Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилготой "Монголын мистер 2019" улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн маргааш Корпорэйт Конвеншн төвд болно.
Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь Монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм байна.
Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид Олон Улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнесийн холбооны ЕНБД С.Одбаатар, МУГТ Г.Угалзцэцэг нар мэдээлэл өглөө.
Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна.
Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар Баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж.