ЭМД-аас урамшуулал авч, иргэдэд үйлчлэх спорт клубийг шалгаруулна

НЭМҮТ-өөс хийсэн "Хүн амын хоол  тэжээлийн байдал 2017" судалгаанаас үзэхэд илүүдэл жин ба таргалалтын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна.  Тодруулбал, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 11,7 хувь, 6-11 насныхны 28,6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай байна.

НЭМҮТ-ийн хоол судлалын албаны ЭША Б.Түвшинбаяр "Судалгаагаар насанд хүрэгчдийн 50 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Өсвөр насны хүүхдүүдийн таргалалт өмнөх жилүүдийнхээсээ хоёр дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан. Өмнөх судалгаагаар өсвөр үеийнхний илүүдэл жин, таргалалт 12 хувьтай байсан бол энэ судалгаагаар 28.6 хувь болон өссөн. Таргалалт, илүүдэл жин нийт хүн амын дунд өндөр байгаа нь хооллолт, хөдөлгөөний хомсдолтой холбоотой. Ялангуяа хүн амын суурьшмал хэв маягтай холбоотойгоор хөдөлгөөний идэвх багассан. Иргэдийн өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнсний илчлэг өндөр. Түүнийгээ эргээд шатааж чадахгүйгээс таргалалт, илүүдэл жин үүсэж байгаа" гэв.

Үүнтэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалаар финтес клубүүдэд хөнгөлөлттэй үйлчлэх хууль хэрэгжих ёстой ч хэзээнээс эхэлж, ямар фитнес  клубүүдэд явах боломжтой вэ гэдэг нь тодорхойгүй байна

 2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох”-оор тусгасан. Энэ нь 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжихээр хуульчилсан байдаг. Хэрвээ хэрэгжээд эхэлчихвэл үндэсний хэмжээний асуудал болоод байгаа таргалалт, илүүдэл жингийн асуудал шийдэгдэхэд нэмэртэй. Одоогоор ЭМД-аар урамшуулал олгон явах боломжтой фитнес клубүүдийг магадлан итгэмжлэх журам болон шалгуурыг боловсруулж дуусжээ.

БСШУСЯ-ны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг  "Тухайн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбоондоо бүртгэлтэй байх хэрэгтэй. Тухайн клубт хичээл зааж байгаа дасгалжуулагч итгэмжлэгдсэн сургалт явуулах гэрчилгээтэй байх ёстой. Клуб эмчтэй байх шаардлагатай гэх мэтчилэн заалтуудыг оруулж өгсөн. Хөнгөлөлтийн хэмжээг ЭМД-аас гаргах байх" гэлээ.    

   

ЭМДГ-ын мэргэжилтэн  Ц.Өсөхбаяр  "2019 онд ЭМД-ын сангаас 2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Тухайн спорт клубүүдийг БСШУЯ болон ЭМЯ хамтран магадлан итгэмжлэнэ. Магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдийн нэрс гарсан тохиолдолд ЭМДЕГ-аас гэрээ байгуулах ёстой" гэв.     

Ингээд эцэст нь дээрх шалгуур үзүүлэлт нийцэхүйц фитнес болон спорт клубүүдийг сонгон шалгаруулчихбал иргэд ЭМД-аар урамшуулал авч, иог болон бие бялдаржуулах төв гэх мэт бүхий л төрлийн спортын төвүүдэд явж, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэх нь ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 1 сарын 1 ээс хэрэгжинэ. наана нь бэлтгэл ажлаа жин тан болгоод 1.1ээсээ эхлэж хэрэгжих хэрэгтэй бишүү?

    0 0 Хариу бичих
  2. xezee exlex um xugjiliin berxsheeltei irged yaxab be.

    0 0 Хариу бичих