Нийгмийн эгэх хариуцлага (НЭХ)

Иргэд ардчиллынхаа үр жимсийг зөвхөн ганц өдөр болдог сонгуулиас гадна, сонгуулийн хооронд төр засгийн үйл ажиллагааг хянаж, алдаа гармагц засч, цэгцэлж байж л хүртдэг.

(МУИС-ийн оюутнуудад 2018.12.18-нд уншсан лекцийн товчлол)

Ардчилсан төр засаг, чөлөөт зах зээлийн нийлбэрээс улс үндэстний хөгжил цэцэглэл, ард иргэдийнх нь амьдралын түвшин хамаардаг. Ардчилсан төр засаг нь сайн Засгийн газар, хүчтэй удирдагч гэхээсээ илүү сайн засаглалтай байх шаардлагатай. 

Сайн засаглал гэдэг нь төр, засгийн үйл ажиллагаа нь ил тод (transparent), эгэх хариуцлагатай (accountable), хариуцлагатай (responsible, хамтдаа TAR) байхыг хэлдэг. Харин чөлөөт зах зээл гэдэг нь хувийн өмч баталгаажсан, үнийг төр засаг биш, зах зээл тогтоодог, чөлөөт өрсөлдөөнтэй байхыг хэлдэг. Монголд чөлөөт зах зээлийн тухай ярихаас хэтрэхгүй байна. 

Монголчууд компанийн сайн засаглал буюу хувийн хэвшил нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байх тухай нэлээн ярьдаг болжээ. Мөн нийтийн засаглал ил тод байх тухай чамгүй ярьж, сүүлийн үед замхарч байгаа төрийн байгууллага “шилэн данстай” байх тухай хууль хүртэл гарсан. 

Тэгвэл бидний хөгжил дэвшилд ихээхэн дутагдаж байгаа хүчин зүйл бол тэр эгэх хариуцлага (НЭХ) юм аа. НЭХ гэдэг нь яг юу болох, яагаад чухал, яаж хэрэгжүүлэх тухай монголчууд ярьж, хэлэлцэж эхлэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг.

Монголын хазгар ардчилал

Төрийн үйлчилгээг нийтийн үйлчлэгчид (төрийн ажиллагсад), улс төрчид нийтийн өмч, хөрөнгийг ашиглан иргэдэд хүргэдэг. Нийтийн хөрөнгө учраас энэ үйл ажиллагааны явц, үр дүнг шалгахад иргэд оролцох үйл явцыг нийгмийн эгэх хариуцлага (НЭХ) гэдэг.

НЭХ өгөөжтэй байхын тулд төр засаг хаалгаа нээлттэй байлгах, иргэд хянах үйл ажиллагаанд оролцохыг хүсэх ёстой. Ардчилсан сонгууль ба иргэдийн энэхүү оролцоо хоёр бол ардчиллын тулгуур багана. Манай улсад төр засгийн хаалга бүрэн нээлттэй биш, иргэд хянах үйл ажиллагаанд оролцохдоо хойрго байна. Тийм учраас төр иргэдийн хооронд харилцан итгэлцэл бий болохгүй байгаа юм.

Иргэд ардчиллынхаа үр жимсийг зөвхөн ганц өдөр болдог сонгуулиас гадна, сонгуулийн хооронд төр засгийн үйл ажиллагааг хянаж, алдаа гармагц засч, цэгцэлж байж л хүртдэг. НЭХ нь тайлагнах, хэлэлцэх, хариуцлага тооцох гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг (R. Mulgan, 2000). 

НЭХ хэрэгжихийн тулд төр засаг нь үйл ажиллагаагаа тайлагнадаг, иргэд тайланг нь хэлэлцдэг, нийтийн ажиллагсадтай хариуцлага тооцож чаддаг байхын тулд улс оронд дараах нөхцлүүд хангагдсан байх ёстой. 

Шаардлагатай нөхцлүүд

Зохион байгуулалттай, чадвартай иргэдийн бүлэг бий болж тодорхой төслүүдийг хэрэгжүүлдэг байх. 

