"Утгын чимэг" наадамд С.Дамдиндорж түрүүллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам өчигдөр боллоо. МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 22 дахь удаагийн "Утгын чимэг" богино өгүүллэгийн наамад МЗЭ-ийн  шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлэв. Тэрээр Монголын яруу найргийн 1990-ээд оныхны нэгэн содон төлөөлөгч бөгөөд "Жимсний бөөр" номоороо утга зохиолын хүрээнд танигдсан нэгэн юм. 

Харин МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ энэ жилийн "Утгын чимэг" наадмын дэд байрыг хүртлээ. Т.Бум-Эрдэнэ зохиолчийн хувьд өмнө нь үргэлжилсэн үгийн зохиолын төрөлд шилдэг бүтээлийн "Алтан өд" шагнал хүртэж байсан юм. "Утгын чимэг" наадмын гуравдугаарт байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн "Булангийн зогсоол" өгүүллэг шалгарав. "Утгын чимэг" наадмын сүүлийн шатанд 10 зохиолчийн өгүүллэг шалгарч үлдсэн бөгөөд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагоржийн шагналт яру найрагч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягын “Сүүлчийн зүсэлт”, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүд тусгай байрт шалгарав.

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анх удаа зохион байгуулж, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан аж. Энэ наадамд түрүүлж, айрагдсан зохиолчдын дотор Монгол Улсын ардын уран зохиолч дөрөв, төрийн шагналт зохиолч найм, соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)