаа хуучиллаа.

Р.Хатанбаатар: Сүлдний загварын уралдаанд хогийн цэг дээр амьдардаг иргэн хүртэл оролцож байлаа

-Төрийн сүлдний загварын уралдаанд олон хүн оролцсон. Заавал морь дүрсэлсэн байх ёстой гэсэн хандлага давамгайлж байлаа. Иргэдээс ирүүлсэн загваруудаар үзэсгэлэн гаргаж байсан юм. Тухайн үед нэг их том биетэй, жаахан сэтгэцийн өөрчлөлттэй Ээвээ гэж нэг нөхөр байдаг байлаа. Тэр нөхөр бас хөөрхий энэ уралдаанд оролцож бүтээлээ ирүүлж байсныг санаж байна. Нэг цаасны тасархай дээр нэг тааруухандуу морь зурчихсан, бас жижиг цаасан дээр “Цагаан давааны хогийн цэгт амьдрагч иргэн Ээвээ” гээд хаягаа бичээд хавсаргачихсан байсан. Энэ бол монголчууд боловсролтой, боловсролгүй, эрүүл мэндийн хувьд ямар байхаасаа үл шалтгаалан өөрчлөлт шинэчлэлийн төлөө санаагаа зовоож оролцож байсны илэрхийлэл.

Ц.Товуусүрэн: Ш.Тэнгисболд, Ц.Ойдов нарын сүлдний загвар дээр хамгийн их ярилцсан

-Ш.Тэнгисболдын зурсан цагаан шонхрын дүрс бүхий сүлдний загвар, Ц.Ойдов зураачийн зурсан одоогийн энэ сүлд хоёр дээр нэлээд их ярилцсан. Билэг тэмдгийн ажлын хэсэг гэж байсан. Тэр ажлын хэсэгт нь би орсон юм. Мөн талийгаач Зуунай нэлээн гол үүрэгтэй оролцсон. Эцэст нь санал хураалт явуулж Ц.Ойдов зураачийн зурсан сүлдийг сонгосон юм. Дараа нь ажлын хэсэг тусдаа хуралдаад үг нь ямар байх вэ гэдгийг хэлэлцээд үгийг нь бичсэн. Төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хэрээгээр хүрээлсэн гээд л эхэлдэг их гоё үгтэй шүү дээ. Манай талийгаач Г.Зуунай өөрөө шүлэг, зохиол их бичдэг, сонирхдог хүн байсан учраас үгийг нь их сайхан найруулсан.

Д.Балдан-Очир: Дуучин Э.Бүрнээбаярын “Дэлтэй шувуу” дуу төрийн сүлдээ сонгоход нөлөөлсөн гэж боддог

-Улсын бага хурал Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлээд 30 орчим хонож байх үедээ төрийн сүлд ямар байх вэ гэдэг дээр хуваагдсан. Нэг хэсэг нь “Чингис хааны туган дээр цагаан шонхор шувуу байдаг байсан. Тиймээс бид уламжлалаа сэргээж байгаа юм бол энэ хувилбарыг сонгох ёстой” гэж байлаа.  Нөгөө хэсэг нь “Монголчууд бид нүүдлийн соёл иргэншлээ харуулсан энэ загварыг төрийн сүлдээрээ сонгох нь зөв. Монгол хүн гэдэг морьтойгоо байх ёстой” гэж байсан. Нийгмийг аюулаас хамгаалах яам дэргэдээ дуу, бүжгийн чуулгатай байсан юм. Нэг орой депутатуудад тэр чуулгын тоглолтыг үзүүлсэн. Тоглолт  дуучин Э.Бүрнээбаяр “Дэлтэй шувуу” дуугаар өндөрлөсөн. Энэ дууны үг нь их гоё шүү дээ.

“Тахийн удамт монгол адуу

Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу” гээд л. Тоглолт тараад гадаа гарахад цас орчихсон, тэргэл сартай, их сайхан орой байсан. Арваннэгдүгээр сар гарчихсан үе шүү дээ. Тоглолтоос гараад явж байгаа депутатууд бодолд орчихсон, нуруугаа үүрээд алхаж явахдаа "Бид нар сая тоглолт үзэв үү, эсвэл үзэл суртал шингэсэн тархи толгойгоо угаалгасан юманд орчихов уу" гээд инээлдэж байлаа. Тэр тоглолтоос хойш хэдхэн өдрийн дараа одоогийн энэ сүлднийг сонгосон. Сүлдний энэ загварыг сонгоход дуучин Э.Бүрнээбаярын “Дэлтэй шувуу” дуу олон депутатын санаа бодлыг өөрчилсөн болов уу гэж боддог юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Эзэнгүй модон сийлбэр бүхий адуу — нэг л билэг дэмбэрэлгүй , Эзэнгүй ард түмэн, адуу нь модон ,утгагүй муухай санааг илэрхийлээд ...

    0 0 Хариу бичих
  2. Эзэнгүй модон адуу байгаамдааа энэ сүлл чинь, морь ч биш шүү дээээ

    0 0 Хариу бичих
  3. ОДОО ЭНЭ ШТОМВОРОО СОЛИВОЛ ЯАСИЙН.ШОНХОР ЗӨВ БАЙСИЙМШДЭЭ.НЭГДЭЛИЙН ДАРГА НАРЫН УХААНЫ ХЭМЖЭЭШДЭЭ ЭНЭ СҮЛД.МАЛНУУД.

    1 0 Хариу бичих
  4. Модон морь сонгочоод юундаа нээх том ажил хийцэн юм шиг том том баагаад байгаан.том тарган модон морь нихсэхүү чи боддоо

    1 1 Хариу бичих
    • Хийсвэрлэх сэтгэлгээ байхгүй чам шиг иргэддээ зориулаад морины фото оруулаад дээр нь мотортой сэнс зурах байж уу

      1 0