Манай улсад иргэний нийгэм бүрдэж байгаа ч, санхүүжилт дутмаг учир нэр, гэрчилгээ, тамгатай төрийн бус байгууллага (ТББ) нь олон ч, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөхөн. Өөрийн ашиг сонирхолд нийцэж буй төрийн бус байгууллагуудад өргөсөн хандивыг ардчилал хөгжсөн орнуудад татвараас чөлөөлдөг бол, манайд чөлөөлдөггүй. Тийм учраас олон байгууллага гадаадаас санхүүжилт авахад хүрдэг. Нөгөө талаас ТББ-ууд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тэр бүр гаргахгүй байна.

Төр засгийн аль нэг байгууллага НЭХ-ыг хэрэгжүүлэх ажлыг манлайлах буюу хууль журам, үйл ажиллагаагаа энэ зорилгодоо нийцүүлсэн байх.

Энэ нь төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, иргэдийн эрхийг хамгаалах ажлаа нийтийн ажиллагсад чанартай, өгөөжтэй гүйцэтгэж байгаа эсэхээ иргэддээ тайлагнахыг хэлж байгаа юм. 

Өмнө нь зарим Засгийн газрын үед монголын яам, агентлагууд жилд нэг удаа нээлттэй хаалганы өдөр гэгдэх үйл ажиллагаа зохион байгуулж байсныг эс тооцвол аль ч албан газар иргэд очиж үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх талбар эдүгээ байхгүй. 

Аймаг, сумын төвүүдийн “удирдлагын ордон” бол уг нь нийтийн өргөө (town hall) байх, иргэд чөлөөтэй орж гардаг, дотроо номын сан, хурлын заал, цайны газар, үнэгүй интернэт холбоотой байвал НЭХ-ын зорилгод нийцнэ. 

Мөн улсын болон хот, аймаг, сум орон нутгийн төсвөө төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, дүгнэх мөчлөгт нийт иргэд хангалттай оролцох боломж бага байна. Иргэдийн татвар, нийтийн бусад хөрөнгөөс бүрддэг төсвийн гүйцэтгэл, төлөвлөгөөнд хөндлөнгийн хяналт хийхгүй байна. 

Агуулга, соёлын тохироо буюу улс төрийн ил тод байх, шударга байх соёл төлөвшсөн байх. 

Монгол улсад мэдээлэл авах, үг хэлэх, эвсэн нэгдэх эрх, эрх чөлөө иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон. Гэвч иргэд эдгээр эрхээ эдлэх тал дээр бас л хойрго ханддаг. Төр засгийн бүх түвшний удирдлагаас нийтийн эрх ашиг, өмч хөрөнгөд эрсдэл учруулж байгаа аливаа үйлдлийн тухай олж мэдсэн иргэн тухайн явдлыг дээд удирдлагадаа, эсвэл олон нийтэд мэдэгдэх (шүгэл үлээх) соёл монголд эхлэл төдий байна. Хууль журам хүн бүрт ижил тэгш үйлчлэхгүй л яваад байна. Төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан бол хууль хүчний байгууллага жирийн иргэдээс ялгаатай хандсаар.

Мэдээлэл хүртээмжтэй буюу нийтийн холбогдолтой бүх мэдээлэл үнэн зөв бөгөөд олдоцтой байх.

Нийтэд хамаатай бүх баримтуудад (data буюу өгөгдөл) мэргэжлийн хүмүүс үнэн зөв тайлбар өгсөн, бодитой дүгнэлт гаргадаг бол иргэдийн бүтээлч оролцоонд чухал нэмэртэй. Гэтэл одоо хүртэл 2016 оны сонгуулийн хандив, зардлын тайлан Сонгуулийн Ерөнхий хорооны вебсайтад тавигдахгүй байна. 

Харин иргэний хувийн мэдээллийг төр засаг өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглах эрхгүй тухай хууль журам гаргах шаардлагатай. Мэдээлэл хүртээмжтэй байх гэдэгт эх сурвалжтай танилцахаас гадна хэлбэр нь хэрэглэгчид ойлгомжтой байна гэсэн үг. 

Монгол улсын хөгжлийн өнөөгийн шатанд иргэд төр засгийнхаа үйл ажиллагаа, үр дүнг хянахад оролцох, төрийн ажилтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна.

2018.12.20