Зохиолчид цэцэг өргөнө

Монгол Улсад зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн хүрээнд өнгөрсөн бямба гаригт Говьсүмбэр аймагт "Болор цом" наадам болсон бол энэ долоо хоногийн даваа гаригт оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд" наадам, өчигдөр шилдэг богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадмууд болсон юм. Харин өнөөдөр 13 цагаас зохиолчид их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хаан,  их жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн 14 цагт Хүүхдийн номын ордонд “Монголын зохиолчид-90” гэрэл зургийн болон номын чимэг зургийн үзэсгэлэн нээгдэх бөгөөд 15 цагт УДБЭТ-т “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болох юм.

Монголын зохиолчдын байгууллагын түүхийг сөхвөөс С.Буяннэмэх, Г.Навааннамжил, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Бага Дамдинсүрэн, Б.Дугаржав, Догсүрэн, Б.Ринчен, Д.Нацагдорж, Шагдарнэрэн, Я.Цэвэл, Л.Цэндсүрэн, Дашдэмбэрэл, Д.Чимэд, Ө.Бадрах, Очир, Гэндэн нарын 17 зохиолч нэгдэн 1929 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, Хувьсгалт уран зохиолчдын бүлгэмийг байгуулан, бүлгэмийн дүрэм, ажлын төлөвлөгөөг "Үнэн" сонинд нийтэлжээ. Ийнхүү Монголын зохиолчдын ууган байгууллага үүсэн байгуулагдсан ажээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Д. Нацагдорж бол социализмын үеийн зохиомол баатар, үзэл суртлын л хэрэгсэл, яг үнэндээ бол хэн ч биш нэгэн байсан гээд байхын мэддэг улс нь

    0 0 Хариу бичих