Амазон компанийн CEO Жефф Безос 25 жил ханилсан эхнэр Маккензиегээсээ салсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Жефф Безос Амазон компанийг үүсгэн байгуулагч бөгөөд Bloomberg-ийн Тэрбумтнуудын Индексийг 137 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлж, дэлхийн хамгийн баян хүнээр тодроод буй. Харин эхнэр Маккензие нь The Testing of Luther Albright, Traps зэрэг зохиолуудаараа уншигчдад танигдсан авьяаслаг зохиолч эмэгтэй билээ.
Хосууд 1993 онд ажлын ярилцлаганы үеэр танилцаж удалгүй гэрлэлтээ батлуулж 2019 оныг хүртэл хамт амьдарсан үлгэр жишээ гэр бүл байсан юм.
Безосын гэр бүл Day One Fund хэмээх сангаараа дамжуулан орон гэргүй хүмүүс, тэдний хүүхдүүдэд боловсрол олгоход анхаарч ажиллахын зэрэгцээ бага орлоготой өрхүүдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Дөрвөн хүүхдийн эцэг эх болсон Жефф, Маккензигийн гэрлэлтээ цуцлуулсан тухай мэдээг өчигдөр Жефф Безос өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрээр “Олон жилийн хайр, хүндлэл, итгэлцэлдээ цэг тавих боллоо. Гэсэн хэдий ч бид өөрсдийн хайр, хүндэтгэл, итгэл бүхнээ гэр бүл, найзууддаа хуваалцсаар байх болно” хэмээн бичсэн байлаа.