Хэрэглэгчийн эрхийг хамгаалах жилд бүх нийтийн оролцоог хангана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарлан, жилийн ажлын нээлтээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 
Улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нар үг хэллээ. 
Уг арга хэмжээ нь улс орон даяар жилийн турш үргэлжилж 2019 оны 11 дүгээр сард Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс нэгтгэн дүгнэхээр төлөвлөсөн байна. 

Нээлтийн ажиллагаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын хариуцан ажилладаг яамдын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэрэглэгчийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. 

Арга хэмжээний үеэр оролцогчдыг төлөөлж төрийн байгууллагаас БСШУСЯ-аас Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, МХЕГ-ын ХАБХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлийн дарга Ш.Анхмаа, Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, төрийн бус байгууллагаас Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шагжжав , аж ахуйн нэгж, байгууллагаас МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Ч.Оюунжаргал, хэрэглэгчийг төлөөлж Иргэн Ц.Чингүнжав нар 2019 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай салбар чиглэлийнхээ хүрээнд хэрхэн хамтран ажиллах болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд өөрсдийн үүрэг, оролцооны талаар саналаа хэлж “Хариуцлагатай хэрэглээ –Хэрэглэгчийн эрхийн жил”-ийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Арга хэмжээний төгсгөлд “Хариуцлагатай хэрэглэгээ – Хэрэглэгчийн эрх” –ийн жилийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид салбар бүртээ хэрэглэгчийн эрхийг дээдэлсэн, хэрэглэгчид “ХААН” титмийг бодитоор өмсүүлэхийн төлөө хамтран ажилласан жил байхыг бэлгэдэн хэрэглэгчийн төлөөлөлтэйгээ хамтдаа “ЦАН” цохиж жилийн ажлаа албан ёсоор эхлүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)