У.Руни баривчлагдсан асуудалд тайлбар өглөө

Английн шигшээ, “Манчестер Юнайтед” багийн довтлогч асан Уэйн Руни олон нийтийн газар архидан согтуурсан хэргээр өнгөрсөн сарын 16-нд Даллесын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагдсан билээ. Тэгвэл энэ хэргийнх нь шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж, хөлбөмбөгчинд торгуулийн шийтгэл ногдуулсан байна. Хэвлэлийн төлөөлөгч нь энэ асуудлаар мэдээлэл хийж,  албан ёсны тайлбар өгчээ. Түүний хэлснээр, Уэйн Руни тухайн үед Саудын Араб улсад нэг хоногийн ажлын аялал хийсэн. Улмаар маш ихээр ядарсан тул онгоцонд суусныхаа дараа нойрны эм ууж, бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн юм байна. Энэ нь сэтгэцэд нь нөлөөлж, биеэ зүй бусаар авч явахад хүргэжээ. Олон нийтийн газар архидан согтууосан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсных нь төлөө түүнд тухайн үед нь 25, энэ сарын 4-ний өдөр 91 ам.долларын торгууль ногдуулсан гэж Лоудоны дүүргийн шүүхийн мэдээлэлд дурдсан аж.

Энэ хэрэг гараад хэдий олон хонож байгаа ч олон нийтийн анхаарлыг татсаар байгаа учир ийнхүү мэдээлэл хийх болсон учрыг хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарласан байна. Тэрээр дээрх явдалд Уэйн Руни бүх талаар буруугаа хүлээн гэмшиж байгаа бөгөөд оролцсон бүх хүнээс уучлалт хүсч байгаа гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь уламжилжээ.

Тэрээр “Энэ үйл явдал хэвлэлийнхний анхаарлыг татаж байгааг бид ойлгож байна. гэхдээ энэ нь юун түрүүнд Уэйний хувийн асуудал бөгөөд “DC United” цаашид энэ асуудалд анхаарал хандуулахгүй” багийнх нь зүгээс гаргасан мэдээлэлд дурджээ.

У.Руни өнгөрсөн онд “DC United” багтай гурван жил хагасын гэрээ байгуулан АНУ-д хөл тавьснаасаа хойш ийнхүү анх удаа асуудалд орж байна. Өмнө нь тэрээр 2017 оны есдүгээр сард Чеширт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэргээр жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулж байв.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)