“Манчестер сити”-“Бертон” 9:0. Сонирхолтой баримтууд

Английн лигийн цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод “Манчестер сити” баг “Бертон”-ыг 9:0-ээр бут ниргэлээ. Дунджаар 10 минутад нэг гоол орсон энэ тоглолтод Украины легионер Олександр Зинченко багийнхаа төлөөх анхныхаа гоолыг оруулсан юм. Бид энэхүү содон тоглолтын дараа гарсан сонирхолтой статистикийг уншигчдадаа хүргэж байна.

-“Манчестер сити” сүүлийн 21 жилд анх удаа нэг тоглолтод есөн гоол оруулжээ. Тэд хамгийн сүүлд 21 жилийн өмнө  Английн хоёрдугаар дивизонд “Хаддерсфильд”-ыг 10:1-ээр хожиж байв.  

-“Бертон”-ы хожигдол нь Лигийн цомын тэмцээний түүхэн дэх сүүлийн 32 жилийн хамгийн хол хожигдол болжээ. 1986 оны есдүгээр сард “Ливерпүүл” “Фүлхэм”-ийг 10:0-ээр хожиж байсан бөгөөд энэ нь тэмцээний түүхэн дэх хамгийн хол хожил, хожигдол юм. Манчестерчууд өчигдөр нэг л гоол нэмээд хийчихсэн бол энэ дээд амжилттай зэрэгцэх байв.  

-Пепийн баг өнгөрсөн долоо хоногт Английн цомын тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтоо “Ротерхэм”-тэй хийж, 7:0-ээр буулгаж аваад байв. Ингэснээр хоёр тоглолт дараалан долоо ба түүнээс дээш гоол оруулсан гэсэн бас нэгэн содон амжилтын эзэд болжээ. 1967 оны Дон Ревигийн “Лидс”-ээс хойш нэг ч баг ийм үзүүлэлт гаргаж байгаагүй аж.

-Пеп Гвардиола замналдаа хоёр дахь удаагаа өрсөлдөгч багаа 9:0-ээр хожиж байна. Өмнө нь “Барса”-д байхдаа “Л’Оспиталет”-ыг есөн гоолоор хожиж байжээ. 10 гоол оруулж байсан тохиолдол агуу Пепд ч үгүй аж.   

Тоглолтын дараа хэлсэн үгэндээ тэрээр “Сайн үр дүн. Мэдээж бид шигшээд шалгарна, гэхдээ дараагийн тоглолт гэж байгааг бас мартаж болохгүй. “Бертон” энэ тэмцээнд сайн тоглосон. Сайн байсан учраас тэднээр бахархаж болно. Найжел Клафтай (“Бертон”-ы ерөнхий дасгалжуулагч – Eagle.mn) хамт дарс ууна, түүний эцэг Брайан Клаф Английн хөлбөмбөгч ямар чухал хүн бэ гэдгийг мэднэ” хэмээн онцолжээ. Брайан Клаф нь нь “Ноттингем Форест”-ыг “Аваргуудын лиг”-т хоёр удаа түрүүлүүлсэн дасгалжуулагч бөгөөд Английн шигшээг дасгалжуулаагүй хамгийн агуу англи дасгалжуулагч гэж тооцогддог юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)