"Газрын тос боловсруулах үйлдвэрт маань хөрөнгө оруулаач" хэмээн манай Засгийн газрын  төлөөлөл бүхий нөхөд ОХУ-д саяхан очоод иржээ. Дэд бүтцийнхээ шатанд яваа Энэтхэг улсаас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулагч олох яриа хөөрөө сүүлийн өдрүүдэд ийнхүү эрчимтэй өрнөж  Москва, Улаанбаатарын хооронд хэд хэдэн томилолт үргэлжилснийг эх сурвалж баталж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амласан амлалтаас ганц “гялтайх” ажил буюу газрын тос боловсруулах үйлдвэр барьж, түлш шатахуунаар гадны улсаас хамаарахгүй болох төсөл нь энэ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд эхлүүлсэн үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэлж, эрчим хүчээ татчихсан, нийт 19 км тавигдах замын 1,5 км-ийг барьчихаад байгаа. Гэтэл ийнхүү яагаад хойд хөрш рүү хадаг барьж гүйлдэх болов.

Монгол Улс түлш, шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг. Хоёр улсын худалдаа эргэлтийн 90 хувь нь Монголын газрын тосны импорт. Монголчууд жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл 1.5 тэрбум доллар шаардлагатай. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн гарын үсэг зурж олгох зээл зөвхөн газрын тосны үйлдвэр барихад л хүрэх тооцоог салбарынхан хийгээд Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Хятадын “Петро Чайна дачин Тамсаг”  компани газрын тос олборлож буй Дорнод аймгийн Тамсагийн ордоос Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл 670 км урт хоолой татахад 350 сая долларын хөрөнгө нэмэх шаардлагатай аж.

Тиймээс “Роснефть” компанийг энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, цаашдаа дутагдаж болох газрын тосыг нийлүүлэх саналыг Монголын тал тавьжээ. Хариуд нь танай үйлдвэрийн хүчин чадал дэндүү бага, нефть чинь өтгөн, хоолой тавихад технологийн хувьд маш өндөр зардалтай гэсэн хариуг оросууд өгсөн гэнэ. Юутай ч хамгийн ойрын боломжит хөрөнгө оруулагч “Роснефт”-ийг татах оролдлого ийнхүү хийж байгаа хэдий ч нааштай бус мэдээлэл гарсаар байгаа гэнэ.

Түүх сөхвөл, 2008 онд С.Баярын Засгийн газрын үед  “Роснефть” Монголд 100 шатахуун түгээх станц барихыг дэмжиж байсан ч УИХ дээр очоод буцаж байсан. Одоогийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулахдаа “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан нь хэрэгжиж байгаа.

Дэлхийн эдийн засгийн 2019 оны судалгааг гаргасан "Стратфор" байгууллагын судалгаагаар газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ их байна гэсэн мэдээлэл бий. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсөх магадлал тун бага ч гэсэн Монголын хувьд зөвхөн Оросоос хараат учир бензин шатахууны үнэ Монголд тогтвортой байх магадлал тун бага. Тэр тусмаа он гараад Орост шатахууны дотоодын үнэ 10 хувиар өсөх, Орос оронд  газрын тосны нийлүүлэлтийн ойрын ирээдүй бүрхэг болж байгаа тухай мэдээлэл их гарч байгаа” гэж ярьсан байсан. Ямартай ч бид оросуудтай мөнхийн хөрш шигээ тэднээс шатахуунаараа мөнхийн хараат байх бололтой.