Дууны урлагийн шинэчлэгч
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, “Уянга яруу дэлгэрхэн дэлхий” ном, “Эх орны уянга” цомгийн нээлт өчигдөр боллоо. Монголын хөгжмийн урлагт тод мөртэй энэ эрхмийг тодорхойлъё гэвэл “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр”, “Хар ус нуурын шагшуурга”, “Миний ээжий”, “Би монгол хүн”, “Гэгээн өглөө сайн байна уу”, “Сартай шөнийн дуу”, “Дуучин болов оо би”, “Амар түвшин”, “Ганга нуур”, “Би хаана төрөө вэ”, “Долоон нас” гээд зохиосон дууг нь нэрлэхэд л хангалттай. Гэхдээ дууны уран бүтээл бол Ж.Шараа гуайн уран бүтээлийн зөвхөн нэг тал нь. Тэрээр мөн дан хөгжмийн бүтээл, жүжиг, бүжгийн хөгжим олныг бичиж, тэр бүхэндээ шинэчлэгч, эрэлхийлэгч байж чадсан юм. Тухайлбал, “Эх орны уянга” дан чавхдаст найрал хөгжмийн зохиолоороо Монголд урьд өмнө байгаагүй төрөл буй болгож, олон хоолойн тогтолцоог цөөхүүл хөгжмийн төрөлд зохистой ашигласан бол “Хар ус нуурын шагшуурга” дуугаараа Монголын дууны урлагт солигдмол хэмнэлийг анх оруулж ирснээрээ шинэчлэгч болжээ. Хөгжмийн зохиолч Ж.Шараагийн гурав дахь тал нь тэрээр олон мянган шавь төрүүлсэн багш хүн. 1962 оноос Хөгжим бүжгийн дунд сургууль буюу эдүгээгийн Монгол Улсын Консерваторт багшилсан гэхээр хагас зуун жил илүү хугацаанд хэдэн мянган авьяастныг агуу их урлагийн босго алхуулж, дуурьсахуйн ертөнцөд хөтлөн оруулсан буй заа.
Тиймээс Ж.Шараа гуай 80 насны өлзийт босго алхасны ойгоо Монгол Улсын Консерваторийнхоо уянга эгшиг цалгисан их өргөөнөө үе үеийн урлагийнхан, уран бүтээлч найз нөхөд, шавь нар, хань, үр хүүхдүүд болон шүтэн бишрэгчдийнхээ хамт өргөн дэлгэр тэмдэглэв. Эрдэм шинжилгээний хуралд “Улаанбаатар” их сургуулийн доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “1960-аад оны нийтийн дууны шинэ соёл бүрэлдэн тогтсон нь”, СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр “Дуулаачийн болон дан хөгжмийн бүтээлийн тухайд”, Монгол Улсын Консерваторийн багш, хөгжим судлаач С.Энхбулаг “Ж.Шараагийн 1960-1970 оны дууны уран бүтээлийн онцлог” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хөгжмийн зохиолч Ж.Шараа 1960-1980 оны Монголын хөгжмийн урлагийн нэгэн томоохон төлөөлөгч байж нийтийн дуу, дан хөгжмийн бүтээл олныг туурвисны дотор ард түмний зүрх сэтгэлд хоногшсон мөнхийн бүтээлүүд хэдэн арваар тоологдох төдийгүй мэргэжлийн ур чадвар, авьяас билиг сорьсон томоохон бүтээлүүд нь судлаачдаа хүлээж байгааг илтгэгчид дурдаж байлаа.


“Хар ус нуурын шагшуурга” дахин давтагдашгүй
Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийн тухай шүүмж өгүүлэл, хөрөг ярилцлага, дурсамж сэлтээс бүрдсэн “Уянга яруу дэлгэрхэн дэлхий” ном, “Эх орны уянга-2” цомгийн нээлтээр ойн ёслол үргэлжилж хөгжмийн урлагийн төлөөлөгчид буурал уран бүтээлчдээ баяр хүргэж, сэтгэлийн үгээ хэлцгээв. Тэдний дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад хамгийн эрхэм хүндтэй зочин байлаа. Учир нь Б.Зангад гуай Ж.Шараа гуайн олон дууг дуулж амьдруулсан уран бүтээлийн анд нөхөр, сайн хамтрагч нь.
