Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүй

Өнгөрсөн Пүрэв гарагт Умард Солонгосын цор ганц мэдээний агентлаг болох Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг тус улсын засгийн газрын цөмийн зэвсгийн талаарх байр суурийг дамжуулав. Уг мэдэгдэлд АНУ-ын цөмийн аюул заналхийлэл хэвээрээ байгаа цагт манай улс цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулна гэж шаардаж байгаа бол Умард, Өмнөдөөс гадна ойр зэргэлдээ нутаг дэвсгэр дэх цөмийн зэвсгээ зайлуулах ёстой гэжээ. Ямар нэгэн урьтач нөхцөл тавихыг хүлээж авахгүй гэдэг байр суурьтай Цагаан Ордонд Пхеньян ийм хариу барьчихлаа.

Зургадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө ажиллана гэж амласан боловч хагас жил тодорхой үр дүнд хүрсэнгүй. АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзсан гэдгээ нотолсон тохиолдолд хориг арга хэмжээгээ цуцална гэв. Харин Умард Солонгос АНУ-ыг хоригоо цуцалсан тохиолдолд дараагийн алхмаа хийнэ гэж мэдэгдэв. Аль аль тал нь байр суурин дээрээ хөдлөшгүй зогсож буй ийм нөхцөлд Трамп-Кимийн дараагийн уулзалт хэзээ, хаана болж ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна.

СNN телевизийн сэтгүүлч Умард Солонгосын ээлжит мэдэгдлийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогоос асуужээ. Помпео хариуд нь өнгөрсөн онтой харьцуулбал АНУ-Умард Солонгосын харилцаа сайжирсан гэдэг нь эргэлзээгүй биз дээ гэж хариулжээ.

Хэдийгээр 1953 онд Солонгосын дайныг гал зогсоох хэлэлцээрээр түр зогсоосон ч сөргөлдөгч талууд энхийн хэлэлцээр байгуулаагүй. Ялангуяа, Умард Солонгосын эрх баригчид АНУ-аас аюулгүй байдлын баталгаа шаарддаг. Аюулгүйн баталгаа гэдэг нь Өмнөд Солонгосоос Америк цэргүүдийг гаргах, АНУ-ын цөмийн зэвсгийг зайлуулах шаардлагууд юм. Америк цэргүүдийг Өмнөдийн нутаг дэвсгэрээс гаргах асуудлаар огт зөвшилцөхгүй гэдгээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Сингапурын уулзалтын дараа хэвлэлийн бага хурлын үеэр Доналд Трамп ч гэсэн Мүн Жэ Иний байр суурийг бататгасан юм. Тэрбээр Өмнөд Солонгосоос 28500 америк цэргийг эргүүлэн татах тухай огт ярихгүй гэв.

Солонгосын дайны дараа 1958 онд АНУ тактикийн цөмийн зэвсгээ Өмнөд Солонгост байрлуулжээ. 1960-аад онд АНУ-ын 950 гаруй тактикийн цөмийн зэвсэг Өмнөд Солонгост байсан гэж үздэг. Харин 1991 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.Буш гадаадын улс орнуудад байршуулсан АНУ-ын тактикийн цөмийн зэвсгүүдийг эргүүлэн татна гэж мэдэгдэж байжээ. Гэвч Өмнөд Солонгосоос Америкийн цөмийн зэвсгийг бүрэн эргүүлэн татсан эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Өнгөрсөн Пүрэв гарагт CNN телевизийн сурвалжлагч АНУ-ын батлан хамгаалах яамны албан тушаалтнаас Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байгаа эсэх талаар асуухад бид АНУ-ын цөмийн зэвсгийн байршлын талаар ярьж болохгүй гэж хариулсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)