Б.Ганхуяг : 1072 хувьцаа гаргах санхүүгийн нөхцөл бүрдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жилийг “Дэлхийн зах зээлд өрсөлдсөн хөгжлийн жил болгоно” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэллээ.  Өнгөрсөн онд тус компани хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарч, ажилчдын цалингаа 21 хувиар нэмсэн бол энэ онд ажилчдын нийгмийн асуудалд анхаарч, Өмнөговь  аймгийн боловсрол, дэд бүтцэд чиглэсэн ажлууд хийх гэнэ. Одоогоор Гашуунсухайт төмөр замын ажил 70 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг түргэвчлэх, Гашуунсухайт авто замын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ.

Мөн Тавантолгой, Зүүнбаян, Ханги мандалын төмөр зам болон цахилгаан станцын төслөө урагшлуулахаар ажиллах болно гэдгээ тэрбээр мэдээллээ. Эдгээр ажлыг хийхдээ гурван эх үүсвэрээс санхүүжүүлэх аж. Нэгдүгээрт, дотоодын нөөц буюу компанийн хөрөнгө, хоёрдугаарт, Засгийн газар, УИХ-аас өгсөн үүргийн дагуу олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, гуравдугаарт, хөрөнгө оруулагчдаас бүрдүүлэх юм байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Ингэснээр сүүлийн хоёр жилд орлого нь 3.1 их наяд төгрөг болсон байна. Мөн улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлжээ. Түүнчлэн 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулсан байна. Энэ нь  Жорк стандартад шилжсэн дүнгээр найман тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлсэн аж. Ингэснээр 1072 хувьцаа гаргах санхүүгийн нөхцөл бүрдсэн гэдгээ тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тодотголоо. Уг хувьцааг энэ онд гаргахаар төлөвлөсөн. Тус компанийн өнгөрсөн оны аудитын  удахгүй гарах гэнэ. Тэрхүү тайлангаар нэгж хувьцааны үнэ тодорхой болох бөгөөд түүний дараа захирлуудын зөвлөл, дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, үнийг батлах юм байна. Хувьцааны нэгж үнийг одоогоор 933 төгрөгөөр үнэлсэн байгаа. 1072 хувьцааны дансаа 500 гаруй мянган хүн нээлгэжээ.

Дашрамд дурдахад, цахим ертөнцөөр 1072 хувьцааг зарах тухай мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ойлголт өгөх үүднээс мэдээлэл хүргэе. Хувьцааг өмнө нь хэд хэдэн удаа арилжиж байсан. Тухайлбал, 2016 онд УИХ-ын сонгуулийн өмнө, 2011 онд оюутны сургалтын төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэх мэт. Харин одоогоор 1072 хувьцаа нь хаалттай байгаа.Тиймээс хэн нэгэнд шилжүүлж, зарах боломжгүй юм. Хувьцааг Монгол Улсын иргэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд  эзэм­ших эрхтэй. Харин энэ хугацааас хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Түүнчлэн 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хувьцаа эзэмшүүлээгүй байгаа билээ. Хувьцааны дансыг Монгол Улсын иргэн хаана ч нээлгэх боломжтой юм байна. Мөн орон нутгийн иргэдэд зориулан аймгийн төвүүдэд брокерийн компаниуд үйл ажил­лагаа явуулж байгаа аж.  Гадаадад суугаа иргэдийн хувьд гэр бүлийнхээ хэн нэг­нээр төлөөлүүлж данс нээлгэх боломж­той. Гадаадад байгаа хүнийг иргэ­ний үнэмлэхний хуулбараар бүртгэж болно. Брокерийн компа­нид бүртгүүлснээс 20 хоногийн дараа таны дансыг  нээнэ. Хэрэв 2010 онд данс нээлгэж байсан бол хувьцааны дансаа, банкны данстайгаа холбуулах шаард­лагатай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хувьцааныхаа 30%г 300к-аар зарсан зарим хүмүүс 100к аа авч чадаагүй бгаа, тэрийгээ буцаагаад хувьцаа хэлбэрээр авмаар бна, мартаагүй бгаа шүү кк

    0 0 Хариу бичих
  2. za huu, 300 orchim shirheg huvitsaagaa 300k aar zarsiin. Odoo ergeltend orohoor zarsan uneeree butsaaj avch bolno gej bsn. teriigee 300k-aaraa butsaaj olj avay daaaaa. ETT beltgej baigaarai huuu.

    3 0 Хариу бичих