Б.Хаянхярваагийн шүлэг “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, Д.Намсрайжавын шүлэг “Чиний минь хайр”, Б.Явуухулангийн шүлэг “Хар ус нуурын шагшуурга” дуунууд Ж.Шараагийн анхны уран бүтээлүүд. Эдгээр дууг бүгдийг нь Б.Зангад дуулж олонд хүргэж, одоо болтол хагас зуун илүүтэй эгшиглэсээр байгаа билээ. Дээр дурдсан дуунуудаараа л Жамбалын Шараа хэмээх залуухан хөгжмийн зохиолч өөрийгөө зарлан тунхаглаж, тухайн үеийн хөгжмийн ертөнцийн алдартнуудад тоогдож, ард түмэнд танигджээ. Ялангуяа “Хар ус нуурын шагшуурга” дуу нь түүнд ихээхэн алдар хүнд авчирч, авьяаслаг хөгжмийн зохиолч төрөн гарсныг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрчээ. Ж.Шараа гуай “Хар ус нуурын шагшуурга” шүлэгт нь ая зохируулчихаад Б.Явуухулан найрагчид сонсгоход “Сайхан дуу болжээ” хэмээн урам хайрласан гэдэг. Тухайн үед тэрээр Хар ус нуурыг үзээгүй, шагшуурга гэж юу байдгийг ч мэддэггүй байв. Сүхбаатар аймгийн Асгат сумын анчин, малчны хүү баруун Монголын үзэсгэлэнт сайхан нуурыг үзээгүй байхдаа ийнхүү гайхамшигт сайхан аялгууг тэрлэсэн ажээ. Б.Явуухулан гуайд дуугаа сонсгочихоод шагшуурга гэж юу юм бэ хэмээн асуухад нь их найрагч Хар ус нуурын шагшуургыг нүдэнд харагдтал тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн гэдэг.


1964 онд Хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал болоход залуу хөгжмийн зохиолч Ж.Шараагийн “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж” дуунууд хурлын илтгэлд нэр цохогдон сайшаагдаж байжээ. Хурлын дараах хүлээн авалт дээр үе тэнгийн залуус болох Ж.Шараа, Б.Зангад нар “Улаанбаатар” зочид буудлын хүндэтгэлийн өргөөний үүд хавиар л зогсч аваргуудын яриа сонсч байж. Тэгсэн Б.Явуухулан найрагч тэдэн дээр хүрч ирээд, “Хар ус нуурын шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын уран бүтээлд амжилт хүсч байна аа хэмээжээ. Энэ бол хаанаас ч, хэнээс ч олдохгүй өндөр шагнал байсан хэмээн Ж.Шараа гуай дурссан байдаг. Дорнын их найрагчийн халуун сэтгэлийн үг залуу хөгжмийн зохиолчид урам бадрааж, тэрээр Б.Явуухулан гуайн “Сартай шөнийн дуу”, “Би хаана төрөө вэ” шүлгүүдэд нь мөн аялгуу зохируулсан нь мөн л ард түмний аманд аялагдаж чихэнд хоногшсон бүтээлүүд болжээ.
Ж.Шараа гуайн өөр нэгэн онцлох бүтээл бол их зохиолч Д.Нацагдоржийн шүлэг “Миний ээж” дуу. Их зохиолчийн “Миний ээж” шүлгийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Энэ алдарт шүлэгт өмнө нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав, Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт уртын дуучин С.Цоодол нар аялгуу зохиогоод байж. Гэтэл Хөгжим бүжгийн дунд сургуульд хамт багшилдаг, уран бүтээлийн анд, дуучин Б.Зангад нэгэн өдөр өрөөнд нь орж ирээд Д.Нацагдоржийн “Миний ээж” шүлгийг харуулж үүнд аялгуу хийгээч гэжээ. Өмнө нь хоёр гурван хөгжмийн зохиолч аялгуу зохиочихсон гэдгийг хэлтэл Б.Зангад нэг шүлэгт олон аялгуу зохиосон байдаг юм гэсэн аж. Ингээд наймхан настайд нь хорвоог орхисон хайрт ээжээ бодон энэхүү гайхамшигт шүлэгт аялгуу зохион, ердөө 30 минутын дараа нэгэн сайхан дуу бэлэн болж, Б.Зангадыгаа дуудан дуулуулж сонсч байсан түүхтэй ажээ. Б.Зангад гуай ч багадаа ээжийгээ алдан өнчирч үлдсэн учир энэ дууг хайрт ээждээ зориулан дуулсан гэдэг. Д.Лувсаншарав, С.Цоодол нарын мундагчуул “Миний ээж” шүлэгт хийсэн аяыг нь хүлээн зөвшөөрснөөр энэхүү сайхан бүтээл дуунд дуртай түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглэх болжээ.
