Британийн интернэт дэлгүүр Boohoo-д худалдаалагдаж байсан цамцнуудын арьсан чимэглэл жинхэнэ ангийн үсээр хийгдсэн байсан нь илчлэгдэж, ан амьтны эрх ашгийг хамгаалдаг нийгэмлэгүүд, үйлдвэрлэгчдийн хооронд томоохон маргааныг дэгдээгээд байна.

“Boohoo”-д худалдаалагдаж байсан үнэг, туулайн арьсан чимэглэлтэй цамцны чимэглэлийг үйлдвэрлэгчид нь “хуурамч” хэмээн хэрэглэгчдэдээ итгүүлдэг байж. Амьтан хамгаалдаг “Humane Society International” хэмээх байгууллага энэ сурталчилгаанд эргэлзэж, туулайн арьсан чимэглэлийг шинжилгээнд өгтөл жинхэнэ болох нь илэрсэн юм байна. “Humane Society International” шинжилгээнийхээ үр дүнд үндэслээд Boohoo-г Британийн сурталчилгааны стандартын асуудал хариуцсан газар (Advertising Standards Authority)-т гомдол гаргажээ.

Жинхэнэ ангийн арьсан эдлэлийг “хуурамч” гэж сурталчлан зарж борлуулах явдал тус улсад өмнө нь ч гарч байсан бөгөөд амьтны эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнд нэгдсэн гэж өөрсдийгөө зарласан хэд, хэдэн том дэлгүүр туулай, үнэг, илбэнхийн арьсан хувцас зарж байсан нь өнгөрсөн арваннэгдүгээр сард илэрч байсан юм.