Нэрт яруу найрагч Ч.Чимидийн “Би монгол хүн” дуунд Ж.Шараа гуай нэлээд хожуу буюу 1982 онд ая зохиожээ. Ч.Чимид гуай түүнтэй таараад эх орны сэдэвтэй уран бүтээл хийж байгааг нь сайшаагаад “Миний “Би монгол хүн” шүлэгт ая хийгээч” хэмээсэн аж. Гэтэл дахин уулзаж амжаагүй явтал их найрагч тэнгэрт хальсан мэдээ дуулджээ. Ингээд Ч.Чимид гуайн хэлсэн үгийг бодон “Би монгол хүн” алдарт шүлэгт нь аялгуу зохион дурсгалыг нь мөнхжүүлсэн гэдэг.


Хүүхдэд зориулсан төрийн дууллыг зохиогч
Жамбалын Шараагийн хөгжим... гэж Монголын радиогоор зарлахад өглөө эхэлдэг. Жамбалын Шараагийн хөгжим... хэмээн зарлахад хавар ирдэг гэхэд хилсдэхгүй. Ж.Шараа бол хүүхдэд зориулсан төрийн дууллыг зохиосон хүн хэмээн хөгжмийнхөн үнэлдэг. Үнэхээр 1965 онд зохиосон “Гэгээн өглөө сайн байна уу” дуу нь Монголын хүүхэд багачуудыг өглөө бүр дуудан сэрээж урам хайрласаар мөн л хагас зуун жилийг үджээ. Хүүхдийн дууны уран бүтээлд Ж.Шараа гуай мөн л тод том мөртэй. Д.Лхашидын шүлэг “Миний хөөрхөн дүү”, Д.Нямсүрэнгийн шүлэг “Долоон нас” гээд л. “Долоон нас” дууг л гэхэд тэрээр отгон хүү Ш.Баттөрдөө зориулан зохиосон түүхтэй. Шүлгийг нь Эрээнцавын хэмээн алдаршсан нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн бичжээ. Уг шүлэг “Цог” сэтгүүлд хэвлэгдсэнийг гэргий Л.Дарьсүрэн нь түүнд авчирч өгсөн аж. Тухайн үед долоон нас хүрээд байсан хүү Ш.Баттөр нь аавыгаа ажлаасаа ирэхийг хараад цонхон дээрээ даллан зогсдог байсан гэнэ. Хөгжмийн зохиолчид хүүгийнх нь энэ өхөөрдөм дүр зураг хийгээд эрдэм номын аянд дөнгөж хөл тавьж буй балчирхан насных нь цовоо цолгиун тэмүүлэл гүн сэтгэгдэл төрүүлж дээрх дуугаа зохиожээ.
...Цаг хугацааны эхлэл үүрийн цолмон од
Цагийн сэрүүлэг шиг долоон нас долоон нас... хэмээн эхэлдэн “Долоон нас” дууны эзэн Ш.Баттөр хүү нь хожмоо 23 настайдаа докторын зэрэг хамгаалж Монголын хамгийн залуу эрдэмтэн болсон юм. Ш.Баттөр доктор санаачлан аавынхаа уран бүтээлийн ном, цомгийг хэвлүүлэн 80 насны ойг нь урлаг, утга зохиол, хөгжмийн салбарын үе үеийн уран бүтээлчдийн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэснийг энд дурдах нь зүйтэй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад уран бүтээлийн эрхэм анд нөхөртөө цагаан хадаг барин золгож, 80 насны нь ой хүндэтгэл үзүүлэхдээ, ганц хоёр насаар ахын хувьд буурал зулайг нь үнэрлэн цаашид ихийг хийж бүтээгээрэй хэмээн ерөөсөн билээ л. “Улаанбаатар” их сургуулийн зөвлөх багш, доктор Ц.Эрдэнэбат хүндэтгэлийн үгэндээ дуун ухааны үүднээс хөгжмийн зохиолыг магнайн, хоолойн, цээж, хэвлийн хэмээн ялган авч үзэж ирснийг дурдсан. Дорно дахины энэ тогтсон тааллаар үзвэл Жамбалын Шараа бол магнайн баясгалант тэнүүн сайхан уянга, айзамт хөгжмийн зохиолж ажээ. Магнай тэнүүн уянгын эзэн эрхэм хөгжмийн зохиолч танаа зуу насалж зургаадай таяг тулахын ерөөл өргөмүү.